Уншиж байна...

Уншиж байна...

А.Алтансүх: Банк бус санхүүгийн салбарт ирээдүй их байна
Санхүүгийн гудамж 

А.Алтансүх: Банк бус санхүүгийн салбарт ирээдүй их байна

Oyukhaa Oyukhaa
6 сарын 22, 2021

Х.ЭРДЭНЭБУЛГАН

www.epress.mn мэдээллийн сайт “Санхүүгийн гудамж” булангийн энэ удаагийн зочноор “БИД” ББСБ-ын үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, МББСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн А.Алтансүхийг урилаа. 

-Санхүүгийн зах зээлийн салбарт ББСБ өөрийн орон зайг аль хэдийнэ бий болгосон. Сүүлийн 30 жилийн хугацааны санхүүгийн салбарын хөгжлийн явцад гарсан өөрчлөлт, дэвшлийн талаар ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн олон үйл явцын дунд өрнөж, хөгжиж, дэвшиж ирлээ. Тухай бүрт нь шийдлээ гаргаж, аль болох бичил, жижиг бизнес эрхлэгчдээ дэмжиж хамтарч ажиллах чиглэлийг баримталж ирсэн. 1995 онд Хадгаламж зээлийн хоршооны хууль батлагдсан. 1996 онд Ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулсантай холбогдуулан жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг байгуулсан. Энэ хүрээнд банкны зээлд хамрагдаж чадахгүй байгаа хэсэгт зориулсан үйлчилгээ нэвтрүүлэх шийдвэрийг төрөөс гаргасан байдаг юм. Мөн үүнтэй холбоотойгоор 1999 онд Монголбанк банк бус санхүүгийн салбарыг дэмжих зорилт дэвшүүлэн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөр гаргасан. Анхны банк бус санхүүгийн байгууллагыг Монголбанк зөвшөөрөл өгч гаргаж байлаа. 

Харамсалтай нь энэ хөтөлбөрүүдийн нэг нь ч өнөөдрийг хүртэлх хугацаанд банк бус санхүүгийн байгууллага хийгээд санхүүгийн салбарт бичил зээл гаргаж байгаа институцээр хэрэгжээгүй төдийгүй харин ч эсэргээрээ “мөнгө хүүлэгч” хэмээн цоллосоор ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ банкны хүрч чадахгүй байгаа тэр сегментэд хүрч үйлчлэх, бичил болон жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тэр дундаа гарааны бизнесийг дэмжих боломжийг бүрдүүлэхээр ажилладаг. 

Тухайн үед банкнаас зээл авч чадаагүй иргэд, бизнес эрхлэгчид хувь хүнээс өндөр хүүтэйгээр мөнгө зээлэх явдал байсан. Үүнээс улбаатайгаар айлган сүрдүүлэх, хууль бус шаардлага тавих зэрэг эрүүгийн хэрэг маргаан гарч байсан шүү дээ. Нөгөөтэйгүүр хувь хүн хоорондын зээлийн асуудлыг төр хяналтдаа авч зохицуулах ёстой. Мөн хянах, татвар хураамж авах хэрэгтэй болж ирсэн.

Монгол Улсын хэмжээнд төрийн хяналт дор банк бус санхүүгийн байгууллага 10 тусгай зөвшөөрөл бүхий санхүүгийн ажил үйлчилгээг эрхэлж байна. Санхүүгийн эх үүсвэр авах боломжгүй, банкны шаардлага хангахгүй байгаа тэр хэсэгт хүрч ажиллахыг зорьж ирсэн. Өнгөрсөн хугацаанд ББСБ-ын салбарт олон улсын болон дотоодын зөв хандлага, уриалга олныг хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд харилцагчийн хамгаалах зарчмууд, сайн засаглал, комплайнс, ногоон зээл, тогтвортой санхүүжилтийн гээд олон хөтөлбөрт ББСБ-ууд хамрагдан олон улсын жишигт хүрч ажиллаж байна. Өнөөдөр ажиллаж байгаа 538 ББСБ дотор сайн засаглалтай, харилцагчаа хамгаалдаг, хамтдаа хөгжиж дэвшиж байгаа нь олонхи хэдий ч саар муу явж байгаа нь ч бий.

