
Динза Цондooлойгийн бүтээлийн уралдаан зарлагдлаа
Т.АНУ
Монголын гурван үеийн уншигчдын хайртай бүтээл, 20 жилийн түүхт, БСШУЯ-ны шилдэг хүүхдийн комик ном, National Geographic нийгэмлэгийн шинжлэх ухаанч, байгаль хамгаалагч гэх зэрэг Динза, Цондоолой, Цүндээлэй комик бүтээлийг гаргаж байна.
Монголын тэргүүлэх уран бүтээлч, яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолч, продюссер Динза Цондоолойгийн нэрэмжит “Бүтээлийн Мерч” уралдаан зарлагдлаа. Энэ уралдаан нь залуус, хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, уран бүтээлээрээ олонд танигдах боломжийг олгох зорилготой. Уралдааны шалгаруулалт ирэх сарын 18-нд болох юм байна.
Мерч бүтээгчийн нэг ширхэг бүтээлд 500 мянган төгрөгийн багц бүтээгдэхүүн өгөх бөгөөд долоон ширхэг бүтээгдэхүүн хувиргасан коллекц бүтээгчид “Динза Цондоолой” нэрийн 500 мянган төгрөгийн мерч багц болон “Новотел” буффет рестораны 500 мянган төгрөгийн эрхийн бичиг өгөх юм байна.
Харин 14 ширхэг бүтээгдэхүүн хувиргасан коллекц бүтээгч “Динза Цондоолой” нэрийн 500 мянган төгрөгийн мерч багц, “Новотел” буффет ресторанд 500 мянган төгрөгийн эрх байхаас гадна “Хужирт” рашаан сувилалд амрах нэг сая төгрөгийн эрхийн бичиг бүхий нийт хоёр сая төгрөгийн шагналтай.

С.Ариунаа: ӨСВӨР, ЗАЛУУ ҮЕИЙНХЭН Ч ЦҮНДЭЭЛЭЙ, ЦОНДООЛОЙ, ДИНЗАГААР ГОЁЖ БОЛНО
Ариунаа Сүри брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч
• Ирэх сарын 1-ний өдөр Динза, Цондоолой, Цүндээлэй комик ном маань нийт 2.3 сая хувь хэвлэгдэнэ. Энэ нь Монголын хэвлэмэл бүтээгдэхүүний салбарын дээд амжилтыг эвдсэн гэдгийг онцолж хэлмээр байна.
Цондоолой, Цүндээлэй, Динза комик номын зохиогчдын зүгээс энэхүү номыг уншиж өссөн, одоо уншиж байгаа уншигч хүүхэд, залуус болон тэдгээрийн аав ээж, гэр бүлийнхний хүрээнд “БҮТЭЭЛЧ МЕРЧ” уралдааныг зохион байгуулж байгаа.
Ариунаа-Сүри брэндийн зүгээс шүүгч бүрэлдэхүүнд нь оролцож байна. Манай брэндийн зүгээс хүүхэд, залуусынхаа бүтээлийг бүтээлч сэтгэх талаас нь илүү хөгжүүлэн оролцож байгаа.
Энэ уралдаанд хүүхэд, залуус өөрсдийн бүтээсэн “найз”-ыг цүнхний чимэг болгон өдөр тутамдаа ашигладаг болоосой гэж хүсэж байна. Бас оролцогчдыг идэвхтэй оролцохын зэрэгцээ зөвхөн бага насны хүүхдэд зориулсан бүтээл гэж туйлшралгүй өсвөр насны хүүхдүүд болоод оюутан залууст зориулсан хувцас загварын бүтээлээр өрсөлдөөсэй гэж бодож байгаа.
Олон улсад соёлын бүтээлээр дамжуулан сурталчилгаа хийж, бусад улс орнуудад таниулдагтай адил бид ч бас энэхүү бүтээлээр дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байгаа юм.
Жишээлбэл, солонгосчууд Пороро хүүхэлдэйгээр дамжуулан дэлхийд өөрийн орны бүтээгдэхүүнийг борлуулах зах зээлээ тэлсэн шүү дээ. Тиймээс бид Цондоолой, Цүндээлэй, Динза цувралыг 21 жилийн хугацаанд хүүхэд, залуусд хүргэж байна.

А.Дэлгэржаргал: ЭЕРЭГ ҮЛГЭР ДУУРИАЛ ҮЗҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮРД МАНАЙ УРАЛДААН НЭЭЛТТЭЙ
Маркетингийн “Ирмүүн” агентлаг, “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын үүсгэн байгуулагч, Динза, Цондоолой, Цүндээлэй комиксын зохиолч
• “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ болон “Ирмүүн” агентлаг хамтран зохион байгуулж байгаа мерч бүтээгдэхүүний тэмцээн маань хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бодит боломжийг бий болгох зорилготой. Энэ сарын 25-наас ирэх сарын 15-ныг хүртэл бүтээлийг Зайсан скүэрт байрлах Pop-up shop болон admin@dinza.mn хаягаар хүлээн авна.
Хүүхэд, өсвөр насныхан, оюутнууд, залуучууд бүтээлээрээ ялгарч, эерэг үлгэр дууриал үзүүлэх хүсэлтэй хүн бүрд манай уралдаан нээлттэй. Энэ удаагийн уралдаанд шалгарсан бүтээлүүдэд 0.7 хувийн мерчийн шагнал өгөхөөс гадна бүтээгдэхүүн борлуулалтын орлогын 2.1 хувийн урамшуулал олгоно.
Дашрамд дурдахад, “Ирмүүн” агентлаг маань 1999 онд байгуулагдсан Монголын анхны креатив агентлаг юм. Бид соёлын бүтээлч салбарыг хүүхэд, залуучуудад таниулах, тэдний оролцоогоор дамжуулан бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр зорьж байгаа юм.
Мөн манай Динза, Цондоолой, Цүндээлэй комикоос гаргаж буй бүтээгдэхүүнүүд маань дан ганц бага насны хүүхдэд гэлтгүй дунд, ахлах ангийн сурагч болон их сургуулийн оюутан залууст мөн зориулсан мерч бүтээгдэхүүнээ худалдаалж байна.
“Динза Цондоолойгийн аян найдвар” НҮТББ-аас мерч шагналт бүтээлүүдийг хүмүүнлэгийн буюу нийгмийн сайн үйлсэд зориулан, хүүхэд, залуучуудыг шагнан урамшуулдаг.



Уншиж байна...