
"Шинэ Хархорум" хотын бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Б.БОЛОР
“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг энэ сарын 15-нд албан ёсоор эхлүүлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мэдэгдэж “Их хаадын цэцэрлэгт хүрээлэн”-д Төрийн далбааг мандууллаа.
Шинэ Хархорум хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх хот болно гэж тооцоолж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол түмний ариун гал голомт болох Орхоны хөндийд Хархорум хотыг бүтээн байгуулахдаа сурвалж бичиг, археологийн олдвор, нотолгоонд тулгуурлан 800 гаруй жилийн тэртээх дүр төрх, Их хаадын сүр хүчийг шингээх ёстойг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулж, Монгол үндэстний түүх, язгуур өв, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинд ээлтэй, хүний ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн хот байгуулахаар төлөвлөсөн.
”Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийг татан оролцуулах бодлого барьж байгаа бөгөөд Хархорум хот нь ухаалаг, түүх соёлын дурсгалт өв бүхий уламжлалт шинэчлэлтийг хослуулан сүндэрлэх юм.
Хархорум хотыг бүтээн байгуулах хүрээнд нийт 1,500 га талбайд нэг сая гаруй шилмүүст болон навчит мод, сөөг тарьж ургуулна.

Уншиж байна...