Цаг үеэ даган финтек, онлайн интернет, технологийг ашиглан өөрчлөлт шинэчлэлийг хийсээр байна. Хиймэл оюун ухаан, зээлийн скоринг хийх, төлбөрийн хялбаршуулсан систем, хэрэгслүүд, үйлчилгээний апликейшнүүд, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх хөрөнгийн болон крипто валютын зах зээлд нэвтрэх шинэ, шинэ бүтээгдэхүүн гарган нэвтрүүлж эхлээд байна. Технологийн боломж нь  хэрэглэгчийн зан төлөвийг эрс өөрчилж санхүүгийн үйлчилгээ, түүний хүртээмж улам бүр орон зай цаг хязгааргүйгээр өргөжин тэлж байна. Мэдээж бизнесийн шаардлага нөхцөлүүд эрс өөрчлөгдөн ББСБ-ын явуулж буй үйл ажиллагаанууд шинэ шинэ орчин нөхцөлд хувиран өөрчлөгдөх, дагнан төрөлжих, улам нарийвчлан мэргэших хандлагууд гарч байна. Үүний дагаад хүү буурах, ажил үйлчилгээний зардал буурахаар байгаа юм.

-Технологийн дэвшлийг бүхий л салбарынхан нэвтрүүлэх хандлага давамгайлж байна. Тэр дундаа санхүүгийн салбарынхан түлхүү ашиглаж байх шиг. “БИД” банк бус санхүүгийн байгууллагын тухайд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал?

-“БИД” банк бус санхүүгийн байгууллагын хувьд 17 жилийн ажлын туршлагатай. Манайх технологи, финтек хөгжүүлэлтийг эрчимтэй нэвтрүүлэн ажиллаж байна. Шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн зэрэгцээ харилцагчиддаа БИД аппликейшнээр дамжуулан онлайнаар шугаман зээл авах, эргэн төлөлтөө хийх,  хуримтлал үүсгэх төлбөр тооцоогоо хийх эрх нээсэн. БИД АПП, БИД Пэй, БИД койн, БИД шоп гээд финтек болон виртуал хөрөнгийн олон хувилбараар үйлчилгээ үзүүлэхээр зорьж байгаа. “БИД”-ийнхэн Хөвсгөл, Эрдэнэт, Дархан, Улаанбаатар гээд нийтдээ 15 салбар, 90-ээд ажилтантай, 10 мянга гаруй харилцагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Бизнесийг дэмжих уриатай ажилладаг манай хамт олны зорилго нь хийж бүтээж, орлогоо нэмэгдүүлж байгаа харилцагчдын маань амьдралын үнэ цэнийг нэмэгдүүлэхэд оршдог. Тиймдээ ч бид хамгийн сайн нийгмийн хариуцлагатай хамт олон байхын төлөө зорьж ажилладаг.

Манай байгууллага нийгмийн хариуцлагын төвшинөөрөө олон улсаас В+ үнэлгээ авсан.  Энэ үнэлгээг Италийн Микрофинанза рейтинг гэдэг бичил санхүүгийн байгууллагын төвшинг тогтоодог байгууллагаас хийсэн. Ер нь бичил санхүүгийн салбар нь нийгмийн хариуцлагатайгаа нягт уялдаж ажиллах шаардлагатай. Учир нь банкны харилцагчидтай харьцуулахад энэхүү салбарын харилцагчид нь санхүүгийн мэдлэг, мэдээлэл хомс, барьцаа хөрөнгө хүрэлцээ муутай, үйл ажиллагаа нь тогтворжоогүй зэрэг олон шалтгаан бий. Гэсэн хэдий ч бид бичил болон гарааны бизнесийг бойжуулах, ашиг орлого олох боломжийг нь бүрдүүлэхэд анхаарч ирсэн. 

Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа ойлгомжтой, гэрээ нь ил тод байх, зээл өрийн дарамтад орохгүйгээр тухайн зээлдэгчийн бизнесийн орлогын цикл, хэрэгцээ, орлогод нь нийцсэн зээл өгөх учиртай. Олон улсын байгууллага ч энэ асуудалд илүү анхаарч ажигладаг. 

