
Б.Удвал: Монголчууд дэлхийн мэдээллийн технологийн салбарт гарах боломжтой
Х.ЭРДЭНЭБУЛГАН
www.epress.mn мэдээллийн сайт “Санхүүгийн гудамж” булангийн энэ удаагийн зочноор “ЛэндМН ББСБ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Удвалыг урилаа.
-Банк бус санхүүгийн байгууллагын хөгжил, ирээдүйд ямар төвшинд хүрэх боломжтой вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Манай улсад 530 орчим банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Хүртээмжийн хувьд банк бусынхан нийгмийн хэрэгцээнд тулгуурлан хөгжиж байгаа гэж боддог. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар манай салбараар үйлчлүүлдэг харилцагч гурван сая давсан тоон судалгаа бий. Зөвхөн манай “Лэнд МН”-ийн хувьд бүртгэлтэй харилцагч 900 мянгад хүрсэн байна. Харин зээлийн гэрээтэй 177 мянган харилцагчтай болжээ. Эндээс харвал харилцах хүрээ хэрхэн өргөжихөөс гадна хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байгаагийн илрэл гэж хардаг.
Нөгөөтэйгүүр хурдацтай хөгжиж байгаагийн нэг шалтгаан технологид суурилсан үйлчилгээ гэж болно. Тэгэхээр цаашид технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг харилцагч, үйлчлүүлэгчдэд хүргэх нь бидний хөгжлийн давуу тал болох учиртай. Яагаад гэвэл, цаг хугацаатай уралдан хүмүүст чирэгдэл багатайгаар үйлчлэх нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна.
Мөн түүнчлэн зохицуулах байгууллага, харилцагч байгууллагуудтай хэрхэн харилцан чирэгдэлгүйгээр хамтарч ажиллах вэ гэдэг чухал. Түүнээс гадна харилцагчдийн санхүүгийн боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Ирээдүйд банк бус санхүүгийн байгууллага илүү тархацтай хөгжихийн зэрэгцээ технологид суурилсан үйлчилгээг түлхүү үзүүлдэг болно гэж хардаг.
-Танай салбар технологийн дэвшлийг түлхүү ашигласнаар гарах давуу талыг юу гэж харж байна вэ?
-Технологид суурилсан үйлчилгээг нэвтрүүлснээр өрсөлдөөний давуу тал болно шүү дээ. Ингэснээр бүтээгдэхүүн үйлчилгээ болон хэрэглэгчид очиж байгаа үйлчилгээний чанар илүү сайн болох юм. Эцсийн дүндээ финтекийн хөгжил, технологийн дэвшил нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг бий болгож байгаа хэрэг.
-Монголчуудын хувьд зээлийн эргэн төлөлтөд хайнга ханддаг шүү дээ. Магадгүй санхүүгийн сахилга бат сул байгаагаас үүдэлтэй ч гэлцдэг. Энэ нь санхүүгийн боловсролтой шууд холбоотой гэдгийг мэргэжилтнүүд ярьсаар байгаа. Таны бодлоор?
-Манай компани анх гар утасны аппликейшн ашиглан барьцаагүй зээл авах үйлчилгээг эхлүүлсэн. Ингэхдээ тухайн хүний мэдээлэлд үндэслэн зээлийн эргэн төлөлтийн магадлалыг нь тооцоолдог. Тухайн гар утасны аппликейшнээр дамжуулан зээл олгох нь өөрөө шинэ зүйл байлаа шүү дээ. Гэхдээ энэ алхам өнөөдрийн өөрчлөлтийг авч ирсэн гэж боддог. Магадгүй хүмүүсийг санхүүгийн сахилга баттай байхад сургасан гэхэд эргэлзэхгүй байна.
Харин санхүүгийн боловсролын тухайд цаашид илүү анхаарлаа хандуулах ёстой. Ингэхдээ эдийн засгийн мэдээллийг уншиж судлахаас илүүтэй хувь хүн өөрийн санхүүгээ зөв удирдаж, зарцуулж сурахад анхны мэдэгдэхүүнийг олгоход орших болов уу. Санхүүгийн боловсролыг хүүхэд байхаас нь төлөвшүүлэх хэрэгтэй. Одоогийн төвшинд зээлийн мэдээллийн санд бүртгэж байгаа нь хувь хүнийг санхүүгийн сахилга батад суралцах нэг хөшүүрэг юм. Тухайн хүн зээлийн эргэн төлөлтөд асуудал үүсгэсэн талаарх мэдээлэл дараа дараагийн санхүүгийн байгууллагуудтай харилцахад суурь мэдээлэл болж зээл олгох эсэхийг шийдвэрлэхэд голлох нөлөө үзүүлнэ. Учир нь тухайн банк, банк бус болон бусад зээл олгох байгууллагын эрсдэлийг хаах нэг үзүүлэлт болж өгнө.
