
С.Ган-Эрдэнэ: Эрсдэл даах чадвартай, санхүүгийн мэргэжлийн оролцогчдод санал болгодог
Хөрөнгийн зах зээлд шинэ хуудас нээж биржийн бус арилжаа үүссэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Биржийн бус арилжаа жижиг, дунд, бичил бизнесийнхэнд хөрөнгийн эх үүсвэр босгох боломжийг олгоно хэмээн салбарынхан нь хэлж буй. Магадгүй цар тахалтай өнөө үед хэрхэн эргэлтийн хөрөнгө босгох талаарх мэдээллийн хариулт ч байж болох юм. Биржийн бус зах зээлийн хамгийн анхны бондыг чамгүй өндөр дүнтэй арилжаалсан “Голомт капитал ҮЦК” компанийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Танай компани биржийн бус зах зээл дээр анхны бондыг амжилттай арилжжээ. Биржийн болон биржийн бус зах зээлийн ялгаа юу вэ?
-Манай компани биржийн бус зах зээлийг хөгжүүлэх анхны алхмыг хийж “Монкон констракшн” компанийн “Монкон бонд”-ын андеррайтераар ажилласан. Энэ зах зээл нь үнэт цаас гаргагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж, богино хугацаанд санхүүжилт татах, өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээл бий болох, үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах, мэдээллийн ил тод байдлыг хангах давуу тал олгодог.
Гол ялгаа нь андеррайтерийн компани төслөө нягт нямбай судалж, төслийн мэдээллийг илүү сайн уншиж танилцан зах зээлд гарах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтэд хүрч харилцагчдадаа санал болгодог. Нөгөө талаас харилцагчид маань илүү санхүүгийн мэдлэгтэй, чадвахитай оролцогч байхыг шаарддаг.
Энгийн бондыг зохицуулагч байгууллагын шаардлагыг хангасан хүмүүс авах боломжтой. Харин ОТС маркетын бүтээгдэхүүнийг эрсдэл даах чадвартай, санхүү мэргэжлийн оролцогчдод санал болгож байгаа юм.
“Голомт капитал” компанийн хувьд харилцагчийн бааз суурь сайтай учраас мэргэжлийн болоод санхүүгийн чадамжтай харилцагчдынхаа дэмээр энэ удаагийн бондын арилжаа амжилттай боллоо.
Нөгөөтэйгүүр компанийн үйл ажиллагаа, менежментийн багт олон сорилт тулгарсан ч бид давж чадсан. Ер нь 15 тэрбумын нээлттэй бондыг арилжаална гэдэг бол өмнө нь гарч байгаагүй гэдгийг онцолмоор байна. Тиймээс “Монкон бонд”-ын арилжаа хугацаанаасаа өмнө давж биелэсэн гэж болно.
-Хөрөнгийн зах зээл нь эрсдэл гардаг учраас банкны хадгаламжийг давж хөгжүүлэх, олон нийтэд ойлголт өгөх нь нэлээн том ажил болдог. Танай компанийн хувьд төдийлөн сайн хөгжөөгүй энэ үед биржийн бус зах зээл дээр ажиллахад тулгамдсан ямар асуудал байв?
-Мэдээж аливаа санхүүгийн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний эрсдэл бий. Харин биржийн бус зах зээл дээр бүтээгдэхүүн гаргахдаа тодорхой барьцаа, баталгаагаар давхар баталгаажуулсан. Цаашдаа барьцаа, баталгаа шаардахгүйгээр тухайн компани түүхээ сайн үүсгээд бонд гаргах боломжтой. Тэгэхээр энэ зах зээл хөгжихийн хэрээр жижиг, дунд бизнесийнхэнд хөрөнгийн эх үүсвэр босгох боломжийг бүрдүүлнэ. Тиймээс эхний бүтээгдэхүүнүүдэд хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжийн баталгаа гаргахын тулд барьцаа, баталгаа гаргуулсан. Тухайлбал, “Монкон бонд” томоохон банкны баталгаатай. Мөн толгой компанийнх нь хувьцааг барьцаалсан. Түүнчлэн хийж байгаа бүтээн байгуулалтынх нь орлогыг тэр дундаа Оюутолгой төсөл дээр хийж байгаа төслийн орлогыг барьцаалах байдлаар энэ бондын эрсдэлийг бууруулж өгсөн.
-Хөрөнгө оруулагчдын хувьд биржийн бус арилжаанд оролцохдоо юуг анхаарах ёстой вэ?
-Зах зээлд оролцогчид тухайн андеррайтерийн компани хэр мэргэжлийн ур чадвартай вэ гэдгийг харах нь зүйтэй. Түүнчлэн үнэт цаас гаргагчийн компанийн түүх, санхүүгийн чадамжийг харахаас гадна менежментийн баг нь, хувьцаа эзэмшигчид нь хэр ёс зүйтэй вэ гэдгийг харах хэрэгтэй. Хэдийгээр санхүүгийн мэдээлэл чухал ч тухайн компанийн менежментийн багийн ёс зүй, мэргэжлийн ур чадвар маш чухал.
-Та энэ салбарын мэргэжлийн тоглогч. Хөрөнгийн зах зээлд биржийн бус зах зээл орж ирсэнээр ямар давуу тал, өөрчлөлт бий болох вэ?
-Биржийн бус зах зээл хөгжсөнөөр маш том боломж, давуу тал бий болно. Юуны түрүүнд энэ боломжийг бүрдүүлж зах зээлийг албан ёсоор бий болгон зохицуулагч байгууллагуудад талархаж байна. Нөгөөтэйгүүр үүнийг дагаад арилжааны банкны хүү буурах боломж бүрдэнэ. Хөрөнгийн зах зээлийн дийлэнх хувийг бондын зах зээл эзэлдэг. Мөн биржийн бус зах зээл дээр ч ялгаагүй бонд түлхүү арилжаалагдана гэж харж байгаа. Цаашид бондын арилжаа хэмжээний хувьд тун удахгүй одоогийн төвшнөөс хэд дахин өснө гэж бодож байна.
Үнэт цаасны компанийн хувьд бидэн дээр ирж байгаа харилцагч, захиалагч, хүсэлт гаргаж байгаа компаниудыг харахад энэ зах зээлийн эрэлт хэрэгцээ өндөр байгаа нь анзаарагдсан.

Уншиж байна...