Уншиж байна...

Уншиж байна...

Ш.Лхагва: Компанийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ихээхэн чухал
Санхүүгийн гудамж 

Ш.Лхагва: Компанийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ихээхэн чухал

Oyukhaa Oyukhaa
9 сарын 2, 2021


Б.ЭНХЗАЯА

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагватай ярилцлаа. 

-Хэдий цар тахлын үе ч гэлээ Монголын хөрөнгийн зах зээл эерэг үзүүлэлттэй явж ирлээ. Үүний ард төвлөрсөн хадгаламжийн төвийн үйл ажиллагаа ч идэвхтэй өрнөсөн болов уу. Хөрөнгийн зах зээлийн шинэ үйлчилгээнүүд нэмэгдэж, шийдлээ хүлээж байсан өмнөх асуудлууд цэгцэрч байгаа дуулдсан. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?

-Сүүлийн үед бидний амжуулсан хамгийн том ажил бол Over the counter /OTC/ буюу биржийн бус арилжааг албажуулах явдал байлаа. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран зах зээл дээр гарч ирж байгаа зохицуулалтгүй бондууд болон шинээр гарах гэж байгаа олон төрлийн бондуудыг албажуулж, бүртгэлжүүлэх талаар хамтран ажиллаж, платформ хийн тестүүдээ явуулж дуусаад эхний бүтээгдэхүүнээ бүртгэсэн. 

Олон улсын биржийн бус арилжаанд бирж дээр арилжиж байгаа дүнгээс дутахааргүй том бондууд арилжаалагддаг. Ялангуяа сүүлийн үед манай банкуудын хүү бага боллоо. Хоёрдугаарт, зээл авахад янз бүрийн хүндрэлүүд байдаг. Тиймээс компаниуд бонд гаргаж хөрөнгө төвлөрүүлэх сонирхолтой болжээ.

Биржийн бус арилжаанд бондууд гарч ирдэг ч ямар компани гаргасан бэ. Хэн хэдэн хувийг эзэмшиж байгаа нь тодорхой биш тохиолдол цөөнгүй гардаг. Харилцагч таны бондыг авахын тулд эрсдэлийг харах ёстой. Үүний тулд даатгалтай юу, компани ямар төвшинд ажиллаж байгаа вэ гэдгийг харахыг хүснэ. Түүнчлэн тухайн компанийг хэдэн хүн эзэмшдэг, бондын хэдэн хувийг би эзэмшиж байна вэ гэдэг мэдээлэл нээлттэй харагдах хэрэгтэй. Үүнийг манай мэргэжлийн байгууллага бүртгэлжүүлж, олон улсын ISIN дугаар олгож байх хэрэгтэй. Ингэснээр олон улсын стандартын дагуу гарсан бонд, хувьцаа байна гэж үнэлэгддэг. Гадаадын харилцагч ороод ирэхэд ч тэр. Энэ бол Монгол Улсад баталгаажсан бонд байна гэж хүлээн зөвшөөрдөх ёстой. Ер нь биржийн бус арилжааны албажуулалт өнгөрсөн 30 жилд хийгдээгүй ажил.

Дараагийн нэг том ажил бол давхар бүртгэл. Хамгийн анх “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” компани хувьцаагаа Монгол Улсад давхар бүртгүүлсэн. Сая “Степпе гоулд” компани гарч ирж байна.

Тус компани манайд бүртгэлээ хийлгээд Торонтогийн хөрөнгийн бирж дээр хамтарч ажиллаж байгаа. Ингэснээр хоёр талдаа хувьцаагаа шилжүүлэх боломжтой болж байна гэсэн үг. Тухайн компани гадаадын бүртгэлтэй ч Монгол Улсын газрын доорх баялгийг ашиглах гэж байгаа учир Монгол хүн хувьцааг нь авах эрхтэй. Ингэхдээ заавал гадаадын үнэт цаасны компаниас захиалъя гэхгүйгээр эндээсээ хувьцааг нь авчихаж болно. Магадгүй гадаадад эзэмшиж байсан хувьцааг Монголд бүртгүүлж болно. Энд эзэмшиж байгаа хүн гадаадад үнэтэй, арилжаа нь их байвал Торонтогийн хөрөнгийн бирж дээр зарах боломжтой болж байна гэсэн үг.

