
ШИНЭ СОЁЛ-ыг нэвтрүүлсэн “ШӨНӨ ДУНДЫН БҮЖИГ”
Сэтгүүлч Ч.Үл-Олдох
Орфей театрын анхны монгол бүтээл “Шөнө дундын бүжиг” жүжгийг үзсэний дараа зрителийг амьсгалуулсан-нүцгэн тайз, үзэгчдийг үйл явдалдаа татан оролцуулж, хамтран жүжиг тоглож, тун тааламжтайгаар “хам хэрэгтэн” болгосон нь бодлоос гардаггүй.
Сорогдогийн Жаргалсайхан гэж магадгүй дараа дараагийн зуунд ч бүтээл нь тайзан дээр мөнх амьдарсаар байх гайхамшигтай зохиолчийн бүтээл “Шөнө дундын бүжиг”-ийг залуу найруулагч Мягмарнарангийн Батболдын найруулгаар “Зуны шөнийн театр” гэх шинэ соёлтой нь хамт гайхаж, биширч үлээж авсан олон үзэгчийн нэг болсных, бас сэтгүүлчийн хувьд бяцхан таталбар хийв.
Уг жүжгийн продюсер нь зохиолч Сорогдогийн Жаргалсайханы хүү Билгүүн юм. Тэрбээр “Аавыгаа одоо ч дэргэд минь хамт байгаагаар бодож явдаг” гэж ярьсан байна лээ. Тэр хүнээс үлдсэн уран бүтээлийн их өв санг цаашид ч амьдруулаасай гэж бодогдлоо. Гол дүрийн нэг нь урлагт хайртай монголчуудын хүндэтгэж явдаг Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар байв. Шинэ үеийнхэнтэй хамт алхаж буй, цаашдаа ч өчнөөн нөөцтэй байна гэдэг тэр хүний сэтгэлгээ, уран чадвар мөнхийн залуу байна даа.
Миний хувьд энэ жүжгийг 20 жилийн өмнө УДЭТ-ын тайзнаа Н.Болд найруулагч анх тавихад нь үзэж байлаа.Тэр үед ч энэ жүжиг Монголын үзэгчдэд цоо шинэ байсан. УДЭТ-ын тайзыг чимж байсан У.Уранчимэг, Ж.Оюундарь тэргүүтэн гоё хүүхнүүд “урж” байсан үе л дээ. Тэгэхэд авсан мэдрэмж тухайн үедээ нэн шинэ байлаа. Гэтэл 20 жилийн дараа шинэ үеийн залуус найруулж тавьсныг үзэхэд дахиад л шинэ, бүр цоо шинэ мэдрэмж авлаа. Хоёр тавилт аль аль нь мюзикл талыг орхигдуулаагүй. Сүүлийн хувилбарт мюзиклийг бүр ч утгаар нь гаргаж. Жүжгийн дууг 2003 онд Т.Ариунаа, Т.Дэлгэрмөрөн хоёрын анх дуулсныг авчээ. Үнэхээр тултал дуулсан шүү.
Шинэ бүхэн шинэ соёлыг дагуулж ирдэг. Зуны шөнийн театр гэдэг нь ямар ч хөшиггүй задгай тайзан дээр бүх үйл явдал өрнөж байгаа юм. Театрын уламжлалт арга барилыг зоригтой эвдсэн шинэ шийдэл. Гэхдээ маш жижигхэн, жижигхэнээр барахгүй бяцхан атлаа бүтэн эргэдэг, бороо жинхнээсээ асгарч сэрүү татуулдаг, цаг “чаг, чаг” дуугарч, цаг хугацаагаар нааддаг тайз.Түүнийг тойрсон ширээнүүдэд үзэгчид 2, 3, 4-өөр сууцгаана. Бүдэг орчин тул ширээнүүд дээр лаа асаажээ. Зөөгчид гүйлдэж, үзэгчид ус, ундаа, виногоо захиална.
Өөрөөр хэлбэл, жүжигт өгүүлж буй “Кабаре баар”-нд жинхнээсээ орж суугаад, улаан дарс шимсэн шигээ тухалж, бас болоогүй жүжиг эхэлснээс өгсүүлээд дуусах хүртэл бүх үйл явдалд нь оролцогч болчих нь тэр. Өөрөөр хэлбэл, үзэгчид жүжигт хамтарч тоглоод, үйл явдалд оролцоод, өгүүлэгдэж буй бүх үйл хэргийнх нь хамсаатан болчихож байгаа юм л даа. Тархи, зүрх, сэтгэлээр наадаж байдаг найруулагч юм аа, М.Батболд.
