Уншиж байна...

Уншиж байна...

"Шар дарцаг" аяны хүрээнд авто осол буурчээ
Нийгэм 

"Шар дарцаг" аяны хүрээнд авто осол буурчээ

Oyukhaa Oyukhaa
10 сарын 27, 2022

Б.ЛХАГВА

Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой “Шар дарцаг” аяныг НЗДТГ-аас хоёр дахь жилдээ зохион байгуулж буй. Аяныг энэ сарын 17-ноос ирэх сарын 17-ныг дуустал нэг сарын хугацаанд өрнүүлэх юм. Энэ нь ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэжээ. Шар дарцгийг гэрлэн дохиогүй гарцын хажууд байрлуулснаар зам гарах гэж буй хүн дарцгийг авч, жолоочид дохио өгнө. Гарцаар гарсны дараа дарцгийг зориулалтын саванд буцааж хийх юм. 

“Анхааралтай байвал-Аюул үгүй” уриан дор хэрэгжүүлж байгаа “Шар дарцаг” аяны талаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Содбаяр, Тээв­рийн цагдаагийн албаны Урьдчилан сэргий­лэх хэлт­сийн ахлах мэргэжилтэн, цаг­даа­гийн хошууч Г.Отгонтамир мэдээлэл өгөв.

Г.Содбаяр: Аж ахуй нэгж, иргэд шар дарцгийг гарцан дээр байрлуулж болно

Сүүлийн таван жилийн байдлаар зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэл авсан харамсалтай тоон мэдээ байна. НЗДТГ-аас 2021 оноос Замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор “Шар дарцаг” аяныг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Уг аянд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд идэвхи санаачлагатай оролцсон төдийгүй орон нутагт ч дэмжин хэрэгжүүлсэн. Зам тээврийн осол бидний хайхрамжгүй, болгоомжгүй, хэнэггүй байдлаас гарч байна. Жолооч нар илүү хариуцлагатай байх ёстой. Жишээлбэл, Сингапур зэрэг улс нь хүүхдэд зөв дадлыг багаас нь хэвшүүлдэг. Замын хөдөлгөөнд оролцогч жолооч болон хүүхдүүдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тэдэнд зөв дадал хэвшил бий болгоход эцэг, эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал. Аяныг хэрэгжүүлснээр ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зам, тээврийн осолд өртөх эрсдэл буурна гэж тооцож байгаа. Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч нарыг тус аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна. Эхний ээлжинд шар дарцгийг 400 ширхэг, савыг нь 100 ширхгийг хэвлүүлж есөн дүүргийн гол, гол эрсдэлтэй гэсэн уулзваруудад тараасан. Аж ахуйн нэгж болон иргэд энэ үйл ажиллагааг дэмжиж шар дарцгийг гарцан дээр байрлуулж болно.

Г.Отгонтамир: Сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол 32.5 хувиар буурсан

Хүүхдийн аюулгүй байдал Монгол Улсын хэмжээнд гол анхаарал татаж байгаа. Энэ оны эхний есөн сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээ байна. Тэдгээрийн 51 нь орон нутагт, зургаа нь нийслэлд болсон. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд заавал эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан. 2021 онд эхэлсэн “Шар дарцаг” аян тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдах байдал ил тод болж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол эрс буурсан. Түүнчлэн эцэг эхчүүд өөрсдийн санаачилгаар аяныг хэрэгжүүлж байгаа. 2019 оны хичээл эхэлсэн үеийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осол бүртгэгдэх тохиолдол 45-50 хүртэлх хувиар багассан. Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэд зөв дадлыг хэвшүүлэх, хөдөлгөөнд оролцож байгаа иргэн анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна. Мөн хөдөлгөөнд оролцож байгаа иргэд маань анхаарал болгоомжтой явахыг зөвлөе. Жолооч болон эцэг эхчүүд явган хүний гарц руу дөхөж ирэхдээ I, II эгнээний жолооч зогссон үед дагаж хурдаа сааруулах хэрэгтэй.

Д.Сумъяабазар: Монгол инженерүүдтэй хамтран Дижитал шижилтийн төлөвлөгөөг хэрэгжүүлж байна
Боловсролын салбарын “хөрөнгө оруулагч”
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...