Уншиж байна...

Уншиж байна...

Боловсролын салбарын “хөрөнгө оруулагч”
Нийгэм 

Боловсролын салбарын “хөрөнгө оруулагч”

Oyukhaa Oyukhaa
8 сарын 19, 2025

Д.ОЮУНЧИМЭГ

Зах зээлийн нийгэмд шилжихтэй зэрэгцэн монголчууд амьдралынхаа төлөө, илүү сайн сайхны төлөө хүний нутгийг зорьсон тэр л үед Солонгос улс руу ажиллах хүч болон явж эхэлсэн байдаг. Харин энэ үед гараа сунган тосож авах нэгэн байхад хатуу хахир хандах нь ч таарна. Энэ бүхнийг даван туулах боломжийг сайн санаат хүмүүс монголчуудад олгож байсныг дурсан ярих хүн ч цөөнгүй. 

СОЛОНГОС-МОНГОЛЫН БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭГ ЭХЛҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Энэ сарын 15 буюу өнгөрсөн баасан гарагт Солонгос-Монголын бизнес форум болсон юм. Эдийн засагтай холбоотой сэдэв болохоор сонирхоод очтол нам гүмхэн байх хийгээд бүр синхрон орчуулагагүй Солонгос хэлээр уулзалт, хэлэлцүүлэг болж байв. 

Хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт уналт, тодорхойлж чиглэсэн салбарын талаарх яриа хэлэлцээ өрнөх болов уу гэсэн хүлээлттэй очсон ч боловсролын салбарын хөрөнгө оруулалт гол сэдэв нь байсан юм. Өөрөөр хэлбэл, Солонгос улсын иргэн Юү Хэ Гын хүний нутагт ажиллаж амьдрахаар зорьж очсон монголчуудад гар сунган тусласан нь олон мянган хүний амьдрал, ирээдүйн замыг гэрэлтүүлсэн тухай яриа өрнөж байв. 

Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа гадаад ажилчдын хүүхдүүдийн боловсролын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг ноён Юү Хэ Гын анзаарсан гэдэг. Тэр дундаа монголчуудын хүүхдийг сургах боломжийг эрэлхийлсэн нь учиртай. Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүст нэлээд асуудал тулгардаг тухай монголчууд андахаа байсан даа. Үйлдвэрийн осол, хөдөлмөрийн хөлсөө авч чадахгүй байх гэх мэтчилэн тоочоод байж болох юм. Мэдээж ээж, аавыгаа дагаад гадаадад амьдрахаар явсан хүүхдүүдийн асуудал ч багтана. Солонгос дахь Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирал Юү Хэ Гын “Эхлээд хүнд байдалд орсон гадаад хүмүүст туслах зорилгоор ажиллаж байлаа. Хүний нутагт цалингаа авч чадахгүй байх нь амар зүйл биш. 1997 онд Солонгосын эдийн засгийн хямрал болж маш хүнд байдалд орж байсан. Гадаад, дотоод ялгалгүй хоол хүнсний асуудал тулгарч эхэлсэн. Тиймээс гадаад ажилчдад зориулж өдрийн хоол өгөх ажлыг зохион байгуулсан. Сөүлд эхлүүлсэн энэ ажил маань өргөжин дунд сургууль ажиллуулах нөхцөл болсон юм. Учир нь өдрийн хоол идэхээр ирж байгаа хүмүүс сүүлдээ хүүхдээ дагуулаад ирдэг болсон. Тэднийг хараад “Яагаад сургуульдаа яваагүй юм бэ” гэж асуухаар аав, ээж нь хууль бусаар ажиллаж байгаа учраас Солонгос сургуульд авдаггүй гэж хариулсан. Эндээс л сургууль байгуулах нь зөв гэсэн шийдэл гарсан юм шүү дээ. 

Өөрийн зүгээс юу хийж чадах вэ гэж нэлээд бодсоны эцэст сурах орчин бүрдүүлж, боловсролыг орхигдуулахгүй байхад чиглэсэн ажил хийхээр болсон” тухайгаа бидэнд ярив. 


МОНГОЛ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭЖ АЖИЛЛАСНААРАА БАХАРХДАГ

Сургууль байгуулах ч амаргүй байсан байх. Тэр дундаа Монгол хүүхдүүдэд зориулж сургууль байгуулна гэдэг санаачилгаа ажил хэрэг болгосон нь бахархмаар. Тухайн үед аав, ээжийгээ дагаад ирж байгаа хүүхдүүдийг хараад маш их сэтгэл нь өвдөж байсан гэдэг. Мэдээж хүний нутагт хууль бусаар ажиллаж амьдарч байгаа ч хүүхдүүдийн сурч боловсрох эрх хязгаарлагдаж болохгүй шүү дээ. Тэгээд ч амьдралаа авч явахын төлөө л тэдний аав, ээж ажиллаж байгаа. Нөгөөтээгүүр санасан даруйдаа сургууль байгуулчихгүй л дээ. Нэлээд ярилцаж бас шийдэл хайж байсан аж. Ингээд эхний ээлжинд хүүхдүүдэд сурах орчныг бий болгоё гээд эхнэртэйгээ хамт эхлүүлжээ. Эхлээд хүүхдүүдэд Солонгос үсэг зааж өгсөн. Түүнтэйгээ зэрэгцээд дуу заана. Энэ ажлаа тууштай үргэлжлүүлсээр 1999 оноос өдгөөг хүртэл тасралтгүй ажилласаар 2000 гаруй хүүхдийг сургаж бас төгсгөсөн байна. 