-10 жилийн өмнөхтэй харьцуулбал, банк бус санхүүгийн байгууллага банктай дүйцэхүйц хэмжээнд ажиллах боломж бүрджээ гэж дүгнэж болох уу. Учир нь танай салбарын зарим компаниуд хөрөнгийн зах зээлд гарч нээлттэй болоод ирэхээр хүмүүс эерэгээр хандах болсон нь анзаарагдаж байна?

-Тиймээ. Олон нийтэд нээлттэй болох процесс нь иргэд, аж ахуй нэгжүүд банк бус санхүүгийн байгууллагын үр ашгаас хүртэхээс эхлээд, байгууллагын бодлого стратеги, засаглалд оролцох улмаар тухайн бизнесийг ойлгож хүлээж авах, зөв эерэг ойлголт түгээхэд ихээхэн хувь нэмэртэй байгаа. Мэдээж байгууллагын хувьд засаглалаа сайжруулах, олон нийтийн зүгээс хөрөнгийн эх үүсвэрээ эрс нэмэгдүүлэх сайхан боломж. Хөрөнгийн чадвартай болсноор өндөр өртөгтэй шилдэг технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломж бүрдэж улмаар санхүүгийн хүртээмж, үйлчилгээний цар хүрээ улам бүр нэмэгдэнэ.

Энэ хэрээр нийгэм эерэгээр харж байна.  Банк бус санхүүгийн байгууллага нь банктай харьцуулахад маш бага хөрөнгийн эх үүсвэрээр олон хүнд санхүүгийн үйлчилгээгээ хүргэж чаддаг. Мөн банк бус санхүүгийн байгууллага нь банктай харьцуулахад бага бүтэц зохион байгуулалтаар ажилладаг, өндөр эрсдэл даах чадвартай тул технологид суурилсан шилжилтийг хялбар байдлаар шийдэх боломжтой. 

Мэдээж 10 жилийн хугацаанд ахиц дэвшил гарч байгаатай зэрэгцээд хүндрэлүүд ч бий. Санхүүгийн системд тулгамддаг асуудлын нэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Энэ нь 10 жилийн өмнөхөөс ч дор байдалд байгаа. Шүүх болон шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эрх зүйн орчин зээлдэгчийн талд таатай байдлаар өөрчлөгдсөнтэй холбоотой. Гэхдээ энэ нь зээлдэгч зээлдүүлэгч хоёрыг хоёуланг нь хохироодог. Нэгэнт мөнгө зээлсэн бол эцсийн дүндээ төлж л таардаг.

Гэтэл шүүхэд маргааныг гурван шатаар дамжуулан шилжүүлснээр цаг хугацаа алдаж, иргэнд төлөхгүй юм шиг хоосон итгэл төрүүлсээр эцэст нь хоёуланг нь хохироож л дуусдаг. Нөгөөтэйгүүр шүүхийн маргааны тоо жил ирэх тусам өссөөр байгаа. Энэ нь ачааллыг нэмэгдүүлж, маргаан шийдвэрлэх явцыг удаашруулах шалтгаан болж байна.

Банк бол хадгаламж эзэмшигчдийн мөнгийг нь гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Банк бус санхүүгийн байгууллагын тухайд итгэлцлээр татсан хөрөнгө, бусдаас зээлсэн мөнгөө цаг хугацаанд нь эргүүлэн төлөх үүрэгтэй. Гэтэл бид зургаан сарын хугацаатай зээл гаргачихаад эргэн төлөлт байхгүй учраас шүүхэд хандахаас аргагүй болно.

Харамсалтай нь шүүхийн шийдвэр гартал багадаа жил гаруй хугацаа өнгөрнө. Түүний дараагаар шийдвэр гүйцэтгэл хийгдэнэ. Энэ нь бас л урт хугацаа шаардана. Ойролцоогоор нэг маргааныг шийдвэрлүүлэхийн тулд дор хаяж хоёроос гурван жил зарцуулна. Гэтэл энэ хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү  тооцох боломжгүй. Тэгэхээр эх үүсвэрээр татсан мөнгөнийхөө үр ашгийг хүртэж чадахгүй байхаас гадна эрсдэлээ банк, банк бус санхүүгийн байгууллага өөрөө хүлээнэ. Үүнийг манай улсын хуулийн зохицуулалтын сул тал гэж болно.

