Уншиж байна...

Уншиж байна...

"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгууллаа
Эдийн засаг 

"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгууллаа

Oyukhaa Oyukhaa
5 сарын 19, 2025

Б.БОЛОР

"Монголын төмөр зам" 16 жилийн турш нүүрс тээвэрлэх гэрээ байгууллаа

Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт хоёр улсын хилийн зааг дээр /2025.05.14/ боллоо.

Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээнд гарын үсэг зурав. Гэрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК-ийн Ерөнхий захирал Ян Зэкүнь нар гарын үсэг зурав. О.Батчулуун захирал "Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг хийх түүхэн гэрээг байгууллаа.

16 жилийн турш энэ тээврийг тогтвортой хийснээр манай компани өнөөгийн үнэ цэнээр 2.5 тэрбум долларын ашиг олох боломжтой. Энэ бол түүхэн гэрээ. Анх удаа Монголын үндэсний компани ийм гэрээ байгуулав. Богинийн тээврийг авто замаар хийнэ. Төмөр замын шилжүүлэн ачих терминалаас нүүрсээ Ганцмод боомт хүртэл тээвэрлэх замыг богинын тээвэр гэдэг. Үүнийг оролцуулбал 3.7 тэрбум ам.долларын орлого олох боломжтой. Тээврийн үнийг жил бүр индексжүүлнэ. Нүүрсний үнэ өсвөл тээврийн үнэ дагаад өснө" гэв.

Зам тээврийн сайдын тушаалаар Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам компаниудыг нийлүүлэх үйл ажиллагаа үргэлжилж байна. Ингэснээр "Чайна энержи" компанид нүүрс тээвэрлэх боломж бүрджээ. Нүүрс тээврийн үнийг жил бүр индексжүүлнэ гэдэг нь үнээ зах зээлийн ханшаар тохирно  гэсэн юм. Мөн "Монголын төмөр зам" гэрээний үүргээ биелүүлэхэд шаардлагатай зүтгүүр болон вагон хангалттай бий гэв.    

22 сарын дараа ашиглалтад орох, Ганцмод боомт хүртэлх төмөр замаар дотоодын компани нүүрс тээвэрлэх боллоо.

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэнэ. 

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавх, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байна. 

Үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.


"Чанарт суурилсан шалгуурыг чухалчилна"
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...