
Б.Итгэлсүрэн: Банк бус санхүүгийн байгууллагуудаас бизнесийн зээлийг онлайнаар авах боломж бүрдэнэ
Д.ОЮУНЧИМЭГ
www.epress.mn мэдээллийн сайт “Санхүүгийн гудамж” булангийн энэ удаагийн зочноор “Санхүүгийн зохицуулах хороо”-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнг урилаа.
-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга, түүнийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлсэн эсэх талаар ярилцлагаа эхэлье?
-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын намрын чуулганд өргөн барих болов уу. Хуулийн төслийг өргөн барьсны дараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулах учиртай. Ажлын хэсэгт салбарын мэргэжлийн оролцогч, төрийн бус байгууллагын төлөөлөл, эдийн засагчдын оролцоо байна. Ингээд хуулийн төслийг нэлээн сайтар хэлэлцэн асуудлаа ярилцаж засаж сайжруулах, шинээр тусгах заалтуудаа эцэслэн батлах ёстой. Тэгэхээр намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, хавар хуулийн шинэчилсэн найруулгыг батлах болов уу гэсэн хүлээлттэй байна.
-Ер нь Монгол Улсад банк бус санхүүгийн байгууллага үүсээд 22 жил өнгөрсөн гэж ойлгож болох уу. Эсвэл анх хууль батлагдсанаас эхлэн тоолох уу?
-Анх 1999 онд Монголбанкнаас бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, өрхийн бизнесийг дэмжих, бичил санхүүгийн байгууллагыг бий болгохын тулд банк бус санхүүгийн байгууллага байгуулах журам гарган тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн байдаг. Тэгэхээр банк бус санхүүгийн байгууллага нь өнөөдрийг хүртэл 22 жил үйл ажиллагаа явуулсан гэж үзэж болно. Хууль эрх зүйн орчны хувьд 2002 онд салбарын тусгайлсан хууль батлагдсан.
Энэ оны хоёрдугаар улирлын байдлаар манай улсад нийт 536 банк бус санхүүгийн байгууллага бүртгэлтэй байгаагаас 79 нь хөдөө орон нутагт, өөрөөр хэлбэл дийлэнх нь нийслэл хотод төвлөрч байна. Түүнчлэн дөрвөн банк бус санхүүгийн байгуулага олон нийтийн нээлттэй хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Харин 30 банк бус санхүүгийн байгууллага гадаадын хөрөнгө оруулалтай байна.
Хуулийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллага нь 10 төрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхэлдэг бөгөөд банк бус санхүүгийн байгууллагуудын дийлэнх нь зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн гадаад валютын арилжааны үйл ажиллагааг нэлээн идэвхитэй эрхэлж байгаа бөгөөд эхний хагас жилийн байдлаар 39 банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын арилжааны үйл ажиллагааг дагнан эрхэлж байна.
-Хууль эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч урт хугацаанд зорилтот шинэчлэл хийж байгаагүй талаар салбарын мэргэжилтнүүд ярьдаг шүү дээ. Энэ хугацаанд хуулийг шинэчлэн батлах шаардлага үүсч байсан уу?
-Хууль эрх зүйн орчин бүрдсэнээр банк бус санхүүгийн байгууллагын хөгжил өнөөдрийн төвшинд хүрэх суурь болсон гэж болно. Гэхдээ хууль батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл есөн удаагийн нэмэлт, өөрчлөлт орсон байдаг юм. Ингэхдээ хууль эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор бус харин бусад хууль тогтоомжийн шинэчлэлт, өөрчлөлтийг дагаж зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсч байсан. Тухайлбал, 2006 онд Санхүүгийн түрээсийн тухай хууль батлагдахад Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиас санхүүгийн түрээстэй холбоотой зохицуулалтыг хассан байдаг. Үүний адилаар Үл хөдлөх барьцааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг тухайн харилцааг зохицуулсан нарийвчилсан хууль тогтоомжийн дагуу дагаж салбарын хуульд нэмэлт өөрчлөлт тухай бүр орж байсан.
Хэдийгээр салбарын хуульд зорилтот өөрчлөлт оруулж байгаагүй ч өнөөгийн банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг тодорхой түвшинд хуулиар зохицуулж салбарын хөгжилд өөрийн хувь нэмрийг оруулсан юм шүү дээ.
Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас улбаалан хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байна. Тодруулбал, Банк бус санхүүгийн үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах үүднээс салбарт финтекийг ашиглах нь түгээмэл болж, тухайлбал, санхүүгийн зарим төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ, төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгыг гар утасны аппликейшн ашиглан хийх болсон.
Салбарт финтек болон дэвшилтэд технологи ашиглан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж, банк бус санхүүгийн салбарын хүртээмж өсөн нэмэгдэж буй энэ цаг үед үүсээд байгаа харилцааг хуулиар зохицуулах шаардлага тулгарч байна.
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал сүүлийн хоёр жил бүхий л салбарт хүчтэй нөлөө үзүүлж байна. Танай салбар хэдийгээр финтекийг түлхүү ашиглаж байгаа давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гарсан хүндрэл бий юу?