Яах вэ, үүн дээр нэг тулгарч байгаа бэрхшээл нь хоёр талдаа арилжихаар 14 хоног болдог. Энэ бол урт хугацаа. Үүнийг аль болох богино хугацаатай болгох нь бидний үүрэг. Тиймээс ядаж 10 хоногтоо багтаадаг болгохоор ажиллаж байгаа. 

-БНСУ-тай хамтарч, хил дамнасан үнэт цаасны арилжаа явуулах боломжтой гэж байсан. Энэ ажил хэр урагштай явна вэ?

-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн захирлаар хоёр дахь удаа томилогдож байна. Өмнө нь 2016-2018 онд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагаагаа сайжруулах бодлогыг барьж ажилласан. Манай хөрөнгийн зах зээлийн түүхэнд Mutual of Co-operation /MOC/ гээд “хамтран ажиллах гэрээ” хийгдэж байгаагүй. Түүнийг бид эхлүүлэхээр 2018 оны долоодугаар сард анх удаа БНСУ-ын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвтэй гэрээ хийсэн. Ингэснээр  Монголд байгаа Засгийн газрын бонд болон бусад бүтээгдэхүүнийг манайхаар дамжуулж гадаад руу гаргая. Харин гадаадаас бүтээгдэхүүнийг оруулж ирье гэсэн хамтын ажиллагааны гэрээ байсан. Захирлаар дахин томилогдож ирээд энэ ажлаа идэвхижүүлж байна.

Үүнээс гадна онцолж хэлэх нэг ажил бол Depository receipt /DR/ буюу “хадгаламжийн бичиг” үйлчилгээ. Товчхондоо хувьцааны нэг хэлбэр. Монголд нэр хүндтэй компаниуд гадаадад хадгаламжийн бичгээр хувьцаа эзэмшигчээ бүрдүүлэх боломжтой.

Учир нь IPO гаргахад хүндрэлтэй. Олон шат дамжлагатай, мөнгө хөрөнгө их зарна. Мэдээж компани нэр хүндээ өсгөхийн тулд гадаадын харилцагчид олон байх ёстой. Үүний эхний алхам бол хадгаламжийн бичиг. Товчхондоо Initial public offering /IPO/ гаргахаас хамаагүй бага зардалтай. Цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй бүтээгдэхүүн. Үүнийг бид Солонгосын талтай хамтран Монголын хэд, хэдэн компанийн хадгаламжийн бичгийг гаргахаар ярилцаж байна. 

Хадгаламжийн бичгийг бид өөрсдөө шууд бүртгэдэг учраас дундын компаниар орохгүйгээр хоёр тал ажиллаж болдог, хөрвөх чадвартай шинэ бүтээгдэхүүн юм.

Мөн энэ жилдээ эхлүүлэхээр судалж байгаа том ажил бол Securities borrowing lending /SBL/ буюу хувьцаа зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ. Манайд бэлэн мөнгө бага байна. Хүмүүс арилжаанд ормоор байдаг. Гэтэл өөрт хэрэгцээтэй, зарах сонирхолгүй хувьцаанууд байдаг. Эсвэл аль эрт хөөс болж байхад нь авчихсан ч одоо ханш нь уначихсан хувьцаатай нь ч олон. Харин түүнийг нь манай байгууллага үнэлж аваад Т+2 арижлаанд богино хэмжээний төлбөрийн баталгаа гаргаж өгнө.

“Энэ хүн бол манайд ийм хувьцаа барьцаалсан. Энэ хүний хувьцааг авч болно” гээд биржид баталгаа гаргаад өгчихвөл хувьцааг нь шууд шилжүүлдэг. Энэ бол бэлэн мөнгө байхгүй хүмүүст том боломж. Шинээр гарч ирж байгаа бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой болж байгаа гэсэн үг. Ингэснээр хөрөнгийн зах зээлд орж байгаа мөнгөн хөрөнгийн эргэлтийг дахин нэмэгдүүлнэ. Үүнийг дагаад зах зээлийн хөрвөх чадвар нэмэгдэнэ гэсэн үг.