Нөгөөтэйгүүр финтек салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудад гол шалгуур нь тухайн зээлдэгчийн санхүүгийн сахилга баттай эсэх мэдээлэл чухал байдаг.
-“ЛэндМН” зах зээлд нэвтэрч байх үед технологид суурилсан учраас бодит ажлын байр төдийлөн гарахгүй нь гэсэн ойлголт үүсч байсан. Гэхдээ энэ нь хэт өрөөсгөл байсныг цаг хугацаа харуулж байна л даа?
-Цар тахалын үед манайх нэг ч ажлын байрыг цомхотгоогүй, хадгалж үлдсэн. Одоогоор 100 гаруй ажилтантай. Банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай харьцуулахад зөвхөн нийслэлд төдийгүй улс орон даяар үйлчилгээ үзүүлж байгаа нь бидний давуу тал. Гэхдээ тэр хэрээр салбар байгуулж ажлын байр нэмэгдүүлж байгаа юу гэвэл, үгүй. Энэ бол финтек салбарын нэг онцлог.
Өнөөдрийг хүртэл 900 мянган харилцагчтай болсон нь цахим технологийн дэвшлийг ашиглан хүн бүрт хүрч үйлчилсний үр дүн. Тэгэхээр хүртээмжийн хувьд илүү олон байгууллага, хүнд хүрсэн хэдий ч салбар байгуулж ажлын байр нэмсэн нь бага. Хамгийн гол нь үндсэн үйл ажиллагаа болох технологи хөгжүүлэх зэрэг финтекийг хөдөлгөдөг ажлыг хийх нарийн мэргэшсэн боловсон хүчнээр ажлаа явуулж байгаа.
-“Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо” энэ оныг “Санхүүгийн хүртээмжтэй жил” болгон зарласан байна лээ. Энэ хүрээнд ямар ажлууд хийж байгаа вэ?
-Хүртээмжтэй санхүү гэдэг нь олон хүнд хүрч үйлчлэх юм. Дэвшилтэт технологид суурилсан гар утасны аппликейшныг ашиглан орон зайг үл хамааран санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд хангах боломжтой юм. Тиймээс бид орон нутагт байгаа харилцагчиддаа чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийг чухалчилдаг. Энэ хүрээнд гар утасны аппликейшн ашиглан манайд бүртгүүлсэн харилцагчидтай гэрээ байгуулахдаа тухайн орон нутагт байгаа нотариатын байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Мөн түүнчлэн зээлийн үйлчилгээ гэхээс илүү төлбөр тооцоог хялбаршуулах зорилгоор “SuperUp” гэдэг аппликейшнийг хөгжүүлэн ажиллаж байгаа. Бид хэрэглэгчдэд илүү шуурхай, энгийн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
-Банк бус санхүүгийн байгууллагад хөрөнгө оруулалт татах нь тулгамдсан асуудлын нэг. Танай компани хөрөнгийн захад бүртгэлтэй, үйл ажиллагаа нь нээлттэй байдаг учраас хувьцаа болон бонд гаргах замаар хөрөнгө босгож байна шүү дээ. Олон нийтээс хөрөнгө оруулалт татсаны давуу болон сөрөг тал юу байдаг вэ?
-Хөрөнгө оруулагчид тухайн компани ирээдүйд хэр хөгжих вэ. Ашиг олж чадах болов уу гэдгийг нь харж хувьцаа болон бонд худалдан авна шүү дээ. Анх манай компанийг хөрөнгийн захад гарч байх үетэй харьцуулахад финтект суурилсан үйлчилгээг хүмүүс ойлгодог болжээ. Тодруулбал, анх цөөхөн харилцагчтай байсан бол одоогоор нийт 900 орчим тэрбум төгрөгийн зээл гаргасан байна. Зээлийн дундаж хэмжээг харвал 200-300 мянган төгрөг байдаг. Өөрөөр хэлбэл, хүнд богино хугацааны хэрэгцээнд нийцсэн үйчилгээ зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байгаа юм.
Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулалт татах, IPO, нээлттэй бонд гаргахад өндөр шаардлага тавигддаг. Энэ нь тухайн компанийн үйл ажиллагаа хэр тогтвортой, нээлттэй байгааг шалгадаг. Харин бонд худалдаж авч байгаа хүмүүс манай компанийн мэдээлэл, тайлан тооцоог судалж хөрөнгө оруулалт хийж байгаа нь ирээдүйд хөгжих нь гэдэг итгэл үнэмшилтэй байгаагийн илрэл.
