
Дампуурсан тогтолцоонд шинэчлэл хэрэгтэй
Д.ОЮУНЧИМЭГ
Дэлхий нийтийг хамарсан цар тахал хуримтлалгүй монголчуудыг халамжид дулдуйдаж амьдарч болохгүйг хатуухан сануулж байна. Гэхдээ энэ нь ахмадуудад хамаагүй гэчихвэл “долоосон” болохгүй байх. Учир нь манай улсын тэтгэврийн тогтолцоо нь дэлхийн улс орнуудтай харьцуулахад хоцрогдсон систем гэхэд хилсдэхгүй. Тиймээс тэтгэврийн реформ хийх хөдөлгөөн өрнөж буй. Тэгвэл бидэнд тэтгэврийн шинэчлэлийг хийх хөрс суурь бий юу. Хэдий хугацаанд өөрчилж чадах вэ. Тогтолцоог өөрчлөх хууль эрх зүйн орчин ямар байна гээд олон асуулт урган гарна. Хамгийн гол хэзээ эхлэх вэ гэдэг чухал.
САНАЛ НЭГ БАЙНА. ГЭХДЭЭ ...
Манай ахмадууд “Бүх насаараа төрд зүтгэлээ” хэмээн бахархдаг. Гэхдээ тэд тэтгэвэрт гарахдаа “амьдралын баталгаагүй” болдог нь нууц биш. Энэ нь дийлэнх хүнд сэтгэлзүйн хүнд дарамт болдог аж. Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Энхтуяа улсад 25 жил тасралтгүй ажилласан. Бүх насаараа олны хүүхдэд эрдэм зааж байснаараа тэрээр бахархдаг. Гэвч одоогийн амьдралдаа туйлын сэтгэл дундуур байдгаа ярьж байна.
Тэрээр өдгөө 340.000 /гурван зуун дөчин мянган/ төгрөгийн тэтгэвэр авдаг. Охин болоод зээ хүүгийн хамт амьдардаг. Охин нь хөгжлийн бэрхшээлтэй учир асран хамгаалагчийн мөнгийг сар бүр авдаг байна. Тэр өрхийн сарын орлого 500 мянга орчим төгрөг. Тэрээр “Охин бид хоёр сар бүр уудаг эмээ авна. Зээ охиныхоо хичээлд нь хэрэгтэй дэвтэр, үзэг бал гээд бас зардал гарах юм. Би бүх насаараа багш хийсэн хэрнээ тэтгэвэрт гараад гундуухан амьдарна гэж санасангүй” хэмээн харуусангуй ярьж байв.
Энэ бол ахмадуудад тохиолддог нийтлэг бэрхшээл. Тэд бүх насаараа хөдөлмөрлөчихөөд эцэст нь хоногийн хоолоо өлмөн зөлмөн идэх төдийхөн амьдарна гэж төсөөлөөгүй. Тиймээс л тэтгэврийн шинэчлэл зайлшгүй тулгамдсан асуудал хэмээн үзэж буй юм.
Мэдээж “УИХ, Засгийн газар тэтгэврийн шинэчлэл хийхтэй санал нэг байгаа. Олон тулгуурт тогтолцоог хөгжүүлнэ. Хувийн тэтгэврийн сантай байна” гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулан баталсан тухай УИХ-ын гишүүн С.Чинзориг ярьж байна. Тогтолцооны өөрчлөлтийг хийхийн тулд УИХ-ын гишүүд санаачлах нь зохимжгүй. Харин салбарын яам, мэргэжилтнүүд оруулж танилцуулах нь зөв гэдэг байр суурьтай байгаагаа тэрээр онцолж байлаа.
Өөрөөр хэлбэл, зөвхөн хувийн тэтгэврийн сангийн тухай ярихаас илүүтэй цогцоор нь харж өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурийг тэрээр илэрхийлж байна. Гэхдээ Хувийн тэтгэврийн сангийн хууль тэтгэврийн шинэчлэлийн эхний алхам учраас салгаж ойлгож болохгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Хуваарилалтаас хуримтлал руу шилжих, ганц тулгуураас олон тулгууртай болохын тулд зайлшгүй хийх алхам нь хувийн тэтгэврийн сан гэдгийг “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлэв.
БҮҮ АЙ... 4 ХУВЬ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА
Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлд зааснаар “хуримтлалын тогтолцоонд шилжихтэй холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлсэн нөхцөлд түүнтэй уялдаатайгаар нийт даатгуулагчийн төлөх шимтгэлийг 7.5, ажил олгогч 11.5 хувиар тогтооно” гэж заасан байна. Түүнчлэн тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын дөрвөн хувийг тусгай дансанд төвлөрүүлнэ гэжээ.