-Идэвхтэй арилжаалагдаж байгаа хувьцааны төвлөрөл хэр буурч байгаа вэ?

-Ерөнхийдөө банкны хүү багасчихсан учраас хөрөнгийн зах зээл рүү хүмүүс ихээр орж байна. Дээрээс нь өндөр хүүтэй бондууд банкны хүүнээс илүү гарч байгаа учраас харилцагчдын сонирхолыг илүү татаж байгаа. Дараагийнх нь саяхан АПУ компани их наядын үнэлгээтэй боллоо. Энэ нь тухайн компанийн эзэмшигч байна гэдэг нэр хүндийн баталгаа. Дээрээс нь ногдол ашгаа жилд хоёр удаа олгож байна. Тэгэхээр хүмүүс хөрөнгийн зах зээл рүү орж ирнэ шүү дээ.

Компани хөгжих, олон улсын зээлд хамрагдахад хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ихээхэн чухал байдаг. Түүнийг манай компаниуд ойлгоод төвлөрлөө багасгах талаар ярилцаад эхэлсэн. Жишээлбэл, “Сүү” компани олон нийтийн болх бодлого барьж байгаа гэж ойлгосон. Удахгүй компанийнхаа хувьцааг олон нийтэд зарах болов уу гэсэн хүлээлттэй байгаа. Хувьцаат компани нээлттэй болно гэдэг олон нийтийн өмнө хүлээдэг үүрэг нь өндөр. Түүгээрээ нэр хүндийн баталгаатай болдог. Компаниуд нээлттэй байхын ач холбогдлыг сайн ойлгож байгаа.

-Хөрөнгийн зах зээл 30 жилийн түүхтэй ч хөгжлийн хувьд чамлалттай байгааг аль ч төвшиндээ хүлээн зөвшөөрдөг. Үүнд хууль эрх зүйн орчин гээд нөлөөлөх хүчин зүйл олон гэлцдэг. Энэ салбарт ажиллаж байгаа таны хувьд ямар тайлбар өгөх вэ? 

-Бид одоогоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Санхүүгийн зохицуулах хороо болон бусад байгууллагуудтай хамтраад саналаа өгсөн. Удахгүй УИХ-аар орох байх. Хуультай уялдуулж нэг зүйл хэлэхэд ерөнхийдөө манай салбарт 2015, 2016 он хүртэл дэд бүтцийн байгууллагууд болон үнэт цаасны компаниуд хамтарч ажиллаж чаддаггүй байсан. Манай, миний гэх хандлагаар харилцаж байгаа нь надад анзаарагдсан. Тиймээс хоорондын үл ойлголцол их байна уу гэж харж байлаа. 

Ингээд “Арилжаа эрхлэгчдийн холбоо”-нд нэгдэх шийдвэр гаргасан юм. “Бид олон жил муудалцлаа. Нэгдэж ажиллая, нэг санаатай байя. Арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-д гишүүнээр оръё. Нүүр нүүрээ харж байгаад болох, болохгүйгээ ярья” гэсэн. Миний саналыг хүлээж авснаар тус байгууллагын ТУЗ-ийн гишүүн болсон юм. Тэр ч бүү хэл “Арилжаа эрхлэгчдийн холбоо”-ны ТУЗ-д бүх дэд бүтцийн байгууллагын төлөөлөл ордог болсон. Сар бүр хурлаа хийнэ, асуудлаа ярина. Ингээд явахаар арай өөр төвшинд гарч ирсэн. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн сул тал энэ байсан болов уу гэж боддог. Харин одоо бид хууль, журам боловсруулахад ч хамтарч оролцдог болсон. Сүүлд OTC зах зээл дээр гэхэд арилжааны шимтгэл эхний жил авахгүй болголоо. Энэ нь арилжааг дэмжиж байгаа хэлбэр. 

