Уншиж байна...

Уншиж байна...

Жагсагчдад ордон барьж өг
Нийгэм 

Жагсагчдад ордон барьж өг

Oyuk Oyuk
1 сарын 4, 2023

Ч.ГАНГА

Хэдхэн сарын өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад хөл тавьж, “Монгол бол энхтайваны бэлгэ тэмдэг, амар амгалан орон юм” хэмээн мэдэгдэж байсан Сүхбаатарын талбайд хасах 40 хэмийн хүйтэнд залуус шударга ёс нэхэж 23 хоног жагссан. -40 градусын хүйтэнд цемент чулуун дээр хэвтэж байгаа жагсагчиддаа эрх баригчид хоёр гэр барьж өгсөн. Тэр ч бүү хэл СТӨ-нд өрөө гаргаж өгөх зэргээр “чих зөөлөн” хандсан. Гараад ир гэж хашгирахаар нь Ерөнхий сайд талбай руу гүйж гарсан. Шадар сайд нь ч очсон. Хууль зүйн сайд нь ч ундааны саваар шидүүлэн барин уулзсан. Энэ бол нааштай үзүүлэлт. 

Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулна гэж Үндсэн хуульдаа баталсан орон. Хүний эрхийг дээд зэргээр хангах учиртай ийм  л улс.Тиймээс жагсагчдад хоёр гэр барьж өгөх нь хэтэрхий “жул” байна. Түүний оронд ордон бариад  өгчихвөл жинхэнэ хүмүүнлэг, иргэний, ардчилсан улс болохоо Төв Азийн цээжинд тунхаглаж, Монгол Улс  энхтайваны бэлгэ тэмдэг, амар амгалангийн туйл болохыг батлаад зогсохгүй элдэв  сөргөлдөөнтэй байгаа гадныхныг алмайруулах бус уу.  

Жагсагчид хэлж байсан, “Хулгайч нар ордонд ороод суучихсан юм чинь хашаа, хаалгыг нь эвдэл” гэж. Тэгээд эвдэлсэн, дотогшоо нэвтэрсэн. Төрийн хамгаалалттай бүс рүү халдаж болохгүй, эвдэж сүйтгэж болохгүй гэсэн шүүмжлэл түүнийг дагаад өрнөсөн. Залуус эвдэж сүйтгэе гээгүй байх, хамгийн гол нь хулгайч, шударга иргэдийн хооронд тэнгэр газар шиг зөрүүтэй байгаад л бухимдсан байх. Хулгайч ордонд сууж, шударга иргэд хүйтэн цементэн дээр хэвтэж байна гэхээр бухимдал төрж, цөс нь хөөрсөн биз. 

Бас банкууд байна. Иргэдийн хадгаламж, мөнгөн гүйлгээнээс хагартал баяжсан арилжааны банкууд бүгд тус тусдаа ордон харш бариад ороод сууцгаачихсан. Мөнгөө хадгалуулсан иргэд гудамжинд үлдсэн. 

Намууд ч мөн адил. Ардын нам иргэдэд нээлттэй, иргэддээ үйлчилдэг ордон барина, Тусгаар тогтнолын ордон гэж нэрлэнэ гээд өөрсдөө орж суугаад иргэдээсээ тусгаарлачихсан. Ардчилсан нам иргэний ордон барина гэж худал амлаж СТӨ-ний хүзүүвчин дэх байраа зарж  хэдэн хүн завшаад одоо өөрсдөө ч орох оронгүй, энд тэнд толгой хоргодож яваа. 

Тэгэхээр байна аа, Монголын төр одоо иргэддээ зориулж “Иргэний ордон” барьж өгөх цаг болжээ. Тэд ордонд заларч байхад иргэд яагаад гудамжинд жагсч байх ёстой гэж. Өмнө нь ийм шаардлагыг Эрс шинэчлэл хөдөлгөөний анхдагчдын нэг, иргэний нийгмийн байгууллагын зүтгэлтэн, улс төр судлаач Б.Батбаатар нэлээд олон жилийн өмнөөс анх тавьж байсан удаатай. Тэрбээр “Монголчууд төрд үгээ хүргэхийн тулд Төв талбайд жагсдаг байсан бол сүүлийн үед Төрийн ордны гадна суулт хийдэг болжээ. Гудамжинд ядарч туйлдаж жагссанаас “Иргэний ордон”-той  болж үзэл бодлоо хүргэдэг байя гэсэн санаачилгыг гаргаж байна. Эрх баригчид ордонд, иргэд гудамжинд өлсдөг ёсыг халъя.  

“Иргэний ордон” ямар зорилготой вэ гэвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх өргөө байх юм. Одоо ч энэ хэрэгтэй, алийн болгон эрх баригчид Төрийн ордонд тарвалзаж, жирийн иргэд гудамжинд өлсгөлөн зарлаж, жагсч тэмцэж, хүйтэнд хөрч халуунд халж ядарч зүдэрч байх ёстой юм бэ. Энэ байдлыг өөрчлөх ёстой.  

Монголчууд Үндэсний бөхийн өргөөг бүтээж чадсан туршлагатай, байгуулсан гавьяатай. Үүнд бөхчүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн, төр ч дэмжсэн. Гэтэл “Иргэний ордон”-той болъё гэхээр яагаад хэн ч дуугардаггүй нь сонин. Хэн нэгний эрх ашиг хөндөгдөх гээд байна уу. Ялангуяа төрийнхний. Эсвэл тэдний эрх ашгийг, ард түмний эрх ашигтай хамт хангах гээд байна уу” хэмээн хэлж байсан удаатай. Сүүлийн жилүүдэд бухимдсан иргэд төв талбайд ойрхон давтамжтай жагсч цуглах боллоо. Өнгөрсөн жил нэг иргэн төв талбайд өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн хэрэг ч гарсан. Саяын жагсаалын үеэр бие дээрээ шингэн зүйл асгаж, шатаахыг завдсан явдлыг цагдаагийн байгууллага таслан зогсоосон хэмээн мэдэгдэж байсан. Тэгэхээр Монгол Улс өнөөдөр “Иргэний ордон” гэх үү, “Эв нэгдлийн ордон” гэх үү, ямартай ч иргэддээ ордон барьж өгөх цаг иржээ.

М.Баяраа: Цэвэрлэгээний машин, техникүүдийг нэмэх, парк шинэчлэлийг даруй хийх хэрэгтэй
Даншиг наадмаар 200 аж ахуйн нэгж 10 мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээ дэлгэлээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...