Манай компани хөрөнгийн захаас хөрөнгө оруулалтыг амжилттай татсан нь бидний өнөөдрийг хүртэл хичээж ажилласны үр дүн. Түүнчлэн манай Анд группийн хэтийн зорилго олон улсын зах зээл. Тэгэхээр төрөлх нутагтаа төдийлөн сайн ажиллаж чадахгүй бол дэлхийн тавцанд гарахыг мөрөөдөх ч хэрэггүй. Тиймээс аль болох олон улсын стандартыг хэрэгжүүлж, илүү нээлттэй ажиллахыг эрхэмлэдэг.
-Компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Манай компанийн онцлогийг харвал нэг талаасаа хөрөнгийн бирж болон санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалттай хувьцаат компани нөгөө талаасаа старт-апп компани шүү дээ. Старт-апп учраас аливаа зүйлийг шийдвэрлэхэд хурд чухал. Харин нээлттэй компанийн хувьд бүхий л шийдвэр шат дараагаар явах учиртай байдаг. Тэгэхээр энэ хоёрыг зохицуулах зайлшгүй шаардлага тулгардаг. Аль хэсэгтээ гарааны бизнесийн зарчмаар шийдвэр гаргаж, аль хэсэгтээ нээлттэй компанийн жишгээр ажиллах ёстой вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн шийдвэрийг хурдтай гаргах ёстой учраас хурд, уян хатан байх зарчмыг баримталж байна. Засаглалын тухайд байгууллагын үйл ажиллагаа, хөгжлийг нээлттэй компанийн зарчмаар авч явна.
-Компаниудад ажиллах хүч дутмаг байгаа нь гүйцэтгэх удирдлагуудын “толгойн өвчин” болдог. Ялангуяа технологийн дэвшлийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг компанийн ажиллах хүчний хүрэлцээ ямар байна вэ?
-Технологийн систем хөгжүүлэлтийг “Анд системс” компаниас авдаг. Ингэснээр системийг хөгжүүлэхэд гадна талаас хамаарах зүйлгүйгээр маш хурдтай ажиллах боломжтой нь бидний давуу тал.
Ер нь мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь үнэн. Учир нь сургууль төгссөн оюутан ажлын талбарт гараад ажил олгогчийн шаардлагад нийцэж ажиллана гэдэг хугацаа шаарддаг. Тиймээс хувь хүний сурах чадвар маш чухал.
Манай групп дэлхийн зах зээлд гарах зорилготой учраас тэр хэрээр чадварлаг, туршлагатай боловсон хүчнийг авч ажиллуулахад анхаардаг.
-Олон нийтийн санхүүгийн боловсролд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?
-Хүмүүс мөнгө хадгалж эхэлснээр тодорхой хэмжээнд санхүүгийн боловсролд суралцаж байдаг. Тиймээс хадгаламж анхан шат гэвэл дараагийн шат нь үр өгөөжтэй хөрөнгө оруулалт байх юм. Тэгэхээр богино болон дунд хугацаанд ашиг хүртэхийг хүсч байгаа бол бонд худалдаж авах, харин урт хугацаанд үр өгөөж хүртэнэ гэвэл хувьцаа авч болно гэх мэтээр санхүүгийн боловсрол олгох мэдээллийг өөрсдийнхөө хэмжээнд олон нийтэд хүргэхээр хичээн ажиллаж байгаа.
-Энэ жил танайх шинэ бонд гаргасан шүү дээ. Хүмүүсийн хандлага ямар байна?
-“ЛэндМН” энэ жил хоёр дахь удаагаа нээлттэй бонд гаргалаа. Энэ удаа бондоо олон хөрөнгө оруулагчид хүргэхийг зорьсон. Нэгж үнэ нь 100 мянган төгрөг гэж тогтоосноор бондын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Мэдээллийн хувьд энэ жил харьцангүй олон сувгаар хүргэж 505 хөрөнгө оруулагч хөрөнгө оруулсан юм. Цаашид энэ талаар мэдээллийг түлхүү хүргэх нь зүйтэй юм байна гэж харсан.
-Манай улс эдийн засгаа солонгоруулж экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болохыг зорьж байгаа. Гэвч төдийлөн оновчтой шийдэл гаргаж, үр дүнд хүрэхгүй байна гэж хардаг?
-Бидний гаргаж байгаа бүтээгдэхүүн хэр том орон зайг эзэлж байгаа вэ гэдэг хамгийн чухал. Хэдийгээр манай улс ноолууран бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа ч зарим нэг шинэчлэл, дэвшлийг нэвтрүүлэх, хийх шаардлагатай гэж хардаг.
Монгол хүний оюун ухааныг ашиглан дэлхийн мэдээллийн технологийн салбарт гарах боломж нээлттэй байна. Тухайлбал, манай технологи хөгжүүлэгч залуус эх орноосоо гадны томоохон компаниудад ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр эдийн засгийг солонгоруулахад технологийн салбар чухал үүрэг гүйцэтгэх боломж бий. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн мэдээллийн технологийн салбарт мэдлэг экспортлох боломж бий гэж хардаг.

Уншиж байна...