Гадны орнуудын хувьд эдийн засаг, санхүүгийн харилцаа нь тусдаа эрх зүйн зохицуулалтаар явдаг. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг маргаантай адилтгадаггүй. Бизнесийн харилцаа гэж үздэг. Анхнаасаа хуулийн дагуу олгосон зээлийг маргалдах шаардлагагүйгээр төлөх учиртай. Үүнийг гурван шатны шүүхээр явж цаг хугацаа алдахын оронд бизнесийн эрх зүйн харилцаагаар тусгайлсан шүүх, шүүхийн шийдвэрээр гүйцэтгүүлэх ёстой юм.  

-Банк бус санхүүгийн байгууллагыг бизнесийн байгууллага гэж хардаггүй нь нийгэмд байгаа нийтлэг ойлголт. Учир нь хууль хяналтын байгууллагаас гарч байгаа шийдвэрүүд нь бизнес эрхлэгч гэхээс илүүтэй төрийн институци шиг харж, хандаж байх шиг ажиглагдсан. Тэгэхээр танай салбарынхан мэдээллээ дутуу хүргэж байна уу. Эсвэл...?

-Шүүх шударга шийдвэр гаргаж, хэн нэгнийг хохироохгүй байх учиртай. Харамсалтай нь банк, банк бусаас гаргасан маргааныг шийдвэрлэхдээ зээлдэгч, зээлдүүлэгч талыг хохироож байна. Цаг хугацааны уртад санхүүгийн байгууллага алдагдал хүлээнэ. Харин зээлдэгч этгээд төлөхгүй байх “бяцхан” горьдлого тээж санхүүгийн дарамтад орох нөхцөл бүрдэнэ. Шүүхийн процесс удаашрах нь бүх талыг хохироож байна шүү дээ. Хэдийгээр цаг хугацаа хожиж байгаа мэт боловч эцсийн шийдвэр нь маш тодорхой маргаан. Хуулийн дагуу өгсөн. Хариуцлагаа хүлээгээд төлөх нь үнэн. Өөрөөр хэлбэл, өгсөн нь авна, авсан нь төлөх үүрэгтэй.  Манай улс эдийн засгийн эргэлт муу байгаагийн гол үндэс нь хүмүүсийн санхүүгийн сахилга бат сул дорой байгаагаас үүдэлтэй. 

Хэрэв манай банк бус санхүүгийн байгууллагууд ажиллахгүй бол хууль бус мөнгөний эргэлт нэмэгдэнэ гэвэл хатуудахгүй байх. Хэдийгээр муу нэртэй, луу данстай ч банк бусын эргэлтийн хөрөнгө хоёр их наяд төгрөг давсан. Нийт харилцагчдын тоо хоёр сая, 600 гаруй мянган зээлдэгчтэй болсон байна. Эндээс харвал энэ салбар нийгэмд хэрэгцээ шаардлагатай байгаа учраас л хөгжиж байна шүү дээ. Түүнээс гадна манай салбарт 538 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн үед тусгай зөвшөөрөлтэй бизнесийн байгууллага гэж харахаасаа илүү халамжийн байгууллага шиг хараад байна уу даа гэж боддог болсон.  

-Банк бус санхүүгийн салбарыг зохицуулах, хууль, дүрэм журам хангалттай гэх юм билээ. Гэхдээ хуулийн хэрэгжилт дутмаг байгааг шүүмжилдэг. Түүнчлэн танай салбарыг хөгжүүлэх хөшүүрэг дутаж байгаа талаар ч ярьдаг шүү дээ?

-2002 онд Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсан. Анх баталсан хууль маш сайн боловсруулагдсан учраас одоогийн хэрэгцээ шаардлагыг хангаж байна гэж болно. Мэдээж нийгмийн харилцаа өөрчлөгдөн, өсөн дэвжиж байгаа үед нэмэлт өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх шаардлага үүссэн. Тухайлбал, виртуал хөрөнгийн болон финтекийг нэвтрүүлэхтэй холбоотой  хууль, эрх зүйн зохицуулалт зайлшгүй байх хэрэгтэй. 

