
“Ногоон бүс” төсөл хэрэг зөрчил гаралтыг бууруулжээ
Б.БОЛОР
Цагдаагийн байгууллагаас “Ногоон бүс”
төслийг 2022 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Эхний ээлжид Чингэлтэй дүүрэгтэй
хамтран ажиллаж амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тухайн нутаг дэвсгэрт гэмт
хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл 48.6 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарсан
байна.
Өнөөдрийн байдлаар Чингэлтэй дүүрэгт 572
цэгт 2633 хяналтын камерыг суурилуулж камерын бүрэн хяналттай дүүрэг болсон нь
улсын хэмжээнд жишиг ажил болсон юм. “Ногоон бүс” төслийн хоёрдугаар шатанд
Баянзүрх дүүргийн долдугаар хорооны “Баянцээл”, 23, 28 дугаар хорооны Улиастай
болон Хужирбулан, Сүхбаатар дүүргийн 4,
5 дугаар хорооны “Партизан”-ы гудамжийг хэсэгчлэн камержуулжээ.
Мөн нийслэлийн таван дүүргийн гэмт
хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг 12 хороог сонгож тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг 761 иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран 1714 камерыг нэг сарын
хугацаанд байршуулсан байна.
Ийнхүү теле камерууд бүрэн ажиллаж
эхэлснээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчимд гэмт хэрэг зөрчлийг
таслан зогсоох боломж бүрдэх юм. Мөн төрийн болон төрийн бус байгууллага, аж
ахуй нэгжүүдээр өдөрт үйлчлүүлж байгаа болон тухайн нутаг дэвсгэрт оршин суугч
иргэдийн аюулгүй байдал хангагдахын зэрэгцээ, тухайн орчинд үйлдэгдсэн гэмт
хэрэг, зөрчлийг шуурхай илрүүлэх боломжтой юм. Энэхүү
төслийн хүрээнд дээрх гурван үе шат ажлууд амжилттай хэрэгжсэнээр гэмт хэргийн
гаралт буурсан талаар мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс цаашид Цагдаагийн
байгууллагаас энэ онд Улаанбаатар хотын бүх хороодыг камержуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн ирэх оны эхний хагас жилд аймаг, сумдыг бүрэн камержуулахаар ажиллаж буй.

Уншиж байна...