
Ч.Дашсүрэн: Санхүүгийн хэрэглэгч болсноос хойшхи хугацааны мэдээллийг онооны системээр дүгнэх нь илүү оновчтой
Д.ОЮУНЧИМЭГ
-Цар тахал монголчуудыг ч тойрсонгүй. Сүүлийн хоёр жил корона вирусийн халдварын тархалттай холбоотойгоор эдийн засагт олон өөрчлөлт гарч байна. Ялангуяа санхүүгийн салбарт Мэргэжлийн зах зээлийн тоглогчийн хувьд энэ жилийн онцлогийг хэрхэн тодорхойлох вэ?
-Санхүүгийн зах зээл дэх бизнес нь харилцагчдаас хамааралтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс харилцагчдад хүрч үйлчлэх арга зам нь янз бүр байж болно. Тухайлбал, корона вирусийн тархалтаас өмнө харилцагч зайлшгүй байгууллага дээр очиж зээлийн хүсэлтээ гаргах, гэх мэт өөрийн биеэр үйлчлүүлэх шаардлага үүсдэг байсан.
Харин одоо бол аль болох цахимаар санхүүгийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлэх шаардлага тулгарч байна. Мэдээж арилжааны банкуудын хувьд цахим орчныг нэлээдгүй хугацаанд ашигласан. Тодруулбал, төлбөр тооцоо хийх. Орлого, зарлагын гүйлгээ, данс шалгах төвшинд ажилладаг байсан. Харин одоо онлайнаар зээлийн хүсэлт авах зэргээр үйлчилгээний цар хүрээ нэмэгдэж байна. Тэгэхээр техник технологийн дэвшлийг ашиглан үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага үүсч байна гэсэн үг.
Мөн манай салбарт финтек буюу технологийн дэвшлийг ашиглан санхүүгийн үйлчилгээг хүргэж эхэлсэн. Тухайлбал, одоогоор санхүүгийн зах зээл дээр 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 10 гаруй нь финтекд суурилсан бүтээгдэхүүн үйчилгээг санал болгож, үйл ажиллагаа явуулж байна. Харин манай байгууллагын хувьд олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг 2020 онд нэвтрүүлсэн, мөн онлайнаар зээл олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа хийж байна.
Нэг талдаа ковидоос үүдсэн сөрөг тал байгаа ч нөгөөтэйгүүр эерэг боломж ч бас бий. Хэдийгээр хувь хүн санхүүгийн үйлчилгээ авах нь тодорхой хэмжээгээр хумигдсан байж болох ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг газрууд нь зайнаас буюу онлайнаар ажиллах, хүсэлт авах, зээл олгох зэрэг үйлчилгээнүүдээ хэрэглэгчдэдээ хэрхэн хүргэх арга замыг эрэлхийлэн боломжийг бүрдүүлж байгаа. Энэ нь санхүүгийн хүртээмжийг олон нийтэд хүргэх давуу тал болох болов уу.
-Харилцагчийн хувьд финтекд суурилсан үйлчилгээг ашиглах нь хялбар боломж гэж харж байна. Гэхдээ санхүүгийн салбар нь зөвхөн банк, банк бусаар хязгаарлагдахгүй гэдгийг хүмүүс мэднэ. Гэсэн хэдий ч дээрх хоёрын ялгааг төдийлөн ойшоодоггүй мэт санагддаг. Таны бодлоор банк, банк бусын хоорондын ялгаа юу байж болох вэ?
-Санхүүгийн зах зээл дээр олон оролцогч бий. Тухайлбал, даатгал, хөрөнгийн зах, банк, банк бус, хадгаламж зээлийн хоршоо, гээд нэрлэж болно. Эдгээр нь бүгд санхүүгийн зах зээлийн хөгжилд өөр өөрийн оролцоо, үүрэгтэй. Арилжааны банкны хувьд үйл ажиллагаа нь Монголбанкны зохицуулалт, хяналтын хүрээнд явагддаг бол банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны болон даатгалын компанийг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Арилжааны банк бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөдөө тулгуурлан үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хадгаламж эзэмшигчийн мөнгө болон тодорхой хувийн өөрийн хөрөнгийн эх үүсвэрийг эргэлтийн хөрөнгө болгодог гэсэн үг. Хадгаламж зээлийн хоршоо бол гишүүдээ бүрдүүлэн тэдэнд үйлчлэх байдлаар хадгаламж татан зээлийн үйлчилгээ явуулдаг. Харин банк бус санхүүгийн байгуулага нь өөрийн хөрөнгөөр зээлийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг бага зэргийн хоорондын ялгаа бий.
