
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
А.СҮНЧИГМАА
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ирэх оны төсвийн төслийн талаар ярилцлаа.
-Ирэх оны төсвийн орлого, зарлага өмнөх онуудтай харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Сангийн яамнаас орлогыг бодитойгоор төлөвлөж, зарлагыг маш сайн танасан гэж мэдээлсэн. Та ямар байр суурьтай байна?
-Төсвийг батлахдаа 2-3 удаа тодотгодог. Энэ нь төсвийг ямар ч төлөвлөгөөгүйгээр хийсэн гэсэн үг. Төлөвлөхдөө олон улсын болон, үндэсний хэмжээний экспертүүдийн дүгнэлтүүдийг харах ёстой. Нүүрс, зэсийг зах зээлийн бодит үнээс давуулж тооцоолж байна. Жишээлбэл нүүрсийг 30 сая тонн гаргана гэж төлөвлөсөн нь өнгөрсөн жилийнхээс нэг дахин их дүн. Ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй. Бодит шинжлэх ухааны үндэслэлгүй, тооцоо судалгаагүйгээр төсвөө нэмж бичиж байгаа нь луйврын шинжтэй. Төсөв сүүлийн гурван жилд 10 их наяд энэ жил 2.4 их наядаар алдагдалтай баталж байгаа. Төсөв гэдэг нь орлого, зарлага. Үүнийг бодитоор бичих хэрэгтэй. Хэт давуулан бичих үед тодотгол хийх шаардлага үүсдэг. Орлогоо бодитой бичиж, дараа нь уялдуулж зарлагаа тооцоолно. Энэ хоёр тэнцэх учиртай. Төсөв дээрх зэсийн үнэ зах зээл дээрх үнээс 1700 ам.доллароор зөрж байгаа. Ийм байхад төсөв тодотгохоос өөр аргагүй болно.
-Батлах гэж буй төсвийн орлого, зарлагын зөрүү буюу төсвийн алдагдлыг хэрхэн төлөх вэ?
-Энэ бол нэргүй татвар. Хоёр гаруй их наяд төгрөг өнөөдөр дуу хоолойгоо өргөж чадахгүй байгаа, юу ч мэдээгүй байгаа хүүхдүүдэд давхар дарамт болно.
-Манай улс төсвийн алдагдал болон зээл, бондыг яаж төлөх вэ?
-Газар нутгаа барьцаанд тавьж авсан Засгийн газрын бонд гэх зүйл нь 30 хувийн хүүтэй. Уг нь 5-10 хувийн хүүтэй байж зүйд нийцнэ. 2024 онд бид таван тэрбум ам.долларын хүүг төлөх ёстой. Гэвч бид өмнөхөөсөө дордсон нөхцөлтэй, илүү хүүтэй өрийг дахин өр болгож хойшлуулах ажлыг зүгээр л хараад суух гэж байна. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхдөг байсан бидэнд одоо хойд хормой ч байхгүй. Энэ нь сүүлийн зургаан жил МАН-ын эрх баригчдын хийсэн үйл лайг ард түмэн үүрнэ гэсэн үг. Монголын хойч үе хүүхдүүд мах, цусаараа энэ их өрийг төлөх ялд уналаа. Бид 33 тэрбум ам.долларын өртэй болсон нь нэг хүнд ногдох өр 30 сая төгрөгтэй тэнцэх юм. Өрийн хүүг бид төлж чадахгүй. Хүү нь нэг жилийн 1.8 тэрбум ам.доллар. Энэ хүүг бид улсдаа зориулсан бол хэчнээн сургууль, цэцэрлэг, эмнэлгийг барьж чадах байсан бол.
-Бидэнд энэ аюултай байдлаас гарах арга зам бий юу?
-Би төрийн өндөрлөгийн аль нэг албан тушаалыг гурван сар надад өгөөд буцаагаад ав гэсэн санал тавьсан. Надад албан тушаал хэрэггүй. Энэ улс, ард түмнийг босгоод буцааж төрийн өндөрлөгийн суудлыг өгье л гэсэн юм. Миний хийхийг зорьж байгаа ажил бол гадаад худалдааг нээх. Одоо байгаа төрийн гурван өндөрлөг Монголын бизнес эрхлэгчидтэй яаралтай хэлэлцээр хийж, дэмжлэг үзүүлэх ёстой. Бизнесмүүд л өнөөдөр татвар төлж, ажлын байр бий болгодог шүү дээ. Мөн бизнесийн хууль эрх зүйн орчныг маш өндөр түвшинд төлөвлөн бэлтгэж, батлах хэрэгтэй.
-“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль”-ийг та хэрхэн дүгнэх вэ?
