Уншиж байна...

Уншиж байна...

2023 оны улс төрийн зураг
Улс төр 

2023 оны улс төрийн зураг

Oyuk Oyuk
1 сарын 4, 2023

Ч.АРИУН  

Монголын улс төр дээд цэгтээ хүртэл халуурч, тэр нь иргэдийн жагсаалаар даамжран, улмаар “Өнгөт хувьсгал” руу халтирчихалгүй 2023 оны босгыг алхав. Хөгжлийн банкны хэрэг, Эрдэнэтийн 49 хувь, алдагдсан боломжууд, тэдгээрийг дагасан  авлига, албан тушаалын онц ноцтой гэм хэргүүд дээр оны сүүлчээр  “Нүүрсний хулгай” гэх 80 гаруй хүн холбогдсон томоохон гэмт хэрэг нэмэгдлээ.  Энэ бүхэнд дүгнэлт хийж, өнгөрсөн 30 жил явж ирсэн Үндсэн хуулиа шинэчлэн тогтолцоогоо өөрчилж,  дараагийн 30 жил рүүгээ орох, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлж улсаа хөгжүүлэх гээд олон асуудал яригдав. Мөн тогтолцооный тухайд Ерөнхийлөгчийн засаглал руу явах уу, парламентыг төгөлдөржүүлэх үү. УИХ-ын 76 гишүүний тоог нэмж хэлбэрийн өөрчлөлт хийгээд өнгөрөх үү гэсэн таавар бий болсон. Хоёр оны зааг дээр яригдсан эдгээр сэдвүүд 2023 онд хэрхэн өрнөх вэ, ямар байдлаар ажил хэрэг болох вэ гэдэг асуултууд бидний өмнө байна. Хэрхэх тухайд “хар зураг” гаргах гээд үзье. Мэдээж шийдвэр гаргах түвшинд бүх асуудлын түлхүүрийг атгаад сууж  буй төрийн гурван өндөрлөгөөс их зүйл хамаарна. Тэгвэл тэдний хоёр оны зааг дээрх торгон мөчид ард олонд өгсөн  гол месэж юу байв гээд үзвэл дээрх асуултуудын хариу тодорхой байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвуул дэдхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн ээдрээт үйл явдал, эдийн засгийн хүндрэл гэхчлэн хүнд цаг үед Монгол Улсаа бүрэн бүтэн авч яваа хөшүүрэг нь парламентын засаглалтай байгаагийн ач гавьяа болохыг дурджээ. Энэ бол хамгийн том месэж байв. Мөн  ийм үед эв нэгдэл хамгаас чухал болохыг онцлов. 

Ерөнхийлөгч “Парламентын засаглалыг сайжруулах хэрэгтэй” гэв 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх он солигдох мөчид хэлсэн үгэндээ “Улиран одож буй 2022 онд манай ард түмэн эх орныхоо байгалийн баялагт эзэн байх зүй ёсны шаардлагыг тавьсан. Залуу үе нийгэмд хариуцлага, шударга ёс тогтоохыг шаардсан. Ард түмнийхээ дуу хоолой, хүсэл зориг, санал шаардлагыг соргогоор мэдэрч ажил хэрэг болгох явдал нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Монголчууд бид одоогоос 30 гаруй жилийн өмнө ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хийж чадсан гайхамшигтай ард түмэн. Ардчилсан ололт, амжилтаа бататгана гэдэг бол алдаа, оноогоо байнга засаж, шинэчлэн сайжруулж байдаг тасралтгүй хөгжлийн үйл явц юм. Бидний сонгож авсан парламентын ардчилсан засаглал бол манай улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн баталгаа мөн. Иймээс улс орныхоо өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд парламентын засаглалыг улам боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Цаашид баялагтаа эзэн монгол байхын тулд стратегийн орд газрууд болон төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд ард түмний хяналтыг тогтоож, ил тод, нээлттэй болгох ёстой. Мөн ард иргэддээ байгалийн баялгийнхаа зохих хувийг эзэмшүүлж, үр ашгийг нь шууд хүртдэг байх хууль эрх зүйн орчныг Улсын Их Хурал, Засгийн газар нэн даруй бүрдүүлж, бодит ажил хэрэг болгох нь зүйтэй гэж үзэж байна. Хүн төрөлхтөн хүйтэн дайнаас хойших хамгийн ээдрээтэй цаг үеийг туулж байна. Энэ эгзэгтэй үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал зүйл бол үндэсний эв нэгдэл юм. “Хот айл муудалцахад холын дайсан баярладаг” гэж манай өвөг дээдэс сургаж ирсэн. Иймээс бид эвийг сахиж, зөвийг эрхэмлэх нь юу юунаас илүү чухал билээ. Бидний цөөхөн Монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай. “Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт, хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт” хэмээн Их Эзэн Чингис хаан сургасан билээ. Тиймээс Их эзэн хааныхаа үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, эрх чөлөө, тусгаар тогтнол, эв нэгдлээ хадгалан хамгаалж, талцаж биш эвлэж, зөрчилдөж биш зөвшилцөж, тарж биш нэгдэж амьдрах нь монголчуудын хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно” гэв. Төрийн тэргүүн мөн “Нийгэмд шударга ёс тогтоохын төлөө, баялагтаа эзэн монгол байхын төлөө сүүлийн жилүүдэд төр, засаг, ард түмэнтэйгээ хамтран олон тэмцэл хийсэн. Үүний үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Хөтөлийн цемент шохой”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа төр, ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авч, хулгай, луйврыг таслан зогсоосон бөгөөд хууль бусаар олгогдсон 938 лицензийг цуцалж, 33 газрыг улсын тусгай хамгаалалтад авч, заримыг нь дархан цаазат газар болгон дархалсан билээ. Мөн манай ард түмний баялаг болох Оюу толгойгоос хүртэх үр өгөөж, ноогдох ашгийг бас бодитойгоор нэмэгдүүлж чадлаа. Үүний нэгэн адилаар Тавантолгойн ордтой холбоотой хууль бус үйлдэлтэй тэмцэж байна" хэмээн тэмдэглэсэн. 

