Уншиж байна...

Уншиж байна...

Гахай чирж явсан Ш.Сайхансамбуу, Х.Баттулга нар улс төрд ганзага нийлж болохгүй гэж үү?
Улс төр 

Гахай чирж явсан Ш.Сайхансамбуу, Х.Баттулга нар улс төрд ганзага нийлж болохгүй гэж үү?

Oyuk Oyuk
1 сарын 4, 2023

Монгол Улсад өнөөдөр Дээд шүүхэд бүртгэлтэй 36 улс төрийн нам бий. Хамгийн сүүлд Ц.Оюунгэрэлийн Иргэдийн оролцооны нам /ИОНН/ бүртгүүлснээр одоогоор хамгийн отгон нам болж буй. Үүнээс нэг нам, тодруулбал жагсаалтын 13-т бичигддэг МҮАН оны өмнөхөн намаа татан буулгаж, АН-тай нэгтгэх хүсэлтийг Дээд шүүхэд хүргүүлжээ. Гэвч бичиг баримтын бүрдэл хангаагүй хэмээн буцаасан байна. Нэгэнт намаа татан буулгасан л бол цаашид тарсанд тооцох биз.

Бас нэг хачирхалтай үзэгдэл бол жагсаалтын наймд бичигддэг Монголын Либерал нам нэрээ сольж Ардчилсан Монгол Ялна нам болгох хүсэлт өгчээ. Мөн л бүрдүүлэх ёстой  бичиг баримтын шаардлага хангаагүй хэмээн буцаажээ. Ардчилсан Монгол Ялна гэх нэрийн ард Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг байгаа гэж улс төрийн хүрээнийхэн ярьж, бичдэг. Үнэн ч биз. Түүний Ерөнхийлөгчид нэр дэвшихээс эхлээд бүрэн эрхээ хэрэгжүүлсэн дөрвөн жилийн хугацаанд “Монгол Ялна” гэх сонгуулийн уриа нь лоозон болж үндэсний үзэл бүхий залуусын цөсийг хөөргөж, оноо цуглуулж явсан. Одоо ч хөөрүү зарим нь сошиалд бичиж, сэвж л байдаг. 

Харин оюунлаг хэсгийнхэн Монгол ялна гэсэн хоосон лоозон, дэмий хөөс, хөөрөгдөл, төөрөгдөл байсныг ялгаж салгахтайгаа. Тиймээс ч шүүмжлэлтэй ханддаг. Монгол ялаагүйг бидний өнөөдрийн амьдрал бэлээхэн харуулж байна шүү дээ. Эсвэл Монгол Ялна нам байгуулаад одоо л  жинхнээс нь та нарыг ялуулна гээд гараад ирвэл бүгд итгээд дагаад намирах юм болов уу. 

Үүнээс гадна  Зон олны намын дарга Э.Одбаяраас ирүүлсэн “Намын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн цахим хуудаст тус намын электрон шуудангийн хаягуудыг алдаатай оруулсан, мөн намын дарга өөрчлөгдсөн талаар тус намын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Монгол Улсын дээд шүүхийн 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст байршуулаагүй байгаа нь тус тус тогтоогдсон тул алдааг залруулахаар тогтжээ. Э.Одбаяр бол АН-ын дарга С.Эрдэнийн хүү, улс төрд идэвхтэй явж буй залуусын нэг. Тэгэхээр үзэл баримтлал нь ч АН-тай нэг чиглэлд, аав, хүүгийн нам учир бараг л цусан төрлийн холбоотой гэсэн үг. 

Ийнхүү нэр солих, татан буулгах хүсэлт өгсөн  дээрх гурван намаас гадна  36, 37 дахь  намууд мэндлэхээр Дээд шүүхийн босгыг дэрлэн дуншиж байна. Тухайлбал, Ардын чуулган намыг шинээр үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Ш.Сайхансамбуугийн хүсэлт  нь бичиг баримт бүрдүүлэх шаардлагыг хангаагүй тул  буцаасан гэж Дээд шүүхийн өчигдрийн мэдээлэлд дурджээ. Монголын анхны бизнесмэнүүдийн нэг, Нарантуул ОУХТ-ийн эзэн, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн хувьд өмнө нь “Үнэн ба Зөв” намын ар дахь нууц эзэн гэж хэсэгтээ яригдсан. 

Тус намыг байгуулсан нь үнэн, эсэхийг мэдэхгүй. Өөрөө бол Ц.Отгонбаатар гэж залууг шударга ёсны төлөө явж буй залуу хүн юм болов уу гээд дэмжсэн. Нам байгуулахад нь дэм болж, хөрөнгө мөнгөөр ч тусалсан хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулсан байдаг. Харин өөрөө нам байгуулахаар Дээд шүүхийн босгонд хэдэнтээ бүдрээд байна. Бүдрээд байгаа юм уу, зориуд өвдөг шороодуулаад ч байгаа юм уу, хэн мэдлээ. Ер нь бол нам байгуулна гэдэг мөнгөтэй, хүчтэй, нэр нөлөөтэй хүний л зориглох ажил байх. Түүнээс хоосон, явган, нүцгэн нэгэнд санаа байгаад сачий нь хүрэхгүй биз. Аливаа ажил хөрөнгө оруулалттай байж л урагшилдаг, байхгүй бол тардаг, бутардаг, дампуурдаг. 

Тэгэхээр нам санхүүжүүлэх бүү хэл, Монголыг хэдэн жилдээ тэжээчих хур хөрөнгөтэй, Монголын толгой баячууд болох Х.Баттулга, Ш.Сайхансамбуу нар хоёр талд нам байгуулах гэж үйлээ үзэж явснаас бараг хамтраад нам байгуулчихвал болохоор харагдана. 

1990-ээд оны ардчилал, зах зээлийн үед гахай чирж, Хятад, Сингапур руу ганзага нийлүүлэн наймаанд явж, электрон бараа, CD тоглуулагч, хөгжим зөөж явсан хоёр одоо эргээд улстөрд дөрөө харшуулж яагаад болохгүй гэж. Намууд нэгдэж байхад, хүмүүс  ч гэсэн зүг, чиг нийлж  болноо доо... Эцэст нь Х.Баттулга Ерөнхий сайд, Ш.Сайхансамбуу нь Хотын дарга болж ч болно шүү дээ. Өөрсдөө тэгж мөрөөддөг юм байна лээ. Хийж чадна ч гэж ярьдаг юм байна лээ.

Улс төрд нөлөө бүхий зарим этгээдийн хамаарал бүхий этгээд төрд удирдах алба хашихгүй, зээлд хамрагдахгүй, тендер шалгаруулалтад оролцохгүй
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...