Уншиж байна...

Уншиж байна...

Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээл олгож эхэллээ
Эдийн засаг 

Ажлын байрыг дэмжих хоёр их наядын зээл олгож эхэллээ

Oyuk Oyuk
3 сарын 9, 2021

Сангийн яам, Монголбанк, Хөдөө аж ахуйн яамтай хамтран “10 их наядын төлөвлөгөө”-ний талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн хүрээнд ажлын байрыг дэмжих хүрээнд хоёр их наяд төгрөгийн зээлийг маргааш буюу гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлж олгохоор болсныг дуулгав. Түүнчлэн хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл болон мөнгөний нийлүүлэлт, инфляци, эх үүсвэрийн талаарх мэдээллийг өгсөн юм.  

Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний эхний санхүүжилт маргаашнаас эхлэх гэж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн үйлчилгээ өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна. Мөн төлөвлөгөөнд дурдагдсан бусад төрлийн санхүүжилт хэвийн үргэлжилж байгаа. Төлөвлөгөөний хүрээнд олгогдох ажлыг байрыг дэмжих зээл нь гурван жилийн хугацаатай, гурван хувийн хүүтэй байхаас гадна шаардлагатай бол төрөөс зээлийн батлан даалтыг 60 хувь хүртэл нь гаргана” гэлээ. 

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө нь зургаан чиглэлээр явна. Салбар тус бүрд харъяалагдах яамд хариуцах юм байна. Сангийн яам нь мөнгөний бодлогын орчинд тохируулан ажиллах болно. Үүний тулд Монголбанктай хамтран ажиллах бөгөөд судалгаанд үндэслэн эдийн засгийн идэвхжүүлэлтийн улмаас макро сөрөг тэнцвэр алдагдахгүй байхад анхаарч буй. Тухайлбал, мөнгөний болон ханшийн бодлогын тэнцвэрийг алдагдуулахгүй байх. Түүнчлэн инфляцийг тогтвортой байлгах зорилтот бодлогын хүрээнд хяналтдаа байлгахаар судалгаа хийсэн аж. 

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдан арилжааны банкин дээр төвлөрсөн сул эх үүсвэрүүдийг дайчлах замаар эдийн засгаа идэвхжүүлэх боломжуудыг судлан Засгийн газрын Зээлийн батлан даалтын сангаар болон төсвөөс зээлийн хүүгийн хөнгөлөлтийг дамжуулан  хоёр их наяд төгрөгийн зээлийг ажлыг байрыг дэмжихээр шийдвэрлэсэн. Үүнд Төвбанк голлох үүргийг гүйцэтгэн хяналт тавьж ажиллах юм.

Ингэхдээ зээлийн гол нөхцөл нь НӨАТ төлөгч байх учиртай. Хэрэв одоогоор бүртгүүлж амжаагүй бол бүртгүүлэх шаардлагатай. Зээлийн эх үүсвэрийн талаарх мэдээлэл хүрснээс хойш арилжааны банкуудад нэлээдгүй хүсэлт ирсэн байгааг мөн энэ үеэр дуулгасан. Тиймээс ирсэн хүсэлтүүдийг дахин судлахын сацуу зээл олголтыг эхлүүлэх аж. 

Түүнчлэн энэ удаагийн хөнгөлөлттэй зээлд бичил болон өрхийн бизнес эрхэлдэг иргэд хамрагдах боломжтой болжээ. Учир нь өмнө нь хөнгөлөлттэй зээл олгох явцад хувиараа бизнес эрхлэгчид хоцордог байсан явдлыг тооцоолон иргэдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн байна. Ялангуяа цар тахлын улмаас хөл хорионд орсон жижиг бизнес эрхлэгчдийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилго тавьжээ. 

Ийнхүү бичил бизнес эрхлэгчдэд зээл олгохтой холбоотойгоор хэд хэдэн банк дээр зах зээлийн судалгаа хийсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан “Бизнес эрхэлдэг. Орлого олдог. Өрх гэрээ тэжээдэг. Багадаа 1-2 ажлын байр бий болгодог. Цалин олгодог жижиг бизнесийнхэндээ зээл олгоно. Харин хэрэглээний зээл олгохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй” хэмээн сануулсан юм.

Судалгаагаар иргэдийн зээлийн 80-90 хувь нь бизнес эрхлэх чиглэлээр 50 сая хүртэлх төгрөгийн зээл авдаг гэж гарсан. Тиймээс энэ хүрээнд гурван хувийн хүүтэйгээр зээл олгохоор шийдвэрлэсэн. Мэдээж зээлийн хүүний зөрүүг төрөөс гаргаж байгаа. Одоо ирсэн байгаа хүсэлт болон зах зээлийн бодит эрэлтийн даацаар нь тооцоолбол 500-600 тэрбум төгрөг, 20-25 мянган иргэд хамрагдахаар хүлээлт байна. 

Аж ахуйн нэгжүүдийн хувьд 500 сая төгрөг хүртэл, шаардлагатай бол Зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэл хувийн батлан даалт гаргуулан зээлд хамрагдаж боломжтой. 

Энэ жил эдийн засгаа идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих дэмжих санхүүжилт гаргах мөнгөний болон төсвийн бодлогын орон зай бий гэдгийг мэдээллийн үеэр онцоллоо. 



ЖДҮ-д олгох хоёр их наядын зээлийн хүүгийн зөрүүг төр даана
"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...