Тусгай санд хуримтлуулах “дөрвөн хувь” хүмүүсийн гар дээр очих мөнгийг багасгах вий гэх болгоомжлол нийтийн дунд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг давж гарсан Сингапурын жишээ байна. Сингапур тэтгэврийн шинэчлэлээрээ Азид тэргүүлдэг. Тус улсын Тэтгэврийн төв сандаа төлөх шимтгэлийг нэмэгдүүлэх алхмыг хэрэгжүүлэхийг зорьсон тухайгаа Ли Куан Ю “Сингапурын хөгжлийн нууц” номдоо бичсэн байдаг.
Тэрээр тэтгэврийн санд хуримтлуулах мөнгийг бага багаар нэмэгдүүлэхийн сацуу хүмүүсийн гар дээр очих ажлын хөлсийг ч өсгөх талд анхаарч ажилласан байна. Эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгарч байсан ч ард түмнийхээ амьдралын баталгаа, ирээдүйн төлөө хийх нь зайлшгүй гэж үзсэн Сингапурын удирдагч аажим, аажмаар тэтгэврийн тогтолцоогоо өөрчилж чадсан аж.
Хамгийн гол нь сингапурчуудын хэрэгжүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн бодлого хүн бүрийг ажилдаа хамгийн өндөр бүтээл, амжилт гаргах хүсэлтэй болгосон гэдэг. Санхүүгийн тогтвортой байдал, тэнцэлтэй төсөв, нам татварын ачаар асар их хөрөнгө оруулалт татаж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлсэн байна. Мөн хүмүүс цалингийнхаа 40 хувьтай тэнцэх хуримтлалыг тэтгэврийн санд заавал байршуулдаг бөгөөд орлогоосоо сайн дураараа нэмэлт хуримтлал үүсгэн “Пост оффис сэйвинс” банкинд хийдэг байжээ.
Ингэснээр Засгийн газар нь зам, гүүр, нисэх онгоцны буудал, чингэлгийн боомт, цахилгаан станц, нөөц усны сан, метро зэрэг дэд бүтцийн төслүүдээ байгуулсан аж. Үрэлгэн зардлаас зайлсхийж, инфляцийг нам төвшинд барьж чадсаны үр дүнд гаднаас зээл авах хэрэгцээ ч гараагүй хэмээн Ли Куан Ю дурдатгалдаа бичжээ.
ХУВААРИЛАЛТААС ХУРИМТЛАЛ РУУ
Тэтгэврийн реформ хийснээр нэг тулгуурт тогтолцоог олон тулгуурт болгох. Нөгөөтэйгүүр хуваарилалтын тогтолцооноос хуримтлал руу шилжих ёстой. Өнөөдрийн байдлаар монголчууд нийгмийн даатгалын санд тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлж тэндээс тэтгэвэр, тэтгэмж авдаг. Тэгэхээр үүнийг төрийн үзүүлэх үйлчилгээнээс гадна өөр бие даасан тулгууртай байх ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарсны дараа улсаас тогтоосон тэтгэвэрээ авахын зэрэгцээ хувийн даатгалаасаа ч мөн мөнгө авах боломж бүрдэнэ хэмээн “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга ярьсан юм.
Тэтгэврийн хуримтлалыг гурван эх үүсвэр дээр үүсгэдэг жишээ гадны улс оронд бий. Тухайлбал, Сингапур анх энгийн хуримтлалын сан хэлбэрээр Тэтгэврийн төв санг байгуулжээ. Ийнхүү хуримтлуулсан мөнгөө 55 нас хүрмэгцээ эргүүлж авах боломжтой. Гэхдээ үүнийг хангалтгүй хэмээн тухайн үеийн удирдагч Ли Куан Ю үзсэн байна. Тиймээс ажилтан бүрийг оронсууцжуулах хөтөлбөртэй тэтгэврийн тогтолцоог холбож өргөжүүлэхээр болсон гэдэг. Энэ нь ч үр дүнгээ өгч.
Манай улсын хувьд тэтгэврийн тогтолцоог зайлшгүй шинэчлэх шаардлага тулгарсан. Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгчдөж байгаа энэ цаг үед хүмүүс мөнгийг “хоосон цаас” мэт үнэгүйдэх болж хэмээн халагладаг.
Тэгвэл тэтгэвэр өндөр авах боломж нь даатгал сууриас хөрөнгө оруулалт хэлбэрээр хуримтлуулж болно. Өөрөөр хэлбэл, иргэд хувийн тэтгэврийн санд хуримтлуулсан мөнгөө хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан өсгөх боломжтой гэсэн үг.