Манай хөрөнгийн зах зээл дээр харилцагчид цөөхөн, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирдэггүй нэг шалтгаан нь арилжааны шимтгэлтэй холбоотой. Манайх өндөр шимтгэлтэй хөрөнгийн биржэд ордог. Шимтгэл өндөр байхад олон зүйл нөлөөлдөг. Сангийн яамтай ярьж байгаад системээ нэг хэлтэй, нэг юмаар ярья. Тэнд нэг систем, энд нэг систем гээд явах нь шимтгэлээ бууруулж чадахгүй байгаа юм. Тийм учраас системийн тал дээр дорвитой арга хэмжээ авах талаар сүүлийн үед нэлээд идэвхтэй яригдаж, ажлын хэсэг байгуулагдан урагштай явж байгаа.

-Таатай мэдээлэл байна. Шимтгэл ямар төвшинд буурах боломжтой вэ?

-Бид мэдээж дэлхийд нэлээн сайн туршигдсан систем авна. Түүнд нь мэдээж жилийн төлбөр гээд мөнгө хөрөнгө зарцуулагдана. Гол нь аль болох өөрийнхөө зах зээлд таарсан систем авахгүй бол өмнө нь хэт томдсоныг авчихсан. Манай хөрөнгийн биржийн арилжааны шимтгэл жилийн 800 мянган ам.доллар. Манай энэ зах зээлийг нийлүүлээд тэрбум хүрэх үү гэдэг асуудал бий. Яах вэ зах зээл хөгжөөд олуулаа болохоор шимтгэл буурна гэж бодож байсан ч болоогүй. Зах зээл нь жижиг, хэдхэн компани арилжаанд оролцдог. Хэдэн зуун компани идэвхтэй арилждаг, хоёр сая иргэн арилжаанд оролцдог бол өөр. Тэр болтол цаг хугацаа зарна. Түүнд бид бас жаахан тооцоотой ажиллах байсан болов уу гэж хардаг.

-Танай байгууллага Монголын үнэт цаасны биржтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Энэ нь харилцагчдад ямар давуу талыг олгох вэ?

-Бид short selling арилжааг явуулъя гээд хамтарч ажиллах гэрээ хийсэн. Гэрээний хүрээнд хийгдсэн туршилт амжилттай болж байгаа. Энэ нь өнөөгийн хөрөнгийн бирж дээр хийгддэггүй бүтээгдэхүүн. Ер нь манай хөрөнгийн зах зээл 30 жилийн түүхтэй ч бүтээгдэхүүн ховортой газар. Дээр нь дэлхийн бүх оронд байдаг SBL-ийг хийх ёстой. Түүнлчэн short selling арилжаа бирж дээр заавал байх ёстой. Мэдээж аливаа зах зээх өрсөлдөөнтэй байдаг. Хэн сайн хийж чадсан нь цааш явна. Манайх үнэт цаасны биржтэй яг л адилхан. Зах зээлийн нэг харилцагч.

-Хүмүүс цэнхэр, ягаан тасалбарын үр өгөөжийг нэлээн сонирхдог. Мөн 1072 хувьцааны ногдол ашгаа хүртээгүй иргэн байсаар байна. Энэ хүрээнд ямар ажил хийж байна вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашиг тараасантай холбоотойгоор сүүлийн хоёр жилд манайд данс нээх ажил нэлээн эрчимжсэн. Нийтдээ 2.5 сая иргэн 1072 хувьцааг эзэмшдэг бол 2.3 сая хүн данс нээлгэсэн байдаг. Ногдол ашиг авсан иргэдийн тоо хоёр саяд хүрчихлээ. Энэ бол том амжилт. Иргэд хувьцаа эзэмшвэл ногдол ашиг авдаг юм байна шүү гэдэг ойлголттой болж байгаа хэрэг. 

Түүнчлэн цэнхэр, ягаан тасалбарыг тухайн үед авсан ч одоог хүртэл хөдөлгөөнгүй байдаг 20-иод мянган иргэний 700 сая төгрөг бий. 1990 оноос хойш огт хөдлөөгүй гэсэн үг. Тухайн үедээ хувьцаа авсан, тухайн компани ногдол ашгаа тараах үед дансанд нь орж л байдаг, хөдөлдөггүй. Бидний харж байгаагаар нас барсан, гадаад руу гараад явчихсан,. Эсвэл мэдээллээс хол байгаа хүмүүс дийлэнх нь байгаа. Мөн 1072 хувьцааны ногдол ашгаа аваагүй 400-гаад мянган иргэн бий.

