Уншиж байна...

Уншиж байна...

ҮХНӨ: Гишүүдийн тоо Х.Баттулгын хүссэнээр 108 болох нь дээ
Улс төр 

ҮХНӨ: Гишүүдийн тоо Х.Баттулгын хүссэнээр 108 болох нь дээ

Oyuk Oyuk
5 сарын 17, 2023

Ч.АРИУН 

“Иргэд гишүүдийн тоог 152 биш, 108 хүртэл нэмэгдүүлэх боломжтой гэлээ” хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Спикер өөрөө бол Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж, Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар болон бусад асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, уулзалтууд зохион байгуулан саналыг нь сонссон гэнэ. Уулзалтад оролцож үг хэлсэн иргэдийн дийлэнх нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа боловч 152 болгохыг дэмжихгүй. Харин 108 хүртэл нэмэгдүүлэх нь боломжтой хувилбар гэсэн саналыг хэлсэн аж. Мөн сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа нь олон намын төлөөлөлтэй, хүчтэй сөрөг хүчинтэй, олон ургальч үзэл бодлыг илэрхийлсэн парламенттай байхыг хүсэж буйн илэрхийлэл хэмээн УИХ-ын дарга мэдэгдэв. 

Ингэхдээ жагсаалтаар парламентад орох хүмүүсийн сонголтыг намууд зөв хийхгүй бол авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим нэг хүмүүс жагсаалтаар халхавч хийхвий хэмээн хардаж буйгаа ч иргэд хэлсэн байна. Мөн парламентад нийгмийн бүлгийн төлөөллүүдийг тэгш оролцуулах замаар ардчиллыг бэхжүүлж, хөгжүүлэхийг чухалчлан, дэмжих болно гэдгээ ч илэрхийлэх хүн цөөнгүй байжээ. 

Цар тахлын болон эдийн засгийн бусад хүчин зүйлээс хамаарч иргэдийн ахуй амьдрал дордсон учраас бухимдсан иргэдээс шүүмжлэл, зэмлэл сонсож байгаагаа парламентийн гишүүд өөр хоорондоо ярилцаж байна гэнэ. Ялангуяа цалин, тэтгэврийг нэмэхгүй бол өдөр тутмын хүнс, гурил, будаагаа арай ядан авч, зарим эм, тариагаа худалдан авч дийлэхээ больсон тухай уулзалт бүрд хөндөгдсөн байна. Арга ч үгүй биз. Бодит байдал ийм л байгаа. 

Хөдөө орон нутагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 15 хүртэлх хувиар нэмэгдсэн тул үүнд нийцүүлэн цалин, тэтгэвэр нэмэхийг ард түмэн шаардсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов. Спикерийн энэ үгнээс харахад эрх баригчид 152 гэсэн тооноос татгалзаж эхэлж байгаа бололтой. 

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн. Засгийн тэргүүн, Ерөнхий сайд бол эрх баригч намын дарга Л.Оюун-Эрдэнэ. УИХ-д үнэмлэхүй олонхийг тус нам бүрдүүлж байгаа. Мэдээж хүрд эргүүлэгчид бол тэд. Гэхдээ ҮХНӨ-өөр УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудал нь харин Ерөнхийлөгч асан Х.Баттулгын 2019 онд гаргасан санаачлага.  Санаатай, санамсаргүй хоёрын аль нь болохыг мэдэхгүй. Ямартай ч Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог 108 болгоё гэсэнтэй таарч л байна. Дашрамд дурдахад, АН-ын гишүүн “Фортуна” хочит Н.Батбаяр УИХ-ын гишүүдийн тоог 99 болгоё. Монголчууд 99 тэнгэрийг шүтдэг хэмээн зүтгүүлж байсан удаатай. 


Х.Булгантуяа: Төрийн нийтлэг үйлчилгээнийхний цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэнэ
Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...