Уншиж байна...

Уншиж байна...

Ж.Гомбожав:  Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий
Улс төр 

Ж.Гомбожав: Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага бий

Oyuk Oyuk
12 сарын 12, 2022

Ч.Ариун 

Ерөнхий сайдын зүгээс  өөрийн нам, УИХ болон улс төрийн хүрээн дэх нүүрсний хулгай, эрх ашгаар нэгдсэн “бүдүүн бүлэглэл”-тэй тэмцэж байна. Төв талбай дахь иргэдийн жагсаал, цуглаан ч өндрөө авч байна. Харин судлаач, ажиглагчдын зүгээс энэ байдлаас гарах гарц нь “ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” хийх цаг нь ирсэн хэмээж буй. Нэг үгээр хэлбэл, оношыг нь тогтоосон, эмчилгээг нь хэлчихсэн. 

Тэгэхдээ зарим нь 76-гийн тоог 99 болгох, эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай болгоё гэх мэт  хувилбарыг дэвшүүлээд байна. Тэгвэл тогтолцооны хувьд чухам үнэнийг Ардын их хурлын дэд дарга асан,  Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав хэдэн жилийн өмнөөс хэлж захиж байв. Түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудыг эргэн харж, эшлэн үзвээс өнөөдрийн байдлыг урьдчилж мэдээд анхааруулж байсан мэт. 

Тухайлбал, тэрбээр 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын  өмнө “...Төрийн эрх барьж буй энэ удаагийн Улсын Их Хурлаас ёс суртахууны доголдолтой, гэмт хэрэгт холбогдсон нэлээд хэдэн гишүүн байхад Үндсэн хуулийг оновчтой шинэчилнэ гэдэг боломжгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцлон тэмдэглэж байв. Мөн  “Үндсэн хуулийн 68 дугаар зүйлийн нэгд зааснаар “Хууль санаачлагчид болох Улсын Их Хурал, Засгийн газар нь Үндсэн хуулийн төслийн тухай саналыг эхлээд Үндсэн хуулийн цэцэд өргөн барих ёстой. Үндсэн хуулийн цэц эдгээр саналыг нь Улсын их хуралд өргөн барих эрхтэй” гэж заасан ч “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн төсөл”-ийг Үндсэн хуулийн цэцэд өргөн барилгүй МАН-ын төлөөлөгчид дур мэдэн УИХ-аар хэлэлцлээ” хэмээн шүүмжилж байсан билээ.

Өнгөрсөн хавар улс төрийн намуудын зүгээс Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулахыг улс төрийн намуудаас шаардаж, УИХ-ын даргад хандах үеэр  Ж.Гомбожав гуай тогтолцооны асуудлыг хөндөж байв. Тэрбээр хэлэхдээ “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид өөр, өөрийн санаа бодлыг хэлж байгаа. Миний хувьд өөрийн бодлыг л ярьж байгаа. Юуны өмнө дөрвөн зүйлийг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

                              

Нэгдүгээрт: 1992 оны Үндсэн хууль чадамжаа алдаагүй байгаа.

Хоёрдугаарт: Энэ хууль анхны бичилтээрээ /агуулгаараа/ өнгөрсөн 30 жилд хэрэгжиж чадсангүй.

Гуравдугаарт: 2019 оны нэмэлт, өөрчлөлтүүд нь үндсэндээ сонгогчдын хүсэн хүлээсэн, ард түмний эрх ашигт нийцсэн өөрчлөлт болж чадаагүй.

Дөрөвдүгээрт: УИХ дахь намын бүлгийн одоогийн үйл ажиллагаа нь УИХ дахь бүтцийн байгууллага гэхээсээ илүүтэй намынхаа удирдлагын шийдвэрийг үг дуугүй даган биелүүлдэг, тийм бүтэц болж хувирсан байна. Дээрээ хяналтгүй шахам болсон, дуртай зүйлээ хийдэг, дургүйгээ хийдэггүй нэг танхимтай парламентад зарим сул тал байгаа нь өнгөрсөн 30 жилд ажиглагдаж ирлээ.

Түрүүнд хэлсэн дөрвөн зүйл болоод саяын хэлсэнтэйгээ уялдуулж, төрийг удирдахад ард түмний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна гэж би үзэж байгаа юм. Гэхдээ одоогийн улс төрийн намуудын ярьж байгаа шиг парламентын 76 гишүүний тоог 99 эсвэл 108 болгон нэмэх бус харин хоёр танхимтай парламентыг бүрдүүлэх журмаар ард түмний төлөөллийг төрд нэмэх шаардлага бол бий болжээ гэж дүгнэж байна” гэсэн юм. Тогтолцоог өөрчлөх ямар үндэслэлүүд байгааг тэрбээр  11 зүйлд багцлан  хэлж байсан юм. Түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэе. 