Тэдгээрийн тал хувь нь нас барсан иргэд байна. Тодорхой хэсэг нь гадаадад байгаа, мөн бүртгэлийн зөрчилтэй иргэд ч бий. Шат дараалсан арга хэмжээ аваад бүртгэлийг сайжруулаад явж байна. Иргэд “Эрдэнэс тавантолгой”-той холбоотой ногдол ашгаа ТҮЦ машинаас үзэж байгаа учраас цэнхэр, яагаан тасалбарын хувьцаа, үлдэгдлүүдээ ч үзээд харьцангуй хөдөлгөөнд оруулаад явж байна.

Түүнээс гадна бидний хийж байгаа нэг ажил бол хүн бүрийг үнэт цаасны данстай болгох. Ингээд тухайн хүн данстай, хувьцаатай эсэхээ мэдэхийн тулд 158989 гээд тусгай дугаарт холбогдох үйлчилгээг эхлүүлсэн. Маш сайн үр дүнд хүрсэн. Оператор харгалзахгүйгээр регистерийн дугаараа латинаар бичээд мессэж явуулахад ямар үнэт цаасны компанид харьяалалтай байгаа тухай мэдээллээ хүлээж авна. Дээрээс нь 1072 хувьцаа байгаа эсэх тоон мэдээлэл гараад ирнэ. Хэрэв бүртгэлтэй бол дахиж данс нээлгэх шаардлагагүй. Энэ нь зөвхөн ухаалаг утасгүй иргэдэд зориулсан үйлчилгээ. Ухаалаг утастай иргэд манай байгууллагын цахим хуудас руу ороод регистрийн дугаараа хийгээд шалгах боломжтой. Аж ахуйн нэгжүүд ч тэр.

“Эрдэнэс Тавантолгой”-гоос 400 гаруй 1072 хувьцаа авсан байдаг. Одоо 200 гаруй аж ахуйн нэгж ногдол ашгаа аваагүй, хөдөлгөөгүй байгаа. 2019 оноос ТҮЦ машинд иргэн хурууны хээгээ уншуулаад хувьцаа гэсэн цонхыг сонгоход хэдэн онд ямар хувьцаа яаж авсан бэ гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Бид бүхий л аргаар мэдээллийг олон нийтэд өгөөд яваад байна. 

-Тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг төрөөс олгосон. Ингэхдээ танай бүртгэлийн системийг ашигласан гэж сонссон юм байна? 

-Манайх нийгмийн даатгалтай хамтраад тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг олгох ажлыг хийсэн. Тухайн үед төрөөс шийдвэр гарахад амьд сэрүүн байсан ч дараа нь бурхан болсон 8000 хүн байдаг. Түүний өвлөх эрхийг хэрэгжүүлэх ажил нэлээн цэгцэрч байна.  Иргэн өвлөх эрхийн бичгээ бүрдүүлээд харьяа газрынхаа нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлнэ. Нийгмийн даатгал манайд мэдээллийг ирүүлж өвлөх хүнийх нь дансанд мөнгө нь шилжиж байгаа. 

Харилцаа холбоо, бүртгэлийн асуудлаас үүдэж дутмаг зүйлс бий. 1072 хувьцаан дээр гэхэд хувьцаагаа аваагүй 400 мянган хүний хэд нь нас барсан, хэд нь харьяатаас гарсан, хэд нь буруу бичиг баримт бүрдүүлээд байгаа зэрэг мэдээллийг нарийн гаргах боломжгүй. Иргэний мэдээллийн аюулгүй байдал гэдэг үүднээс төрийн аль байгууллага бидэнд мэдээлэл өгөх эсэх асуудал эргэлзээтэй. Энэ мэдээлэл тодорхой болчихвол бидний цаашдын арга хэмжээнд тус болох юм. Бидний тооцооллоор 150-иад мянган хүн нас барсан байна. Нэгэнт энэ хүмүүсийн ногдол ашиг байгаа учраас хүүхдүүд нь өвлөх эрхтэй гэж үзэж байгаа. “Эрдэнэс тавантолгой” компанитай холбоотой бүх шийдвэрийг Засгийн газар гаргадаг. Тиймээс өвлөх эрхийг нээх асуудлыг ойрын хугацаанд тус компанитай хамтраад Засгийн газарт хүргүүлнэ.