-Цар тахалын нөлөө нэлээн хүчтэй байна. Ковидын үед банк бус санхүүгийн байгууллага болон хэрэглэгч, хөрөнгө оруулагчдад үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалсан бодлогын чухал шийдвэрүүдийг гаргаж ажилласан. Үүний үр дүнд цар тахалыг харьцангүй хүндрэл багатайгаар даван туулж байна гэж болно. Жишээлбэл, санхүүгийн салбарын үзүүлэлтийг харвал сүүлийн гурван жилийн байдлаар банк бус санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн ч цар тахалын үед өсөлтийн хувь буурсан үзүүлэлттэй байна.
Ер нь банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийг мөнгө хүүлэгч гэж хардаг болсон. Мэдээж зээлийн хүүгийн хувь хэмжээ хэрхэн тогтдог талаар тайлбарлана гэвэл чамгүй хугацаа орно.
Банк бус санхүүгийн байгууллагууд ихэвчлэн өөрийн хөрөнгөд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр өөрийн хөрөнгө ч гэлээ банктай адил эх үүсвэрийн, эрсдэлийн болон үйл ажиллагааны зардал гарна. Хуулиар олгосон эрхийн хүрээнд банк бус санхүүгийн байгууллага нь итгэлцлийн үйлчилгээ эрхлэх боломжтой.
Энэ нь итгэмжлэгчийн хөрөнгийг гэрээний үндсэн дээр захиран зарцуулж болдог үйлчилгээ юм. Мөн гадаад дотоодын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах, хаалттай болон нээлттэй хэлбэрээр бонд гаргах гэх мэтээр бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгөнд хүү төлөх, үр шим өгөх үүрэг хүлээдэг. Энэ мэтчилэн арилжааны банкны нэгэн адил зардал гарч, эрсдэл үүрч байгаа учраас эдгээр зардлуудыг тооцоолсны үндсэн дээр зээлийн хүүгийн төвшнийг тогтоодог.
Дашрдамд дурдахад, банк бус санхүүгийн байгууллагын зардлын бүтцийг харахад үйл ажиллагааны зардал нь арилжааны банкнаас хоёр дахин их буюу 36 орчим хувь байдаг. Энэ нь банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээ 2.5 тэрбум төгрөг бөгөөд үүнтэй холбоотойгоор нэг ажилтанд ногдох зээлийн багц бага учраас түүний хүүгийн орлогод ногдох ажиллах хүчний зардал зэрэг зээлийн үйл ажиллагаатай шууд холбоотой зардал өндөр байгаатай холбоотой.
-Эрсдэлд нөлөөлдөг нэг хүчин зүйл нь шүүхийн маргаан гэдгийг банк бусынхан хэлэх юм билээ. Зохицуулагч байгууллагын хувьд танай зүгээс энэ талаар хийж хэрэгжүүлэх боломжтой зохицуулалт бий юу?
-Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 21 дүгээр тогтоолоор Зээлийн хүүг бууруулах стратегийг баталсан. Энэхүү стратегийн хүрээнд зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах, хэрэг, маргааныг зардал багатай шийдвэрлэх чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох арга хэмжээг Засгийн газар, Монголбанкинд хариуцуулсан. Ингээд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны төлөөлөл оролцон ажиллаж байна.
Цаашид зээлийн хүүг бууруулахад Шүүхийн бус зарчмаар өр төлбөрийг барагдуулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага бий. Ялангуяа банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн төвшин арилжааны банкнаас өндөр байгаа шалтгаан нь арилжааны банктай харьцуулахад эрсдэл өндөртэй зах зээл дээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, зээлийн чанар нь өндөр эрсдэл дагуулж байгаа учраас зээлийн хүү банкнаас илүү байгаа юм.
Түүнчлэн нэг зээлдэгчид олгосон зээлийн дундаж нь хүртэл арилжааны банкнаас харьцангуй бага байдаг. Учир нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгч болоод өрхийн үйлдвэрлэл, гарааны бизнесийнхэнд зээл олгодог. Бүр тодруулбал, банкны хүрэхгүй байгаа тэр сегментэд хүрч үйлчилдэг гэсэн үг.
Энэ оны эхний хагас жилийн байдлаарх тоон мэдээллээс харахад банк бус санхүүгийн байгууллага нэг зээлдэгчид дунджаар 2.1 сая төгрөг олгосон байх жишээтэй. Тэр дундаа уламжлалт зээл хэлбэрээр дундажаар 4.6 сая төгрөг, финтект суурилан 360 мянган төгрөгийн зээл олгосон байна. Тэгэхээр жижиг, олон зээлдэгчтэй харилцдаг нь гарах зардлыг нэмэгдүүлж, эрсдэлийг өсгөж байна гэж ойлгож болох юм. Мөн өр барагдуулах ажиллагаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг, бөгөөд нэлээн шат дамжлагатай учраас банк бус санхүүгийн байгууллагын салбарт 5-7 жилийн хугацаа зарцуулж барьцаа хөрөнгөнөөс нь зээлийн эргэн төлөлтийг барагдуулсан тохиолдлууд бий.