Нийт санхүүгийн хэрэглэгчдэд хүрч байгаа хүртээмжийн тухайд арилжааны банк хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан олон бүтээгдэхүүнтэй. Тиймээс илүү давуу байдалтайгаар ажилладаг. Тухайлбал, урт хугацаатай зээл олгох гэх мэтчилэн нэрлэж болно. Түүний дараа банк бус санхүүгийн байгууллагууд харилцагчиддаа өргөн цар хүрээтэйгээр хүрч үйлчлэхийг зорьж байна., манай ББСБ-ын хувьд гадаадад байгаа монголчууддаа зориулсан үйлчилгээг түлхүү хүргэхээр хичээж байна. Бид олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг дэвшилтэт платформ ашиглан хүргэж эхэлсэн.
-“Гялс кредит” банк бус санхүүгийн байгууллага хэдийд үүсгэн байгуулагдсан юм бэ. Үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлвол?
-Манайх 2015 онд байгуулагдсан. Зээл, цахим төлбөр тооцоо, гадаад валют арилжаа, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн эрхтэйгээр үйл ажиллагаа эрхэлдэг. Sendly бол манай хамт олны сүүлийн 3-4 жилийн судалгааны үр дүнд бий болсон үйлчилгээ юм. Дэлхийн олон улс орнуудад хүмүүс очиж ажил хөдөлмөр эрхлэх, суралцах албан ёсоор ажиллах нь хэвийн үзэгдэл болсон. Манай улсын хувьд ч энэ зүй тогтлын дагуу гадаадад ажиллаж, амьдрах иргэдийн тоо ихэссэн. Ингээд 2020 оны тавдугаар сарын 7-нд АНУ-аас Монгол руу мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлснээр мөнгөн гуйвуулгын ажлаа эхлүүлсэн. Одоогоор 10 мянга гаруй хэрэглэгчтэй. Өнөөдрийн байдлаар дөрвөн сая ам.долларыг дамжуулжээ. Түүнээс гадна өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс эхлэн Монголоос АНУ руу мөнгөн гуйвуулга хийдэг болж байна. Учир нь монголчууд Америкаас бараа бүтээгдэхүүн худалдаж авахаас гадна төлбөр тооцоо шилжүүлэх шаардлага гардаг юм билээ. Тиймээс бид энэ гарцыг нь нээж өгсөн.
Өнөөдөр /2021.05.06/ Австралиас Монгол руу чиглэлтэй үйлчилгээгээ нээж байна. Үүний дараа Англи, БНСУ, Япон, Европын холбооны улсуудад үйлчилгээгээ нээхээр төлөвлөж байгаа.
-Мөнгөн гуйвуулга хийх шинэ аппликейшнийхээ талаар уншигчдад танилцуулбал?
-“Sendly” аппликейшнийг ашиглан гадаадад байгаа монголчууд өөрийн харилцах данснаас Монгол дах арилжааны банкны дансанд мөнгө шилжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Ингээд гадаадад байгаа 200 гаруй мянган монгол хүнд хүрч үйлчилгээ үзүүлэх ажлыг эхлүүлж эхний удаад мөнгөн гуйвуулгын программтай боллоо. Мэдээж орон зай, цаг хугацааг үл хамааран санхүүгийн үйлчилгээг цахим орчин ашиглан хүргэж болох боломжийг бид бүрдүүлсэн. Нэгэнт дэд бүтцээ бүрдүүлсэн учраас цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх вэ. Яаж илүү хүртээмжтэй ажиллах вэ гээд судалгаа, хөгжүүлэлтийн ажил хийгдэж байна.
