Уншиж байна...

Уншиж байна...

“Номын сан бидний орчин” PBL төслийг амжилттай хэрэгжүүллээ
Нийгэм 

“Номын сан бидний орчин” PBL төслийг амжилттай хэрэгжүүллээ

Oyukhaa Oyukhaa
5 сарын 1, 2025

Ю.ЖАРГАЛ

Нийслэлийн 51 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Н.Отгончимэг, дизайн технологийн багш Э.Батгэрэл, О.Батмагнай, 9г ангийн сурагчид “Номын сан бидний орчин” PBL төслийг амжилттай хэрэгжүүлж, өчигдөр нээлтээ хийлээ.  Хүүхэд төвтэй, тэдний хүсэл сонирхолд тулгуурлан мэдлэг чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Номын сан бидний орчин” PBL төслийн хүрээнд тус сургуулийн 9г ангийн сурагчид номын сангаа тохижуулан ном унших, хүүхэд хөгжих таатай орчныг бүрдүүлсэн байна. Нээлтийн үеэр Түүх, нийгмийн ухааны багш Н.Отгончимэгтэй ярилцлаа. 

-Хүүхдүүд өөрсдөө Номын сангаа тохижуулсан байна. Тэднийг ийм сайхан бүтээлч үйлсэд уриалж, үр дүн­гээ харах багш хүний бахархал байх. Энэ төслийг хэрэг­жүүлэх сэдэл хаанаас эхтэй бол?

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 22 багш, 10 хүүхэд  БНСУ-ын Dreamy ахлах сургууль дээр  3Р хөтөлбөрийн сургагч багш нарын сургалтад хамрагдсан юм. Энэ хөтөлбөрийн анхны монгол сургагч багш нар болсондоо баяртай байна. Солонгос улсын “Dreamy school”-ийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөр нь хүүхэд нэг бүрийн сонирхолд тулгуурлан “Мэдлэг, төлөвшил, хандлага”-ыг хөгжүүлэх цогц хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжсэн сургуулийн сурагчид цагийн үнэ цэнийг ойл­гож, зорилгоо тодорхойлон цагийг үр дүнтэй ашиглаж хандлагаа өөрчилснөөр мэдлэгээ тэлж, чадвараа ахиулах төдийгүй суралцахуй ба инновацын 4С чадвар, харилцаа, хамтран ажиллах, шүүмжлэлт сэтгэлгээ, бүтээлч байх чадварыг эзэмшдэгээрээ давуу талтай. Тиймээс л энэ бүх давуу талыг бид бий болгохыг зорьж, анхны төслөө амжилттай хэрэгжүүллээ. 

-Зургаан багийн бүтээл хоорондоо уялдаа холбоотой байгаа нь хамтран ажиллах, бүтээлч байх чадварыг төлөвшүүлэхэд илүү нөлөөлсөн болов уу?

-Тэгэлгүй яахав. Бүгд хоорондоо уялдаатай. Хамгийн чухал нь хэн нэгэнд зориулагдсан бүтээл бий болгох юм. Тухайн сэдвээсээ хамаараад хэдэн ч багт хуваагдах боломжтой. Энэ удаагийн “Номын сан бидний орчин” PBL төслийн хүрээнд хүүхдүүдээ зургаан багт хуваах шаардлагатай болсон. Хүүхдүүдэд номтой нөхөрлөхөд ямар хэрэгцээ шаардлага тулгарч байгаа талаар судалгаа хийж, тохь тухтай номын сангийн ийм сайхан орчин бүрдүүлсэн манай зургаан баг буюу Орчин дизайны, Номын, Дижитал номын, Санхүүгийн, Маркетингийн, Гарын авлага бүтээх багийнхнаараа бахархаж байна. Охид нь дэр, олбогоо технологийн хичээл дээр урлаж, хөвгүүд нь тавилгаа зү­сүүлээд өөрсдөө угсарч, 1300 номтой баялаг, бүтээлч но­мын сан бий болгоход 10 129 000 төгрөгийн хандив цуглуулсан сургуулийн захиргаа, багш ажилчид, нийт сурагч, эцэг эхчүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа.

-“Dreamy school”-ийн хэрэгжүүлдэг PBL, time managment хөтөлбөрийн анхны монгол сургагч багш нар гэсэн. Хэрэгжүүлсэн төслийнхөө сайн жишгийг бусад сургуульд ч бас түгээнэ гэсэн үг үү?

-Тийм. Энэ бол хөтөлбөрийн, сургагч багш нарын хам­гийн гол үүрэг нь. Манайд 2024 оноос Сонгинохайрхан дүүргийн Гэрэлт Ирээдүй сургууль, Баянгол дүүргийн ерөнхий боловсролын 40, 93, 113, 51, 47, Сэтгэмж сургуулиудад туршилтаар хэрэгжүүлж байна. Өнөөдөр, маргааш гээд хоёр өдөр тус хөтөлбөр хэрэгжсэн сургуулиудын тайлан, хөтөлбөрийн үр дүнг танилцуулах өдөрлөг Монголын хүүхдийн ордонд болно.  


Шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Б.Баярмаа: Практикт хэрэгжих боломжгүй заалтуудтай
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...