Олон тулгуурт тэтгэврийн тогтолцооны хамгийн чухал оролцогч бол хувийн тэтгэврийн сангууд. Энэ сангууд болоод хөрөнгө оруулагчдад тавих шаардлага, хөрөнгө оруулалтын бодлого, үйл ажиллагааны зохицуулалтыг нарийн гаргаж өгөх шаардлагатай юм. Үүнийг хуулиар зохицуулна. Тиймээс хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ хэмээн эдийн засагчид хэлж байгаа. Түүнчлэн хувийн тэтгэврийн хуримтлал бүрдүүлэгчийн эрх ашгийг хамгаалах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төлбөрийн чадварыг хангах эрх зүйн зохицуулалттай болох юм.
Иргэн ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын хангалттай эх үүсвэртэй болох боломж бүрдэнэ. Үүний зэрэгцээ санхүү, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх. Урт хугацааны сан бий болох. Хувийн тэтгэврийн сангууд бий болсноор санхүүгийн салбарт шинээр ажлын байр бий болох олон талын ач холбогдолтой юм.
Түүнчлэн хуримтлал суурьтай тэтгэврийн тогтолцоонд хоёр давуу тал бий. Нэгдүгээрт, тухайн тэтгэврийн сангийн хуримтлалд хүү, өгөөж бодогдоно. Хоёрдугаарт, өвлөгдөж үлдэнэ. Энэ нь тухайн хүний ар гэр, үр хүүхдэд нь амьдралын ирээдүйн баталгаа болж өгдөг. Манай улс 1995 онд тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ Тэтгэврийн нэрийн данс үүсгэсэн ч үүнийгээ хэрэгжүүлээгүй хэмээн эдийн засагчид шүүмжилж байна.
ТЭТГЭВЭР ДААТГАЛ МӨН ҮҮ
Тэтгэвэр өөрөө даатгалын бүтээгдэхүүн мөн үү гэвэл үгүй. Учир нь манай улсын хуульд тухайн хүнийг хэзээ тэтгэвэрт гарахыг заасан байдаг. Хүн хэдэн настайдаа тэтгэвэрт гарахаа мэддэг. Хэрэв гэнэт тэтгэвэрт гарах шийдвэр гаргадаг байсан бол даатгалын бүтээгдэхүүн байж болох юм байна. Тэгэхээр даатгал, хувийн тэтгэврийн сан хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй.
Манай улсын Нийгмийн даатгалын сан нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн гэсэн таван даатгалын сангаас бүрддэг. Даатгал нь эрсдэлтэй уялдан үүсдэг бөгөөд эрүүл мэндийн асуудал, хөдөлмөрийн чадвараа түр алдах зэрэг урьдчилан тооцоолох боломжгүй эрсдэлийг даадаг. Тэтгэврийнхээс бусад сан эрсдэл дээр тулгуурласан даатгалын бүтээгдэхүүн учир бүгд ашигтай ажиллаж байгаа. Харин тэтгэврийн даатгалын бүтээгдэхүүн хамгийн их буюу 24 хувийн шимтгэлээс 17-г нь авдаг атлаа алдагдалтай ажилладаг тухай эдийн засагчид ярьж байна.
Тэтгэврийн шинэчлэлийг төөрөгдүүлэхгүйн тулд нийгмийн даатгалын сангийн ашигтай ажилладаг дөрвөн сантай андуурах хэрэггүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.
Манай тэтгэврийн тогтолцоо нь төлсөн бүх шимтгэлээ улсад тушаадаг нэг тулгуурт систем юм. Энэ тогтолцоог дампуурсан гэж үзэж болно. Учир нь тус сан сүүлийн долоон жил алдагдалтай ажилласан. Хувийн бизнестэй зүйрлэвэл ийм хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа компани аль хэдийнэ дампуурсан байгаа. Төөрөгдсөн ойлголтоо залруулахгүй шинэчлэлээс бэргээд байх нь энэ цаг үеийн асуудал биш.
Учир нь дампуурсан тогтолцооны уршгийг хөдөлмөрийн зах зээл үүрэх эрсдэлтэй. Бүр тодруулбал, өндөр насалсан ч тэтгэврээ авахын тулд хүмүүс ажиллахаас өөр сонголтгүй болно гэсэн үг. Тиймээс тэтгэврийн тогтолцоог гурван тулгуурт болгох хэрэгтэй бөгөөд үүнийг төрөөс хуулиараа олгох ёстой хэмээн үзэж буйгаа Тэтгэврийн реформ хөдөлгөөнийхөн сануулж байгаа.