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн хувьд эх орондоо өөрийн нэр дээр орон сууцтай болох нь одоогоор асуудалтай байгаа хэвээр. Энэ асуудлыг шийдвэрлэхэд бага ч атугай хувь нэмэр оруулахаар “Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд зориулсан “1HOME төсөл”-тэй хамтран ажиллаж байна. Энэ төсөл нь мэргэжлийн байгууллагууд оролцсон маш өргөн хүрээний төсөл юм. “Гялс кредит” ББСБ нь төслийн хүрээнд орон сууцны зээл олгох, Sendly аппликейшнээр дамжуулан зээлийн болон захиалгын төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлсэн.
Мөн бидний дараагийн онцлох үйлчилгээ бол гадаадад байгаа монголчууд сайн дурын нийгмийн даатгалыг Sendly аппликейшнээр дамжуулан төлж эхлээд байна. Цаашид бид гадаадад байгаа иргэддээ зориулан Монгол дахь онлайн дэлгүүрээс шууд худалдан авалт хийх, хувьцаа бонд зэрэг үнэт цаас худалдан авах зэрэг үйлчилгээг нэвтрүүлэхээр судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байна.
Ингээд зөвхөн гадаадад байгаа монголчуудад санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна дотоод зах зээл дээр хүртээмжээ нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Манай банк бус орон нутгийн 20 гаруй салбар нэгжтэй. Цар тахалтай цаг үед бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үүднээс бизнесийн зээлийн үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
-Орон сууцны зээл авах боломжтой болсон талаар та дурдлаа. Банк бус санхүүгийн байгууллага орон сууцны зээл олгоход тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-“1HOME төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллаж байгааг дээр дурдсан, “Гялс кредит” ББСБ-ын хувьд орон сууцны зээл олгох, Sendly үйлчилгээгээр дамжуулан зээлийн төлбөр, захиалгын төлбөр төлөх боломжийг бүрдүүлсэн. Төслийн хүрээнд харилцагч, зээлдэгчид сонголтыг нь олгож байгаа. Тодруулбал, бэлэн төлөлт хийж байраа худалдаж авч болно. Мөн урьдчилгаа төлбөр төлж манай банк бусын зээлийн нөхцөлийг ашиглаж болно. Түүнээс гадна захиалга өгч шинээр баригдах орон сууцнаас худалдаж авах боломж бий
Орон сууны зах зээл эрэлт, нийлүүлэлтээс хамааралтай. Орон сууцны зах зээл дээр 60 мянга орчим орон сууц худалдаалагдахад бэлэн болсон талаарх статистик мэдээлэл байна. 2020 оны байдлаар 100 мянган зээлдэгчид 4.9 их наяд төгрөгийн зээл олгожээ. Эндээс харвал хэрэгцээ байгаа учраас санхүүгийн эх үүсвэрийг нь шийдвэрлэх гарц бий болгох нь зүйтэй гээд моргейжийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Гэхдээ банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал эх үүсвэртэй учраас орон сууцны зээлийг хоёрдогч зах зээл дээр арилжааны нөхцөлтэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас хэлбэрээр гаргахаар “Home mortgage corporation” компанитай хамтран ажиллаж байгаа.
-“Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” энэ оныг “Хүртээмжтэй санхүүгийн жил” болгон зарласан юм билээ. Танай байгууллагын хувьд энэ чиглэлд түлхүү анхаарч ажиллаж байгаа нь анзаарагдлаа. Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүмүүсийн санхүүгийн сахилга бат нөлөөлдөг үү?
-Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд нэлээдгүй ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Аль ч салбарт бизнес эрхлэхэд эрсдэлийг нэн тэргүүнд тооцоолдог. Манай салбарын хувьд зээлдэгчийн санхүүгийн сахилга бат ямар байгааг чухалчилдаг л даа. Мэдээж барьцаа хөрөнгө, итгэлцэл гээд өөр хүчин зүйлүүд ч мөн зээл олгох эсэхэд нөлөөлнө.