“26 жилийн өмнө хүүхдүүдийг хаана байрлуулж хичээл заах вэ. Өдөрт ямар хоол хүнс өгөх вэ гэхээс гадна хичээлийн агуулгаа ч сайтар бодож, төлөвлөх шаардлага тулгарч байсан. Энэ урт хугацааны дараа эргээд харахад бид Монгол хүүхдүүдийн ирээдүйн төлөө хичээж ажилласнаараа бахархмаар санагдаж байна. Мэдээж цаашид илүү хичээж ажиллах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгуулж байгаа” хэмээн Солонгос дахь Монгол сургуулийн захирал И Ган Э хэлэв.

Тэд Монгол Улсын төлөө юу хийж чадах вэ гэдэг гараан дээр ирсэн тул энэ удаагийн форумыг төгсөгчдийнхөө дунд зохион байгуулсан аж. Манай сургуулиар дамжин суралцсан, төгссөн сурагчдынхаа хүчийг нэгтгэснээр дэлхийн олон салбарт амжилт, бүтээл гаргах боломж бий гэж харсан. Өөрөөр хэлбэл, төгсөгчдөө нэгтгэн бизнес нэгдлийг бий болгоод, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тодорхой алхамуудыг далайцтайгаар хийхээр зорьжээ. 

Энэ уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж илүү өргөн хүрээг хамран ажиллах зорилго тавьж байгаа юм. Тэгэхээр цэцэг ургуулахын тулд усалгаа сайн байх хэрэгтэй гэдэгтэй адил бид Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулахын тулд энэ удаагийн форумыг зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, бидний хамтын ажиллагаа төгсөгчдийн маань нэгдэл хоёр улсын харилцаанд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна.

"ХАН-МОНГОЛЫН БИЗНЕСИЙН СҮЛЖЭЭ"-НИЙ ЭХЛЭЛ

1999 онд Солонгост Монгол сургууль байгуулагдсанаас хойш тус сургуулийг 2000 гаруй хүүхэд суралцаж бас төгсжээ. Өнгөрсөн жил сургуулийн удирдлагууд Монголд гурван удаа айлчилж, тэр болгондоо Монголоор аялан сургуулийнхаа төгсөгчидтэй уулзаж байсан нь хэзээ ч мартагдахгүй сайхан дурсамжуудынх нь нэг гэдгийг ноён Юү Хэ Гын хэлэв. Тэрээр өнгөрсөн жил Улаанбаатар хотын төвөөс 430 км-ийн зайд оршдог болохоор солонгосчууд бараг очдоггүй Хархорин хотод очжээ. Тэнд таньдаг хэн нэгэнтэй уулзана гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэтэл сургуулийнхаа төгсөгчидтэй тааралдсан нь үгээр хэлэмгүй тийм л баяр бахдалыг төрүүлж байснаа дурсан ярив. Тэд Сөүл дэх Монгол сургуульд сурч байсан дурсамжаа нандигнан санаж, бүгдээрээ баярласан сэтгэлээ илэрхийлж байсан нь хэзээ ч мартагдахгүй гэдгийг ч хэлж байлаа. 

Энэ бүхэн сургуулийн сурагч байсан хүүхдүүд өдгөө эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хамтран ажиллах нөөц боломж гэдгийг тэндээс мэдэрсэн аж. Тиймээс л төгсөгчдөө нэгтгэн хамтын ажиллагаа эхлүүлэхээр зориг шулуудан энэхүү форумыг эхлүүлж буй ажээ. Төгсөгчдөдөө амьдралдаа амжилтанд хүрэхэд нь туслах зорилгоор "Амжилтын төсөл"-ийг эхлүүлэхээр шийдсэн Юү Хэ Гын онцлон тэмдэглэсэн юм. Ингээд Солонгос дахь Монгол сургуулийн төгсөгчдөд зориулсан "Хан-Монголын бизнесийн сүлжээ" амжилттай хэрэгжиж эхэлж буй. Энэхүү арга хэмжээнд бидэнтэй нэгдэж, бизнестээ амжилт гаргахад нь тусалсан та бүхэнд гүнээ талархаж байна. Энэхүү арга хэмжээ нь бизнес эрхлэгчид болон манай төгсөгчдөд туршлага, алсын хараагаа хуваалцах, бизнесийн практик хамтын ажиллагааны боломжийг судлах платформ болно гэж найдаж байгаа хурлыг зохион байгуулагчид хэлж байлаа. 

Энэ жил анх удаа нээлтээ хийж буй "Солонгос-Монголын бизнесийн сүлжээ" нь эхний шатандаа бага байж болох ч цаашид улам өргөжүүлэхээр төлөвлөж байгааг энэ дашрамд уламжилъя. Урт хугацаанд бид Солонгос-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны үлгэр жишээг бий болгож, түүгээрээ дамжуулан Хойд Солонгост нэвтэрч, эдийн засаг, улс төрд эерэгээр нөлөөлнө гэдэгт тэд эргэлзэхгүй байна лээ. 

Солонгосын хойгт энх тайвны эдийн засгийн загвар бий болгож, түүнийг нэгтгэхэд хувь нэмрээ оруулахын тулд хамтын ажиллагаа төгсөгч бүрийн оролцоо нэн чухал гэдгийг форумд оролцогчдод захиж хэлсэн Юү Хэ Гыний үгээр өндөрлүүлье. 

Хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд найман тэрбумыг нэмж зарцуулна
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...