Уншиж байна...

Уншиж байна...

"Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол дарга нарын төсөв биш"
Улс төр 

"Төрийн мөнгө гэж байхгүй. Энэ бол дарга нарын төсөв биш"

Oyukhaa Oyukhaa
7 сарын 30, 2025

Б.БОЛОР

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 30-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН САНАЛЫГ ТУСГАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ

2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг Ерөнхий сайд онцлоод иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг үүрэг болгов. Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо.

Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг  иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг гэдгийг Ерөнхий сайд онцлоод ирэх наймдугаар сарын 1-нээс олон нийтийн хэлэлцүүлгийг хоёр долоо хоногийн хугацаанд зохион байгуулах, санал асуулгад иргэд, татвар төлөгчдийн оролцоог хангаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад анхаарууллаа.

Хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн орлого нэмэх, нийгмийн ач холбогдолтой төслийг төсвийн төсөлд тусгаж Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИД СХЕМИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙНЭ

Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн засварын ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

2025 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дулааны цахилгаан станцуудын үндсэн тоноглол болох 69 зуухнаас ажилд 24, бэлтгэлд 20 байгаа бөгөөд 25 зууханд засварын ажил хийгдэж байна. 49 турбогенератороос ажилд 23, бэлтгэлд 13 байгаа бөгөөд 13 турбогенераторт засварын ажил хийгдэж, системийн горим ажиллагаа хэвийн, төлөвлөгөөт засварын ажлууд графикийн дагуу хийгдэж байна.

Эрчим хүчний салбарын нийт 45 компанийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах үндсэн болон туслах тоноглолын их засвар, техник зохион байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын явц 50 хувийн гүйцэтгэлтэй байна.

Эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжиж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийг энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах, БНХАУ-аас шаардлагатай тохиолдолд чадал импортлох боломжийг бүрдүүлэх, 220 кВ-ын хуваарилах байгууламжийн барилга угсралтын ажлыг өвлийн ачаалал эхлэхээс өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын дулаан хангамжийн системд схемийн өөрчлөлт хийж “ДЦС-3” хангаж буй хүчин чадлаас 50 Гкал/ц-ыг нь “ДЦС-4”, “Амгалан дулааны станц”-д шилжүүлнэ. Эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай хийж дуусгахаар ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуралдааны үеэр “Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн л мөнгө гэж бий. Энэ бол дарга нарын төсөв биш. Монгол Улсын төсөв. Тиймээс төсвийн шинэчлэлийг, төсвийн зарлагын хэмнэлтийг, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэдээсээ асууж татвар төлөгчдөөсөө асууж санал авч байж шийдвэрлэнэ” гэв. Тэрээр лоббины төсөв гэдэг нэрээсээ салцгаая. Нийгэм өөрчлөгдөж байгааг мэдэрье. Энэ хуучин арга барил болоод жалга довны үзлээсээ салъя. Төсвийн үр ашиг, төсвийн шинэчлэл ярьж байгаад л бид үндсэн хуулийн шинэчлэл хийсэн. Тэгээд УИХ-ын гишүүдийн тоог нэмсэн. Мега төслүүдээ хэрэгжүүлдэг байя гэж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх үндэслэл болсон гэдгийг хатуухан санууллаа. 


Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...