1. Улсын төсвийг батлахад нэг танхимтай парламент үнэхээр учир дутагдалтай. Наад зах нь л  улсын хэмжээнд том бодлого хэрэгжүүлэх байтал 76 хүн өөрсдийн тойрог руу хувааж авч явчихаад байна. Тэр бүү хэл, УИХ-ын 76 гишүүн өөрийн төсөв мөнгөтэй болчихсон. Эндээс үзэхэд нэг танхим сул талтай гэдэг нь илүүтэй мэдрэгдэж байгаа. 

2. Сонгуулийн хуулиа яг сонгууль болохын өмнөхөн удаа дараа өөрчилж ирсэн. Энэ өөрчлөлтөөр эрх баригч нам нь болох гэж байгаа сонгуульд ахиу санал авч магадгүй гэсэн заалтуудыг үеийн үед шургуулдаг зуршил тогтсон.Тиймээс нэг танхимтай УИХ-ын чадамж сул байгаа юм.

3. Ерөнхий сайд болон УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас хараат бусаар ажиллахаар хуульд заасан хэсэг байгууллага бий. Хүмүүс мэдэх тул тэр болгоныг нэрлээд яах вэ. Тэдгээр байгууллагын удирдлагыг томилоход нэг танхимтай парламентын сул тал илт ажиглагдаж, тухайн  томилох албан тушаалтанд улс төр, эдийн засгийн бүлэглэлийн  нөлөө орж байгаа нь ихээхэн мэдрэгддэг. 

4. Нэг танхимтай УИХ-ын  боловсруулан баталж байгаа зарим хууль, тогтоомж нь Үндсэн хуулийг зөрчих, ард түмний олонхын эрх ашигт нийцэхгүй байх, эдийн засгийн болон улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалсан заалт шургуулах тохиолдлууд өнгөрсөн 30 жилд  олон удаа  гарсан.

5. Ер нь Үндсэн хууль дахь дутуу дулимаг зүйлүүдийг хэлэхээс илүүтэй Үндсэн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдож гарсан 600-гаад хуулийн бараг 400 нь ямар нэгэн зөрчилтэй хийгдсэн байгааг хэлэх нь зүйтэй. Тэр нь ялангуяа эдийн засгийн том салбаруудыг шийдвэрлэхэд илт харагддаг. Энэ талаараа нэг танхимтай парламент  манай орны хөгжилд саад тотгор учруулж байна. 

6. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, прокурор зэрэг шүүх, засаглалын байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Дээд танхим хяналт тавьдаг, удирдлагыг нь томилдог байвал одоогийнхоос хамаагүй илүү зарчимтай байна. Мэдээж хэнд хэрэг үүсгэх, ямар ял ногдуулахад оролцох ёсгүй. 

7. Өнөөдөр шүүх, засаглалын байгууллагуудын хуульд нь өөрчлөлт оруулах замаар төрийн бодлого, үйл ажиллагааг явуулах боломж байхад түүнийг ашиглаж чадахгүй байдал харагддаг.

8. Авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэнэ гэж олон жил ярьсан ч өнөөдөр шүүх авлигын хэрэгт гүнзгий холбогдсон учраас үүнийг өөрчилж чадахгүй байна. Уг нь энэ байдлыг  өөрчилье гэвэл Үндсэн хуулиар боломж нь нээлттэй. Тэр нь юу вэ гэвэл Үндсэн хуульд төрөлжсөн шүүх байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Тээврийн, батлан хамгаалахын гэх мэтчилэн шүүхүүд өмнө нь манайд ажиллаж байсан туршлага бий. Авлигатай тэмцэх газрын асуудлууд нарийн төвөгтэй, хууль эрх зүйн хувьд ч хүндрэлтэй тул тусгай шүүхүүд байгуулан энэ асуудлыг богино хугацаанд шийдэж болох байтал өнөөдрийн 500 гаруй шүүгчийн хэмжээнд яриад шийддэггүй.

9. Монгол Улсад шударга ёс тогтооё гэвэл шүүх, засаглалын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудал шийдэгдэнэ. 

10. Хоёр танхимтай парламенттай бол Доод танхимын гишүүдийн хэрэг зөрчил болон ёс суртахууны аливаа асуудлыг Дээд танхим шийдэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Доод танхимын гишүүдийг Дээд танхим нь эргүүлэн татдаг байна гэсэн үг. Намайг Ардын Их хурлын дарга байхад  хэд хэдэн депутат, Улсын Бага хурлын гишүүний  асуудал яригдаж ингэж шийдэгдэж байсан.

11. Өнөөдөр нэг танхимтай УИХ өндгөө дарсан шувуу шиг гишүүдээ хамгаалж хаацайлж байгаа нь нүдэн дээр ил тодорхой байгаа.

Энэ засгийн “зовлон” жинхнээсээ эхлэв үү?
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...