
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Г.ГАНЧИМЭГ
“Багшийн хомсдолын өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн 2024 оны есдүгээр сарын 5-ны өдрийн 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.
Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Галбадрах ахалж байгаа бөгөөд 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах “Засгийн газраас ирэх оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд явуулж буй бодлогын үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь өнөөдрийн энэ хэлэлцүүлэг юм. Боловсролын яаман дээр сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ, хүртээмжийн болон сургалтын чанарын асуудлаар хоёр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Эдгээр ажлын хэсэг тус тусын мэдээлэл, судалгаандаа үндэслэн, гарц гаргалгааны талаарх саналаа нэгтгэж, нэгдсэн шийдэл боловсруулна” гэж ярилаа.
Улирч буй 2024-2025 оны хичээлийн жил 4200 орчим багшийн дутагдалтай эхэлж байсан бол энэ тоо өдгөө 5700-д хүрчээ. Энэ тоон мэдээллийн цаана буюу ар талын асуудал нь нэг мэргэжлийн багшаар давхар өөр хичээл заалгах, ингэснээр стандарт 19 цагаас хэтэрсэн ачаалал авч ажиллах, салбарын хэмжээнд жендэрийн харьцаа алдагдсан зэргээр бугшсан асуудлуудыг үүсгэж байгаа аж. Энэ бүхнийг тооцоолж багшийн нөөцийг бүрдүүлэх шаардлага тулгарчээ. Тиймээс Засгийн газраас багшийг дэмжих хөтөлбөрийг Боловсролын зээлийн сангийн оролцоотой хэрэгжүүлж, оюутан залуусыг сургаж байгаа ч чанарт анхаарах шаадлагатай, багш мэргэжлийн нэр хүндийг өсгөх, нийгэмд гарч байгаа зарим буруу хандлагыг залруулж, багшийг хүндэтгэж, ёс жудагтай харилцаж ирсэн уламжлалыг сэргээх, эцэг эхийн хандлагыг зөв тогтоох, багш нарын өөрсдийнх нь ёс зүйг дээшлүүлэх, тэдний хөгжлийг хангахад анхаарал хандуулах цаг болсныг онцлон тэмдэглэж байв.
Боловсролын яамны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунаа “Багшийн хангалт, хөгжлийн талаарх бодлого, арга хэмжээ”, МУБИС-ын Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон “Багш бэлтгэж буй өнөөгийн байдал, багшийн хангамжийг нэмэгдүүлэх арга замууд”, Санхүү, эдийн засгийн их сургуулийн Боловсролын сургуулийн зөвлөх багш Ч.Жачин “Хувийн их дээд сургуульд багш бэлтгэж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал”, Боловсрол судлаач, эдийн засагч, Хэлсиний их сургуулийн магистр Г.Ариунхишиг, Боловсрол судлаач, Стэнфордын Боловсролын сургуулийн магистр Э.Сүндарь нар “Багшийн ажлын байрны зураглал, ачаалал, ажлаас гарч буй шалтгаан, нөхцөл, бодлогын шийдэл”, Төв аймгийн Боловсролын газрын дарга Ц.Нарантуяа өөрийн аймгийн жишээн дээр үндэслэн “Багшийн хүрэлцээ хангамж, өнөөгийн байдал”, Нийслэлийн 88 дугаар сургуулийн захирал Ч.Уранбаяр мөн өөрийн сургуулийн жишээн дээр “Улаанбаатар хот дахь багшийн дутагдал, түүнийг давах зарим оролдлого” зэрэг илтгэлүүдийг тавьж, хэлэлцүүлэв.
Илтгэгч Р.Оюунаа багш бэлтгэхээс эхлээд тэдний цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, багшийн мэргэжлийн хөгжлийг хангахтай холбоотойгоор явуулж буй бодлогын шийдлүүд, түүний суурь судалгааны дүн, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм. Боловсролын яам багшийн хэрэгцээ, шаардлагын талаарх судалгааг түвшин бүр дээр судлагдахуун болгоноор хийж, хангалтыг зохицуулан ажиллаж байгаа аж. Багшийн дутагдал, хомсдолын асуудлыг аймаг бүрээр, мэргэжлийн чиглэл бүрээр нэг бүрчлэн урьдчилан хийж, шаардлагатай арга хэмжээг хугацаа алдалгүй авах зохион байгуулалтын ажлыг явуулж байгаа гэдгийг тэрээр илтгэлдээ дурдана билээ.
Харин МУБИС-ын Сургалт, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Д.Соронзон сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулиудад багшийн хангамжийг нэмэгдүүлэхийн тулд шинэ төгсөгчдийг зөвлөх багшийн тусламжтай дэмжиж, ажилд нь гаршуулан сургах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний ажлаас гарах хурдыг бууруулахын тулд тогтвор суурьшлыг дэмжих нийгмийн баталгаа, сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх, мэргэжлээрээ ажиллах багшийн тоог нэмэгдүүлэхийн тулд бусад салбарт шилжсэн багш нарыг эргүүлэн дуудах урамшуулалт хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг арга замыг санал болгов.
Боловсрол судлаач, эдийн засагч, Хэлсиний их сургуулийн магистр Г.Ариунхишиг, Стэнфордын Боловсролын сургуулийн магистр Э.Сүндарь нар энэ оны хавраас эхлэн “Багшийн ажлын байрны зураглал, ачаалал, ажлаас гарч буй шалтгаан, нөхцөл, бодлогын шийдлийн талаарх судалгаа”-гаа тус ажлын хэсгийн захиалгаар хийснээ танилцууллаа. Судалгааны дүгнэлтээр, багшийн хомсдол нь ажлын ачаалал их, стандарт цагаасаа хэтрүүлэн ажилладагтай холбоотой далд хомсдол, сургуулийн хүний нөөцийн стандарт, уян хатан зохицулалт дутмаг, сургалтын байгууллагын багшаас бусад чиг үүргүүдийг хавсран гүйцэтгэдэг байдал, шинэ төгсөгчдийг дэмжих, тогтвортой ажиллуулах бодлого, хөтөлбөргүй, орон нутаг, алслагдсан бүс нутагт гэрээсээ хол ажиллах боломжгүй, олон жил тогтвортой ажилласан хэдий ч нийгмийн баталгаа нь хангагдаагүй багш нарын сургамж зэрэг олон шалтгаантай байна.
Мөн гүйцэтгэлийн үнэлгээ, санхүүжилтийн шинэчлэлт, Pearson, Eduten зэрэг олон улсын хөтөлбөртэй холбоотой багш нарын ажлын ачаалал, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлагыг нэмэгдүүлж байгааг судлаачид тэмдэглэж, мэргэжлийн чиглэлүүдэд ялгаатай хандах явдал багш нарт асар их стресс үүсгэж байгааг дурдлаа. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын ерөнхий газар, аймаг, нийслэлийн боловсролын газрын удирдах ажилтнуудаас гадна сургууль, цэцэрлэг, их дээд сургуулийн удирдлага, судлаач нар, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид тус хэлэлцүүлэгт оролцсон юм.

Уншиж байна...