Уншиж байна...

Уншиж байна...

Хөрөнгийн захын шинэ багана “ОТС”
Санхүүгийн гудамж 

Хөрөнгийн захын шинэ багана “ОТС”

Oyukhaa Oyukhaa
9 сарын 7, 2021

Д.ОЮУНЧИМЭГ

Санхүүгийн салбар тэр дундаа хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн бий болсон нь олзуурхууштай. Хөрөнгийн зах зээл 30 жилийн хөгжлийн түүхтэй хэдий ч Хөрөнгийн биржээр л төсөөлддөг.  

ХУУЛЬД ТУСГАСАН Ч ...

1997 онд АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн үнэт цаас зохицуулах хөтөлбөрийн хуулийн ахлах зөвлөх Жонн Бернас манай улсын Үнэт цаасны тухай хуульд биржийн бус зах зээл буюу ОТС зах зээл зохицуулалтыг тусгах тухай зөвлөсөн аж. Хэдийгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 2013 онд батлагдахдаа “биржийн бус зах зээл”-ийн тухай заалт оруулсан ч өнөөдрийг хүртэл хэрэгжиж байгаагүй гэдгийг салбарын мэргэжилтнүүд ярьж байна. Тодруулбал, хуулийн 4.1.3-т: “биржийн бус зах зээл” гэж энэ хуулийн 24.1.1, 24.1.2, 24.1.4, 24.1.5, 24.1.10, 24.1.12-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд хууль тогтоомжоор хориглоогүй, өөрийн өмчлөлийн болон өмчлөгчөөс эрх олгосон бусад санхүүгийн хэрэгслийг харилцан шууд худалдах, худалдан авах гэрээ байгуулах ажиллагаа явуулж байгаа зах зээлийн харилцааг хэлнэ гэж тодорхойлж, биржийн бус зах зээлийн эрх зүйн үндсийг нь тавьсан. Гэсэн хэдий ч биржийн бус зах зээлийн үйл ажиллагааг практикт хэрэгжүүлэх, уг зах зээлд оролцогчид, тэдгээрт тавигдах шаардлага, арилжааны журам, түүнд хяналт тавих зэрэг харилцаа зохицуулалтгүйгээр 24 жилийн нүүр үзэж буй “Биржийн бус” зах зээлийг нээх цан цохих ёслол өнөөдөр боллоо. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОСГОХ ШИНЭ ГАРЦ

Тэгвэл биржийн бус зах зээл гэж чухам юу вэ. Үнэт цаасны зах зээлийг арилжааны  болон зохицуулалтын хүрээ, тавигдах шаардлага, оролцогчид зэрэг онцлогоос нь хамааруулж зохицуулалттай буюу биржийн зах зээл, зохицуулалтгүй буюу биржийн бус зах зээл гэж ангилдаг байна. Биржийн бус зах зээлийг хөгжүүлэхийн тулд Санхүүгийн зохицуулах хорооноос бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-ний 995 тоот тогтоолоор “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-ыг баталжээ. Манай улс мэргэжлийн хөрөнгө оруулагчдад чиглэсэн биржийн бус зах зээлийн нарийвчилсан эрх зүйн зохицуулалттай болсоноор олон улсын жишигт нийцсэн биржийн бус зах зээл хөгжих үндэс суурь тавигдаж байна. 

Биржийн бус зах зээл хөгжсөнөөр бизнесийн хөрөнгө оруулалт босгох боломжийг бүрдүүлж буй. Ингэснээр аж ахуйн нэгжийн  мэдээллийн ил тод байдал, компанийн засаглал илүү сайжирч, үнэт цаас гаргахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэх юм байна. Түүнчлэн хаалттай өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл үүсэх, үнэт цаасны хөрвөх чадвар сайжрах, мэдээллийн ил тод байдал хангагдах зэргээр хөрөнгө оруулагчдын хувьд ч чухал ач холбогдолтой ажээ. 

Биржийн бус зах зээлийн арилжаа нь цахимаар явагдах юм байна. Ингэснээр хөрөнгө оруулагчдын цаг хугацаа, зардлыг хэмнэж, хөрөнгө оруулахад таатай, хялбар болох юм. Мөн хэрэглэгчдэд санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй байдлаар хүргэх зорилгоор хөгжүүлсэн биржийн бус зах зээлийн https://otc.mn/ цахим хуудсыг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн системтэй холбожээ. 

Ёслолд оролцсон зарим төлөөлөгчдийн байр суурийг сонирхуулъя. 

Д.БАЯРСАЙХАН /Санхүүгийн зохицуулах хорооны дарга/

-Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах гол талбар Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны биржээр дамжуулан хөрөнгө оруулалт татдаг байсан. Харин өнөөдөр хос хөдөлгүүртэй болж байна. ОТС маркет зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцож байгаагаарай онцлог. Тухайлбал, шийдвэр гаргах процесс нь хурдан. Түүнээс гадна гарааны болон жижиг, дунд бизнесийнхнийг биржийн бус зах зээлээс хөрөнгө татах боломжийг нь нээж байна.


Ц.ХУЯГ /Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчийн холбооны гүйцэтгэх захирал/

-Олон улсад биржийн бус зах зээл нь хөрөнгийн зах зээлийн нэг багана юм. Мөн мэргэжлийн байгууллагууд нь зохицуулдаг. Тиймээс манай улсын хувьд ч ялгаагүй зохицуулалтыг манай байгууллага хийнэ. 

Сүүлийн 30 жилд хөгжиж байгаа хөрөнгийн захын ажиллах орчин хязгаарлагдмал болж ирсэн. Гадны орнуудад мэргэжлийн байгууллагууд нь биржийн бус зах зээл дээр чөлөөтэй ажилладаг. Энэ захад санхүүгийн үүсмэл хэрэгслүүд түлхүү арилжаалагддаг. Нөгөөтэйгүүр биржийн захаас ч илүү өндөр дүнтэй гүйлгээ хийгдэх боломжтой. Манай улсын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1-т заасан үнэт цааснуудыг биржийн бус зах зээл дээр зөвхөн мэргэжлийн хөрөнгө оруулагчдад арилжаалах юм. 

Л.БАТХУЯГ /”Монкон групп” ХХК-ийн Санхүү, бизнес хөгжил хариуцсан захирал/

-Биржийн бус зах зээлээс хөрөнгө оруулалт татах боломж бүрдсэнд баяртай байна. Манай компанийн хувьд хэрэгжүүлж байгаа “Мандала гарден” төслийн хоёрдугаар ээлжид зарцуулах нэмэлт хөрөнгө оруулалт татах зорилгоор өндөр дүнтэй бонд гаргасан. Энэ жишгээс харахад хөрөнгийн бус биржээс өргөн хүрээний санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж шинээр үүсч байгаад баяртай байна. Арилжааны банкнаас зээл авах, хөрөнгийн зах зээл дээр бонд гаргах нь аж ахуйн нэгжүүдэд зарим талаараа хүндрэл учруулдаг. Харин биржийн бус зах зээл үүссэнээр богино хугацаанд хөрөнгө оруулалтыг шийдсэн нь давуу тал болно. 



Ш.Лхагва: Компанийн хөгжилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ихээхэн чухал
Б.Амгалан: Хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартад нийцсэн үндсэн баримт бичигтэй боллоо
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...