Санхүүгийн сахилга бат гэдгийг зээлийн эргэн төлөлттэй холбож ойлгодог нийтлэг жишиг бий. Гэхдээ хуримтлал хийж хэвших нь ч санхүүгийн сахилга батын нэг илэрхийлэл юм шүү дээ. Манай улсын хувьд Зээлийн мэдээллийн санд тухайн зээлдэгчтэй холбоотой мэдээллээр санхүүгийн сахилга батыг нь тодорхойлдог. Харин гадаадад кредит оноогоор хэмжиж санхүүгийн сахилга батыг нь хардаг. Мэдээж тэр мэдээлэлд нь зээлийн эргэн төлөлт хэрхэн өөрчлөгдөж байгаа, авсан зээл, ашиглаж байгаа данс, утасны төлбөрөө хэрхэн төлж байгаа зэргээс хамаардаг. Мөн санхүүгийн үйлчилгээг ямар давтамжтайгаар авдаг вэ гэдгээс ч хамаарах нь бий.
Манай улсын хувьд санхүүгийн сахилга бат гэдгийг хоёр талтайгаар авч үзэх нь зүйтэй гэж хардаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийг санхүүгийн сахилга батад суралцахад бэлтгэх шаардлагатай. Зээлийн эргэн төлөлтөөс гадна хуримтлал хийж сурах нь санхүүгийн сахилга батад суралцахад шууд нөлөөлнө.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан Зээлийн мэдээллийн сангийн чанаргүй, хугацаа хэтэрсэн гэх мэтээр “хар”-аар бүртгэгдсэн мэдээллийг өөрчлөх ёстой гэдэг шаардлагыг хүмүүс тавьж байгаа. Энэ тухайд таны бодол?
-Зээлийн мэдээллийн сангийн хувьд Зээлийн мэдээллийн сангийн тухай хууль, журам, Монголбанк болон Сангийн сайдын баталсан Активыг ангилах, эрсдэлийн сан байгуулах тухай журмын дагуу явж байгаа. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн, хэвийн бус, эргэлзээтэй, анхаарал хандуулах зэрэг ангилал хийж байна. Санхүүгийн байгууллагын тухайд ангилалаас хамаарч эрсдэлийн сангаас гарах зардалаа тооцоолдог. Гэтэл нөгөө талд нь эдийн засгийн нөхцөл байдал хийгээд ажлын байргүй болох, бизнесийн орлого муудах зэрэг шалтгаанаар зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсэх нь тухайн зээлдэгчийн санхүүгийн сахилга баттай байх эсэхээс үл хамаарсан нөхцөл үүсч байгаа юм.. Магадгүй гадны орнууд шиг онооны зарчмыг ашиглах нь тухайн харилцагчийн санхүүгийн түүхэнд үндэслэдэг учраас бодитой байх боломжтой. Тодруулбал, санхүүгийн хэрэглэгч болсноос хойшхи хугацааны мэдээллийг онооны системээр дүгнэх нь илүү бодитой юмуу гэж л боддог. Зээлийн түүх нь тухайн хүний зээл хэрхэн төлсөн бэ гэхээс илүүтэй санхүүгийн үйлчилгээ авсан түүхтэй нь уялдуулах нь илүү оновчтой юм.
-Сүүлийн үед банк бусынхан хөрөнгийн зах зээлд гарах хандлага ажиглагдаж байна. Танайх хөрөнгийн захад гарах уу. Өөрөөр хэлбэл, нээлттэй компани болох уу?
-Банкинд суурилсан байдлаар санхүүгийн зах зээл хөгжсөн. Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хөгжих орон зай бий болж байгаа нь олзуурхууштай. Мэдээж оролцогч талуудын оролцоо зайлшгүй шаардлагатай юм. Манай компанийн тухайд санхүүгийн салбарт тодорхой хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан залуусаар баг бүрдүүлсэн.
Тиймээс санхүүгийн салбарын хоёр баганын хөгжлийг эн тэнцүүхэн төвшинд хүргэхийн тулд бидний оролцоо, дэмжлэг чухал байх болно гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх нь зөвхөн үнэт цаас гаргаад орхих төдийхнөөр харж болохгүй. Цаашилбал, даатгалын зах зээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Үүнийг санхүүгийн зах зээл дээр оролцогчид мэргэжлийн төвшинд ажилласнаар тодорхойлогдох юм.

Уншиж байна...