Энэ сарын 3-нд автомашингүй өдрийн зам хаах үйл явц давхацсан, тоглолт дундуур техникийн багахан саатал гарсан ч үзэгчид тэрийг тоогоогүй. Угаасаа театрын бэлэн тайзан дээр тоглоогүй, бүгдийг цоо шинээр сэдэж, сэтгэж хийж байгаа хойно тийм юм байх шүү дээ гэх хүн цөөнгүй байсан.
Одоогоос 20 жилийн өмнөх “Шөнө дундын бүжиг”-ийн гоцлооч Шубира нь У.Уранчимэг, өрсөлдөгч Анка нь Ж.Оюундарь байсан юм. Хэн хэн нь гавьяат жүжигчин болоогүй байсан цаг. Амиго нь Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай байсан юм. Одоо бодоход тэд дүрүүдээ их хурц тод, эмоцитой гаргасан санагдана.
Амигод энэ удаа Төрийн шагналт жүжигчин Ц.Төмөрбаатар тоглосон. Муу санаа, өшөө авалтыг нэг тийм чимээгүйхэн бөгөөд шүдээ зуун байж хорон гэгч хийж байгаа нь, ер муу юм хийж буй хүн сэтгэл хөдлөлд авталгүй тооцоотой, дэс дараатай, зохион байгуулалттай хийж буйг их нарийн логиктой гаргажээ. Зүйрлэвээс нэг тийм, хумс, сүүл ер бүхнээ нууж, өөрийгөө амьтан гэдгийг ч нуучихаад мярааж яваа муур шиг. Дүрийн сэтгэл судлал гэдэг зүйлийг тултал хийдэг, магад зүрхний цохилт, судасны лугшилтыг ч яг гаргадаг гайхалтай уран бүтээлч болохыг нь дахин шинээр харах тун сонирхолтой.
Шубира бол шөнийн цэнгээний газрын бүжигчин, эзэн Хавх бол түүний хөлс хүчийг ч, бие сэтгэлийг ч ашигладаг, ийм л этгээд. Баарандаа бүжиглүүлнэ, давхар сексийн боол шиг ашиглана. Гэтэл бүсгүй хайр дурлал гэж эндүүрнэ, хамтын амьдралд тэмүүлнэ. Шубирад энэ удаа Д.Асардарь гэж залуу жүжигчин тоглосон. Дурлалд тэмүүлж, хайранд харалган болсон дүрээ тэр сайн ч гаргажээ. Нэг тийм гэнэн хонгор, хайрлаж өрөвдөм. Харгис Хавхын дүрд “Анна каренина” жүжгийн Вронскийд тоглосон жүжигчин Т.Сэргэлэн тоглосон. Дүрээс дүрд өсөж яваа, өөрийн гэсэн өвөрмөц арга барил, эрэл хайгуулыг тултал хийж яваа даруухан атлаа ихээхэн бүтээлч болох нь харагдлаа. Дудраагийн дүрд тоглосон О.Батзориг дурлалд шатсан залуугийн гал, ус руу орохоос ч буцахгүй тэмүүлэлт араншинг эмоцтой, эвлэгхэн гаргасан, сайн ч тоглолоо. Анкагийн дүрийг залуу жүжигчин Н.Нархажид бүтээсэн, нөхөрлөл атаархлаар солигдох мөч, тэр нь явсаар хар хор шингэсэн шунал, хүсэл болчих агшнуудыг тэр сайн гаргасан. Сэтгэл татам сайхан ч охин харагдсан. Жүжгийн “шигтгээ” дүр болон гялалзсан загвар өмсөгч С.Төгс дээр үзэгчдийн нүд бороо шиг асгарна лээ. Бүр “С.Төгс үнэхээр төгс бүсгүй шүү, дахин хармаар байна, дахиж жүжиг үзнэ” гэх яриа ч дуулдсан шүү, жүжиг дуусаад үүдээр гарч явахад. Эрчүүд ээ гэж. Ер нь бол шинэ бүтээл тавихад менежмент, маркетинг, үзэгчдийг татах тактик, түүнийг дэглэх уран чадвар, ухаан аль аль нь ундардаг биз ээ гэж бодогдоод амжив. Жүжиг ийм байна гэсэн тогтсон хэв загваргүй, тэгсэн атал хэзээ ч, хэдийд ч амьд оршиж, бидэнтэй хамт амьдарч, бидний хэн болохыг тайзан дээр харуулж байдаг мөнх настай ажээ.

Уншиж байна...