ШИЛЖИЛТ... ШИНЭЧЛЭЛ...
25 жилийн өмнө шилжсэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцооны гажиг 2012 оноос мэдэгдэж эхэлсэн. Хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн сангийн хөрөнгө хүрэлцэхгүй, жил бүрийн төсвөөс 500 гаруй тэрбумын татаас авсаар өдийг хүрэв. Үүгээр зогсохгүй тэтгэврийн хэмжээ бага байгаагаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь одоогийн тогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсныг илтгэж буй.
Тиймээс одоогийн тогтолцоогоор явахад байдал улам хүндэрнэ хэмээн анхааруулж байгаа. “Одоо хоёр залуу хүн нэг ахмад настны тэтгэврийг дааж байгаа бол цаашдаа нэг залуу нэг хүнийхийг төлдөг болно.
Тэгэхээр тухайн үед хүмүүс одоогийнхоос даруй нэг дахин бага тэтгэвэр авна. Эсвэл нийт орлогынхоо 70 хувийг тэтгэврийн даатгалын шимтгэлд төлнө гэсэн үг. Одоогийн тогтолцоо үүгээрээ аюултай” гэж “Ард лайф” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга ярьж байна.
...Сингапурт Тэтгэврийн төв сан дахь хуримтлалаа хөрөнгө оруулалтын зориулалтаар чөлөөтэй ашиглахыг, тухайлбал, хувийн, арилжааны, аж үйлдвэрийн үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, алт, хөрөнгө оруулалтын сан зэрэгт хөрөнгө оруулахыг зөвшөөрөв. Түүнчлэн, хэрэв хөрөнгө оруулалтаас олсон ашиг нь тэтгэврийн сан дахь хуримтлалд нь бодох хүүнээс давж гарвал илүү гарсан орлогоо сангаасаа гаргаж авах боломжийг бүрдүүлжээ.
Нөгөөтэйгүүр, сангийн эзэн хуримтлалаа бүгдийг нь тавиад туучихаас хамгаалах зохицуулалтыг ч мөн хийж өглөө. Ингээд 1997 он гэхэд тэтгэврийн төв сангийн 1.5 сая гишүүн Сингапурын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг нэр хүндтэй томоохон компаниудын хувьцаа, үнэт цаасанд хөрөнгө оруулсан байжээ.
Сингапурын Тэтгэврийн төв сангийн гишүүдийн тоо 1965 онд 420 мянга байсан бол 1998 онд 2.8 сая болж тэдний хуримтлалын хэмжээ нийт 85 тэрбум сингапур доллар болсон байжээ. Өөрөөр хэлбэл, ажил хийж буй хүн болгон тэтгэврийн хуримтлалын сантай болсон байна. Нас барсных нь дараа тухайн хүний тэтгэврийн төв сан дахь хуримтлалыг талийгаачийн бичиж үлдээсэн гэрээслэлийн дагуу, шүүхэд хандан цаг барж, бичиг цаасанд дарагдахгүйгээр шуурхай гаргуулж авдаг юм байна.
Манай улсын тэтгэврийн тогтолцоо “Та ямар ч ажил хийж, хэчнээн өндөр шимтгэл төлсөн ч ядуу амьдар” гэж байгаагаас ялгаагүй.
Харин гурван тулгуурт системд шилжсэнээр тодорхой хэмжээний тэтгэмж авах, компани болон хувь хүн өөрөө хувийн тэтгэврийн санд давхар хуримтлал үүсгэж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Энэ хамгийн чухал нь.
Нөгөөтэйгүүр, Хувийн тэтгэврийн сангийн өгөөж их байх нь улс төрд ч нөлөөтэй. Учир нь тухайн өгөөжийг би хэн нэг улстөрчөөс үл хамааран хүртэх болно.
Одоо бидний авах тэтгэвэр тэднээс хамааралтай байгаа тул хүмүүс улс төрд хэт их оролцож байна. Харин улс төрөөс хамааралгүй хуримтлал үүсгээд, амьдрал нь тогтвортой болбол улс төрд одоогийнх шиг оролцоод байх шаардлагагүй болно. Санал худалдах явдал ч тэр хэмжээгээр буурна. Улстөрчид зөв бодлого, сайн зохицуулалт ярихаас бус тэтгэвэр, халамж нэмнэ, үнэгүй мөнгө тараана гэх мэт утгагүй амлалт өгөхөө болино. Тэтгэврийн шинэчлэл энэ мэтчилэн олон салбарт эерэг өөрчлөлт авчрах ажээ.

Уншиж байна...