УИХ-ын дарга тогтолцоог өөрчлөхөө мэдэгдэв 

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс 2023 онд  тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгийг он солигдох мөчид тэмдэглэсэн.  Ингэхдээ эв нэгдэлтэй байж,  нийгмийн зөвшилцлийг хангаж, бугшмал асуудлуудаа даван туулах, алдаа дутагдлаа засаж, тогтолцооны шинэчлэл хийх, үнийн өсөлтийг зогсоох, экспорт, үйлдвэржилтийг идэвхжүүлэх зэрэг томоохон сорилтуудыг шийдэх жил байх болно гэдгийг онцолсон.  Энэ зорилгоор эдийн засаг, нийгэм, улс төр, засаглалын реформ хийх Шинэ сэргэлт-Эрх зүйн шинэчлэлийн хөтөлбөрийг УИХ-аас дэвшүүлж ажиллана. Нийгэмд нэгэнт үүссэн бухимдал, ард олны тавьж буй шударга ёсны шаардлагыг биелүүлэх нь ирэх оны хамгийн чухал зорилт байх болно гэдгийг илэрхийлэв. 


Л.Оюун-Эрдэнэ: Шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг анхаарал татсан. Тэгэх чучиртай. Энэ бүх ажил гүйцэтгэх засаглалын нуруун дээрх ачаа учраас түүнийг хөтөлж, урагш зүтгүүлж, зүглүүлж чиглүүлж яваа хүний уг чухал байлгүй яах вэ. Тэрбээр “Монгол Улс өнгөрсөн 30 жилийн ололтоо хадгалж, алдаагаа засаж, шинэ 30 жилийг зөв эхлүүлж, ардчилсан парламентын засаглалаа төгөлдөржүүлж, орлогын тэгш бус байдлыг арилгаж, уул уурхай дагасан далд эдийн засгийг цэгцлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар тууштай тэмцсээр байна. Одож буй 2022 он бол цар тахлын болон олон улсын геополитикийн хямралт байдлыг даван туулж, эдийн засгаа тогтворжуулахад бүхэлдээ чиглэгдлээ. Харин 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох торгон заагт нийт монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна. Ирэх онд Шинэ сэргэлтийн бодлогоо улам эрчимжүүлсэн жил байх болно. Хилийн боомтууд бүрэн нээгдэж, иргэд, аж ахуйн нэгжүүд энгийн амьдралдаа эргэн шилжиж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт шийдвэрлэгдэж, экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн жил байх болно. 2023 оны эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалт идэвхжин сэргэх болно. 2023 онд нийслэлийн нийтийн тээврийг 100 хувь шийдэж, Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, Хөшигийн хөндийд баригдаж шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх болно. 2023 онд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлж, Амгалангийн дулааны цахилгаан станц, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орж, эрчээ алдсан эрчим хүчний салбар эргэн сэргэх болно” хэмээн хэлсэн билээ.

Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд нэр дэвшигчдийн жагсаалтыг танилцууллаа
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...