
МИК: Ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх гэрээ байгуулав
Б.БОЛОР
Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь Монгол Улсад тогтвортой, ногоон орон сууцны санхүүжилтийг нэмэгдүүлэх, зорилтот зах зээлд чиглэсэн бондын зах зээлийг хөгжүүлэх зорилгоор техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Монголын Ипотекийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга, Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн Такаяама Ясүши нар гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан юм. Энэ гэрээ нь хоёр байгууллагын хооронд 2019 онд байгуулсан Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хийгдэж буй дараагийн томоохон алхам аж.
Ирэх сарын 1-нээс дараа оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хэрэгжих гэрээний хүрээнд тогтвортой хөгжлийн бодлого боловсруулах, зорилтот зах зээлд чиглэсэн бонд гаргах бэлтгэл хангах, дотоод чадавхи бэхжүүлэх, олон улсын стандартад нийцсэн шилжилтийн төлөвлөгөө боловсруулах, тогтвортой санхүүжилт, ногоон орон сууц, тайлагналын стандарт болон цахим шилжилтийн чиглэлээр сургалт хөтөлбөр хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар талууд харилцан тохирлоо.
Гэрээнд туссан хамтын ажиллагаа нь Азийн орон сууцны хоёрдогч зах зээлийн холбоо (ASMMA)-ны бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд хоёр байгууллага хоёул тус холбооны гишүүн юм.
Японы Орон сууц санхүүжилтийн агентлагийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн гишүүн Ясүши Такаяама “Японы Засгийн газрын орон сууц санхүүжилтийн агентлаг нь эрчим хүчний хэмнэлттэй, нийгмийн чиг баримжаатай орон сууцны зээлийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай” гэсэн юм. Тэрээр Монгол Улсад тогтвортой орон сууцны санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэхээс эхлээд, хоёр орны Засгийн газрын хоорондын гүүр болж, бодлого, санхүүжилтийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Тогтвортой орон сууцны шинэ технологийг нутагшуулах нь амаргүй байж болох ч бат бөх, урт хугацааны тууштай хамтын ажиллагаанд тулгуурласан нөхөрлөл амжилтад хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа мөн онцолж байв.
Энэ үеэр Монголын Ипотекийн Корпорацийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга “Энэхүү хамтын ажиллагааны гэрээ нь манай улсын ногоон барилга, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийн түвшинг ахиулах чухал, түүхэн ач холбогдолтой. Үүгээр дамжуулан манай барилгын салбарт ногоон стандарт нэвтэрч, барилгын чанар сайжран, хүртээмж нэмэгдэх төдийгүй дотоодын банк, санхүүгийн салбарт ногоон орон сууцны санхүүжилт, ногоон үнэт цаас шинээр нэвтрэх боломж бүрдэнэ” гэв. Мөн тэрээр цаашид МИК болон JHF-ийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, хоёр улсын хооронд итгэлцэлд суурилсан, амжилттай олон төсөл хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэлж байлаа.

Уншиж байна...