-Манайд улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлогод жинтэй хувь нэмэр оруулах алхам юу байж болох вэ?

-Эрүүл эдийн засагт банк, хөрөнгийн зах зээлийн эзлэх хувь гэж бий. Үүн дээр даатгал ч бас орно. Банк 40, хөрөнгийн зах зээл 30, даатгалын эзлэх хувь 30 байвал зохистой харилцаа хэмээн үздэг. Хөрөнгийн зах зээлд аль болох нээлттэй компаниуд олон болно гэдэг нь компани томроно гэсэн үг. Тэр хэрээр эдийн засаг тэлнэ. Үүний үр нөлөө улсын хөгжлийн хөшүүрэг юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, компаниуд нээлттэй болж хөрөнгийн захаас мөнгө босгон үйл ажиллагаагаа өргөжүүлэн илүү хөгжих учиртай юм. 

-Ярилцлагын төгсгөлд иргэдийн санхүүгийн боловсролыг хэрхэн дээшлүүлэх талаар таны байр суурийг сонсмоор байна?

-Нэг сонин зүйл хэлье. Манайд эдийн засгийн их, дээд сургуулиуд бий. Гэтэл ганцхан сургууль манай байгууллагын талаар асууж сурагладаг. Монголын төвлөрсөн хадгаламжийн төв ямар үйл ажиллагаа явуулдаг. Ямар системтэй, яаж хадгалдаг талаар мэдээлэл солилцдог. Тэр нь ШУТИС-ийн Эдийн засгийн сургуулийн нэг багш. Жил бүр оюутнуудынхаа дунд АХА тэмцээн явуулдаг. Түүнд нь манайх мэдээллээ өгч, хүүхдүүдийг урамшуулдаг. 

Тэгэхээр Монголын бусад том эдийн засгийн сургуулиуд юу заадаг вэ. Мэдээж Хөрөнгийн биржийн тухай ярьдаг байх. Ер нь үндсэндээ манайхаас бусад газар хөрөнгийн зах зээлийн гол асуудлыг шийддэг, гол ажлыг хийдэг нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь байдаг. Төвлөрсөн хадгаламжийн төв нь л тоглоомын бүх дүрмийг зохиодог. 

Short selling арилжаа гэхэд л бирж дээр явагдаж байгаа юм шиг харагддаг ч, бүх зүйл нь манай дээр хийгддэг. Хөрөнгийн бирж дээр арилжаа явагдаад систем дээр Дорж хувьцаагаа зарж байна. Бас авч байна гэхэд дууссаных нь дараа бүх мэдээлэл манай дээр ирдэг. Бид бүгдийг нь нэгтгээд дараагийн арилжаанд Дулмаа хувьцаатай болсон уу, нэмэх үү хасах уу гэж эцсийн байдлаар гаргадаг. 

Засгийн газрын бонд, Монголбанкны бонд ч ялгаагүй. Аль банк нь хэдэн хувийг эзэмшиж байна. Тэр эзэмшиж байгаа бондыг хаана зээлээр тавьж, хаана тусгаарлуулж байгаа гэх мэдээллийг бид бүртгэдэг. Хувьцаа бол биет бус хөрөнгө. Биет бус хөрөнгө танд байна уу, үгүй юу гэдэг мэдээлэл өгөх байгууллага нь зөвхөн манайх юм шүү дээ. 

Иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулахын тулд 10 жилийн хөтөлбөрт оруулж өгөх ёстой. Эс тэгвэл Монгол Улсын ирээдүй болсон хүүхдүүд маань санхүүгийн мэдлэггүй өсч байна. Хөрөнгийн зах зээл, тэр дундаа хувьцаа гэж юу байдаг талаар мэдлэг хомс байна.

Ярилцсанд баярлалаа.

Б.Удвал: Монголчууд дэлхийн мэдээллийн технологийн салбарт гарах боломжтой
Б.Амгалан: Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартад нийцсэн үндсэн баримт бичигтэй боллоо
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...