
М.Баяраа: Стандарт шаардлага хангасан давсаар сольж өгөх шаардлага тавьсан
З.ОЮУН-ЭРДЭНЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр малыг хотоос гаргаж байгаа нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэнээ бодсон шийдвэр. Тиймээс нийслэлийн ойролцоо мал малладаг, мөн отор хийж байгаа малчид малаа хараа хяналттай байлгах шаардлага үүссэн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлээс хичнээн тооны малыг гаргасан бэ?
-Хотын төвийн нийт зургаан дүүрэгт 535 албан хаагч, 93 автомашин, 27 эргүүлтэйгээр нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс нийт 6385 малыг тууж гаргасан. Хотын бүсэд малаа оруулж ирж байгаа эзэдтэй уулзаж санал хүсэлт, нөхцөл байдлыг сонссон. Налайх дүүрэг, Партизан болон хотыг тойрсон Төв аймгийн сумдын мал ихээр орж ирж байгаа талаар хүмүүс хэлж байна. Улсын хэмжээнд хоттой ойр болон хол зарим газар малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор Онцгой байдлын тухай хуулиар өвчлөлтэй бүсийг хязгаарладаг. Та бүхэн санаж байгаа бол 2017 онд үхрийн шүлхий өвчин гарч, Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд урт хугацааны хорио хязгаарлалт тогтоож байсан.
-Зам дээр цацсан давсны шинжилгээний хариу гарсан уу?
-Нийслэлийн гудамж, зам талбайд цацсан давсны орц, найрлагыг шалгуулсан. Шинжилгээгээр 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Гэхдээ маш их бохирдолтой шавартай, хог шороотой, мөстэй давс нийлүүлсэн байна. Тиймээс нийлүүлэгч компанид мэдэгдэл хүргүүлж чанар, стандарт шаардлага хангасан давсаар сольж өгөх шаардлага тавьсан. Компани шаардлагыг хүлээн авч, 100 тонн давсыг сольж өгөхөөр болсон.
-Нийт хэчнээн тонн чанаргүй давс нийлүүлсэн бэ?
-Нийт 200 гаруй тонн давс авсан. Үүнээс 80 гаруй тонныг зам талбайд цацаж үлдсэн 100 тонныг хэрэглэхийг хориглож, агуулахад хадгалж байна. Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон.

Уншиж байна...