-Банк бус санхүүгийн байгууллагууд финтек салбарт түлхүү ажиллах хандлагатай болжээ. Технологит суурилсан үйлчилгээ үзүүлж байгаа нь сайн боловч ирээдүйд гарах эрсдэлийг тооцоолох боломж бий юу. Үүн дээр төрөөс зохицуулалт, хамгаалалт хийх боломжтой юу?
-Сүүлийн үед санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг гар утсаараа хийж байна. Тухайлбал, зээл авах, төлбөр тооцоо хийх, валютын арилжаа хийх гэх мэт. Финтекийн салбар хөгжихөд цар тахалын нөхцөл байдал жинтэй нөлөөлсөн гэж болно. Хэдийгээр цаг үеийнхээ хөгжлийг дагаад өөрчлөгдөж байгаа гэх боловч шинэ тутам орчин учраас гарах эрсдэл их байж болно.
Гэхдээ Санхүүгийн зохицуулах хорооноос технологиор дамжуулаад хэрэглээний онлайн зээл биш уламжлалт буюу барьцаа хөрөнгөтэй зээлийн асуудлыг шийдэх боломжтой гэж хардаг. Энэ чиглэлээр банк бус санхүүгийн байгууллагыг дэмжин ажиллаж байна. Цаашид бизнесийн зээлийг ч мөн цахимаар авах боломж нэмэгдэнэ.
Одоогийн байдлаар 22 банк бус санхүүгийн байгууллага онлайн зээлийн үйлчилгээ үзүүлж байгаа. Тэдгээрт Санхүүгийн зохицуулах хороо өндөр шаардлага тавихгүй. Харин ямар төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх вэ, зах зээлд хэрхэн нэвтрүүлэхээр зэхэж байна вэ гэдэг танилцуулга мэдээллийг бидэнд өгөхийг хүсдэг. Ийнхүү танилцсанаар технологийн ямар шийдэл байж болох, үйл ажиллагаагаа ямар зарчмаар явуулж болох зэрэгт санал оруулдаг. Ингээд саналын дагуу өөрчлөлт, сайжруулалт хийсний дараа харилцагч, зээлдүүлэгчдэд хүргэхийг зөвшөөрдөг.
Цаашид финтекийн салбар санхүүгийн зах зээл дээр эрчимтэй хөгжих хандлага ажиглагдаж байгаа учраас хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа эрхэлж буй банк бус санхүүгийн байгууллагын зохицуулалтыг тусгасан. Ингэснээр технологийн болон харилцагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах вэ гэдгийг зохицуулалтын арга хэрэгслээр хангах боломжийг бүрдүүлнэ.
-2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд ямар, ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Хууль санаачлагч шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулсан. Орсон өөрчлөлтийн тухайд гэвэл банк бус санхүүгийн байгууллага одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалтаар тусгай зөвшөөрлийн хүрээнд 10 төрлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Хэрэв тухайн банк бус санхүүгийн байгууллага 10 төрлийн үйл ажиллагааг бүгдийг нь эрхлэхийг хүсвэл тусгай зөвшөөрөл болгонд материал бүрдүүлэх учиртай. Харин шинэчилсэн найруулгаар тусгай зөвшөөрлийг илүү хялбар болгохын тулд үйл ажиллагааг нь багцалсан. Тухайлбал, валют арилжаа, зээлийн үйл ажиллагаа, хөрөнгө удирдлага, факторингийн чиглэлээр гэж ангилсан. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын шаардлагыг хангаж тусгай зөвшөөрөл авбал хуульд заасан, түүнд хамаарах үйлчилгээг бүгдийг нь үзүүлж болно гэсэн үг.
Мөн финтекийг хэрхэн зохицуулах талаарх заалтыг хуульд тусгасан бөгөөд нэр томъёо, ойлголтыг тусгасан. Түүнчлэн факторингийн үйл ажиллагааг бас тодорхой зааж оруулсан. Ингэснээр Факторингийн үйлчилгээ буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөгжлийг шинэ шатанд хүргэнэ гэж бодож байгаа.
-Хөрөнгө удирдлагын чиглэлээр дагнан ажиллаж болох нь. Тэгвэл банк бус санхүүгийн байгууллага хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллах боломжтой юу?
-Хөрөнгө оруулалтын сан бол тусдаа хуулиар зохицуулагдана. Харин Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан итгэлцлийн үйл ажиллагаа эрхэлж болно. Хөрөнгө удирдлага гэдэг нь хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулж өгсөн заалт бөгөөд итгэлцлийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой байхаас гадна бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл гаргах замаар олон нийтээс хөрөнгө босгох зэрэг боломжууд нэмэгдэх юм.
-Банк бус санхүүгийн байгууллага өөрийн хөрөнгийг удирдаж байгаа учраас Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр үйл ажиллагаагаа хөгжүүлэх боломж бий юу?
-Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль дээр заасан үйлчилгээг тусгай зөвшөөрлийн хүрээнд эрхэлж байгаа учраас оноосон нэрний ард “ББСБ” товчилсон тэмдэглэгээг хэрэглэнэ гэсэн заалт бий. Хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар зохицуулдаг учраас ББСБ сангийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй юм.

Уншиж байна...