
Н.Баярчимэг: Ил зогсоол богино хугацаанд сэлгэлттэй байх ёстой
З.ОЮУ
“Улаанбаатар хотын авто зогсоолын менежментийг сайжруулах нь төсөл” ийн талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Төслийн хүрээнд хийх ажлуудыг хэрхэн санхүүжүүлэх вэ?
-Авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, менежментийг сайжруулах, төлбөрийн системийг нь илүү ухаалаг байдлаар шийдэхэд анхаарах шаардлагатай. Үүнийг олон эх үүсвэрээс хийхээр төлөвлөж байгаа. Хамгийн гол нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Иймээс манай компаний зүгээс анхаарч ажиллах чиг үүргийнхээ хүрээнд тодорхой байршлууд дээр авто зогсоолийн менежментийг хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэхээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Тухайлбал Сөүлийн гудамж, “Хүүхдийн 100”-ийн урд ил зогсоол, III, IV хороолол, Их нялхасаас Өргөө хүртэлх ил зогсоол хамаарна.
-Зогсоолын төлбөрт лимит тогтоох уу?
-Авто зогсоолийн тарифийг тогтоох эрх бүхий субъект нь хуулиараа НИТХ байдаг. Бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд харилцан үр ашигтай ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл төсөлд хамтран ажилласан хувийн хэвшил тодорхой хэмжээний оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой байх ёстой. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа авто зогсоолийн менежментийг илүү бодит байдалтай нийцсэн байхаар зохицуулах нь зүйтэй гэсэн санал оруулсан.
Мөн авто зогсоол ил, далд, давхар гэх мэт олон төрөл бий. Төрлөөсөө хамааран ялгамжтай байх зохицуулалт гарна. Ил зогсоолын тухайд хурдан хугацаанд сэлгэлттэй байх ёстой гэдэгт анхаарч байгаа.
-Зогсоолоос олсон орлогыг хаана төвлөрүүлэх вэ?
-НИТХ-аас батласан одоогийн журам бий. Тус журмаар авто замын хөгжлийн газар хувийн хэвшилтэй гэрээлж авто зогсоолын менежментийг хийж байгаа. Менежментийг 60/40 харьцаатай байхаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл 60 хувь нь авто замын хөгжлийн сан руу, 40 хувь нь тухайн менежментийг хийж буй компанийх юм. Мөн энэ тал дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээн дэх төсөл арай өөр ялгамжтай байх ёстой гэж үзсэн. Тодруулбал тухайн төслийн эдийн засгийн үр ашиг тооцоонд тулгуурлан хувийг эргэж харах ёстой. Магадгүй хувийн хэвшил 100 хувь орлогоо авах нь зүйтэй байх боломжтой гэж үзэн саналаа өгчигсөн. Үүнийг ажлын хэсэг дээр сайтар ярилцан иргэдийн хурлаар шийдвэрлэнэ гэсэн үг юм.

Уншиж байна...