-Би энэ хуулийн эсрэг бат зогсоно. Гоё нэртэй шинэ хууль боловч концесс гэдэг зүйлээс ялгарах юмгүй. “Төр, хувийн хэвшлийхний төсвийн тухай хууль” /ТХХТ/-ийг төр нь хувийн хэвшлээ яаж дарамталж, ашиглах вэ гэж л бэлдсэн. Жишээлбэл 37.3-р зүйлийг авч үзье. Төр яаж төсвийн мөнгөөр тендерээ хуульгүйгээр зарлах ёстой вэ гэсэн байдаг. Концессын хууль нь төрийн сайд төсвийн мөнгөөр, хувийн компаниар хэрхэн ажил хийлгэх вэ, дундаас нь яаж мөнгө унагаах вэ гэх санаатай ойролцоо хууль. “Төр, хувийн хэвшлийн тухай” хууль нь сайд төсвийн мөнгөн дээр нэмээд хувийнхны хөрөнгөөр хувийн компанийг яаж дур мэдэж захиргаадах вэ гэх талаар юм. Үүний илрэл нь 57 удаа зөвшөөрөл гэдэг үг, 46 удаа хяналт гэдэг үг орсон. Хэрэв түншлэл юм бол төр, хувийн хэвшлийг төлөөлж буй байгууллага хоёр ижил тэнцүү байр суурьтай байх ёстой. Арслан, хонь хоёр түншлэх гэж оролдох юм бол хонь шууд мах болно шүү дээ.
-Ирэх оны төсөвт иргэдийн хэлж байгаа гол санал нь юу байв?
-Би санал хураалттай танилцаж амжаагүй яваа. Би хувьдаа иргэдийг МАН-ын хийсэн ажлын үр дүнд ард түмэн цалин, орлого, тэтгэврийнхээ дунджаар 40 хувийг татвар нэрээр хулгайлж байна гэх саналыг хэлээсэй гэж хүссэн. Төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой доод түвшинд барих нь эрх баригчдын үүрэг. Бид энэ үүргээ биелүүлээгүйгээс болж нэг ам.доллар 3500 төгрөгтэй тэнцлээ. Инфляц 16.2 хувь болов. Мөн иргэд өнгөрсөн жилийн авсан бодит цалингаа авах боломжтой юу гэж асуух ёстой. Авмаар байна гэж шаардах хэрэгтэй. АНУ амьжиргааны өртөгтэй уялдуулж цалин хөлс дээр нэмэгдэл олгох хууль бий. Манайд өмнө нь байсан одоо ч хэрэгтэй.
-Танах шаардлагагүй нэн яаралтай төсвийг таналаа гэх хардлага иргэдийн дунд байх шиг байна?
-Эрэмбэлэх хэрэгтэй. Жишээлбэл баригдаж дуусаагүй барилгын төсвийг нэн шаардлагатай үгүйг нь нягтлах юм. Монголчуудад соёл урлаг хэрэгтэй ч өнөөдөр манайд цэцэрлэг, сургуулийн үйлчилгээ дутмаг, нэн шаардлагатай байгаа юм. Тэгэхээр барилга байгууламжуудыг эрэмбэлж төсөвлөх хэрэгтэй.
-Үйлдвэрчний байнгын хорооны хурал дээрх таны санал юу байв?
-Эрдэнэтийн овоолго гэж ярьдаг. 50-100 сая ам.долларын ашигтай ажиллана. Эрдэнэтийн болон Монголын ард түмэн шууд ашиг хүртэх байдлаар зохион байгуулаач гэсэн утгатай хуулийн төслийг эрх баригчдад өргөн барьж хэлэлцлээ. Эрх баригчид харин үгүй гэсэн байр суурьтай байгаа нь үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг зөрчив. Уг заалтад газрын хэвлийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд гэж заасан. Энэ баялгийг хуулиар олгосон эрхтэй эздэд нь илүү ашиг хүртэх байдлаар ажиллах хэрэгтэй. Эрх баригчид улс төрийн бүлэглэл бүхий гурван компанид түрүүлж ашгийг хүртээх зорилготой байна. Төр бол ард түмний төлөөлөл, тэдний санаа бодлыг сонсож үйлчилдэг байх ёстой. Одоо манайд дүр эсгэсэн төр ажилладаг. Энэ тогтоолын төсөлд УИХ-ын хууль зүйн эрх зүйн газар дүгнэлт хийсэн. Ийм эрх байхгүй. Махатма Гандигийн хэлснээр манай оронд хүн бүр сайхан амьдрах баялаг боломж бий. Хэдхэн луйварчдын шуналыг гүйцэлдүүлэх баялаг манай оронд хүрэлцэхгүй байна гэж хэлсэн. Энэ байдал Монголд өнөөдөр давтагдаад байна.

Уншиж байна...