Түүнчлэн банк бусынхны хувьд зээлээс гадна 10-аад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байдаг. Гэхдээ цаг үеэ дагаад технологи нэвтрүүлэхийн сацуу хөрөнгө оруулалтын чиглэлээр хөгжих хандлага ажиглагдаж байна. Ерөнхийдөө урт хугацаат санхүүгийн үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлага бий болсон. Одоогийн мөрдөж буй хуулиар үүнийг зохицуулаагүй байгаа учраас зайлшгүй нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл дүрэм журмаар зохицуулах хэрэгтэй байгаа юм. 

Цаашид хувийн хөрөнгө оруулалтын сан, хамтын сан, хөрөнгийн удирдлагын олон хэлбэрүүдийг хөгжүүлэх учиртай. Ингэснээр хүмүүс мөнгөө хөрөнгө оруулалтын мэргэжлийн компаниудаар удирдуулан өсгөх боломж бүрдэнэ. Банк бус санхүүгийн байгууллага хөрөнгө удирдлага, баялгийн удирдлагын компани байгуулах хөрс суурийг бий болгох хэрэгтэй. Банк бусынханд хөрөнгө удирдлагын компани байгуулах бүрэн потенциал бий. Түүнээс гадна сүүлийн үед виртуалийн зах зээл хөгжих хандлага дэлхий нийтэд ажиглагдаж байна. Манай улс ч үүнээс хоцорч болохгүй. 

ББСБ–ууд өөрсдөө хаалттай болон нээлттэй бондуудыг төрөл бүрийн нөхцөл баталгаатайгаар гаргахаас гадна бусдын гаргасан санхүүгийн хэрэгсэлүүдийг худалдан авч байна. Зээлийн үйл ажиллагааны тухайд нийгмийн хариуцлага руу чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ялангуяа Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрт хэд хэдэн банк бус нэгдэн ажиллаж байгаа. Энэ нь нийгэм, байгаль орчинд ээлтэй, хууль эрх зүйд нийцсэн гээд олон зөв зарчмуудыг ханган ажиллах болоод байгаа юм. 

-Хүртээмжтэй санхүүжилтийг хийхийн тулд юу хийж болох вэ? 

-Хүртээмжтэй санхүүжилт гэдэг нь хүртээмжтэй эдийн засгийн тулгуур ойлголт, улс орны эдийн засгийн суурь гэж үзэх хэрэгтэй. Япон, Солонгос зэрэг орнуудын хөгжсөн гол үндэс нь хүртээмжтэй санхүүжилт байсан. Өөрөөр хэлбэл, тухайн улсын иргэн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэхэд санхүүгийн эх үүсвэрээр дутагдах ёсгүй. Үүний тулд төрөөс дэмждэг субъект, механизм байх ёстой. Харамсалтай нь манай улсын жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд банкнаас зээл авах боломж хязгаарлагдмал. Тэр орон зайг банк бус санхүүгийн байгууллага нөхдөг. Тухайлбал, багахан талбайд ногоо тарьж амьжиргаагаа залгуулахаар хөдөлмөрлөж байгаа хувь хүнд банкнаас зээл олдохгүй. Учир нь барьцаа хөрөнгөгүйн дээр орлогоо нотолж чадахгүй. Тэгэхээр тухайн ногоочин банк бусад ханддаг юм. Хэдийгээр бид тодорхой шаардлага тавьж байгаа ч итгэлцэл гэдэг шалгуур нь давуу эрхтэй байдаг гэвэл хилсдэхгүй. 

Санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, банкны хүрч чадахгүй байгаа хэсэгт үйлчилж эдийн засагт тодорхой үүргийг гүйцэтгэж ирсэн. Манай улсын эдийн засгийн эргэлтийг боомилж байгаа зүйл нь хүмүүсийн санхүүгийн сахилга бат. Хэрэгцээтэй үедээ зээл авсан бол түүнийгээ эргүүлэн төлөх ухамсартай байх хэрэгтэй. Гэтэл улсаас иргэдээ харж хандаж байгаа нэрээр халамжийг хэт хавтгайруулах нь Монгол Улсын хөгжилд сөргөөр нөлөөлөх гол хүчин зүйл. Дэлхийн жишигт хүрч хөгжсөн орнуудтай эн зэрэгцэж алхахыг хүсч, зорьж байгаа бол ажил хийх, хөдөлмөрлөх, бизнес эрхлэх хөшүүргийг бий болгох ёстой.

-Ажлын байрыг хадгалах гурван хувийн зээл олгож байгаа шүү дээ. Банк бусынхны хувьд хөрөнгийн эх үүсвэр татах шаардлага үүсдэг. Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа энэ хөтөлбөрт хамрагдах боломж бий юу?

-Өнөөдрийн төвшинд огт боломжгүй. Учир нь банк бус санхүүгийн байгууллага төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлд хамааралтай санхүүжилт татвал шууд мөнгө угаах хэлбэр гэж үзнэ гээд харчихаж байгаа юм. Тиймээс банк бус санхүүгийн байгууллагад олгох нь бүү хэл дамжуулж зээл олгох шийдвэр гараагүй. Уг нь хяналтаа сайн тавиад зөв зарчмаар хэрэгжүүлж, хэрэглэвэл хамгийн хүртээмжтэйгээр олон хүнд хүргэх боломж манай салбарт бий. Учир нь банкнаас зээл авч чадаагүй нэгжид бид хүрч үйлчилдэг. Арилжааны банкны нэг хүнд олгох 50 сая төгрөгийн зээлийг 20 хүнд санхүүгийн чадамжид нь тааруулан олгоно. Ингэснээр зээл олдохгүй байна гэх гомдол эрс буурах юм шүү дээ. 

-Банк бусад тулгамддаг асуудлын нэг нь хөрөнгийн эх үүсвэр. Гэтэл зээлд хамрагдах боломж нь хомс. Түүнчлэн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг зохицуулагч байгууллагаас тавьж байгаа. Нөгөөтэйгүүр зээлийн хүүгээ бууруулах шаардлага тавьдаг гээд асуудлууд байна л даа? 

-Бичил санхүүгийн байгууллагыг хөгжүүлэх талаас нь харвал өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх нь сөрөг үр дагавартай. Нөгөө талдаа банк бус санхүүгийн байгууллага хэт олширсон учраас чадавхижуулахад анхаарах нь зүйн хэрэг. Мэргэжлийн санхүүгийн байгууллага болгох үүднээс өөрийн хөрөнгийг нэмэх шаардлага тавьсан юм. Энэ бол цаг үеэ дагасан зөв шийдвэр гэж харж байгаа. 

Одоо банк бусууд мэргэжлийн санхүүгийн байгууллага болсны илрэл нь олон улсаас санхүүжилт татах чадамжтай болсноор харагдах болов уу. Жишээлбэл, “БИД” банк бус санхүүгийн байгууллага гаднаас санхүүжилт татаж эхлээд 10-аад жил болж байна. Олон улсаас санхүүжилт татахын тулд компанийн засаглал, дотоод хяналт, бодлого стратеги нь сайн байх хэрэгтэй. Нээлттэй ил тод үйл ажиллагаа эрхэлдэг байх ёстой. Санхүүгийн чадамжтай эсэх, нийгмийн эмзэг бүлэг рүү чиглэсэн зээл гаргадаг эсэх гээд олон шалгуур бий. Өөрөөр хэлбэл, бичил санхүүжилт зорилтот бүлэгтээ очиж байгаа эсэхийг шалгаж байгаа хэрэг. 

Дэлхийд бичил санхүүгийн байгууллагад санхүүжилт өгдөг 60 гаруй байгууллага байдаг. Тэдгээрийн шалгуурт тэнцэх цаашилбал өөрчлөгдөн хувьсаж байгаа нийгэм эдийн засгийн орчин, технологийн хувьсгалтай хөл нийлүүлэн алхахын тухайд өөрийн хөрөнгийн хүрэлцээг нэмэгдүүлэх нь зөв шийдвэр юм.

Ч.Дашсүрэн: Санхүүгийн хэрэглэгч болсноос хойшхи хугацааны мэдээллийг онооны системээр дүгнэх нь илүү оновчтой
Б.Амгалан: Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартад нийцсэн үндсэн баримт бичигтэй боллоо
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...