
“Солонгосын соёлын өдрүүд-2024” төв талбайд гурав хоног боллоо
Б.БОЛОР
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Элчин сайдын яамтай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “KOREA WEEK” арга хэмжээ 8-р сарын 30-наас 9-р сарын 1-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд болж өндөрлөлөө.
Солонгосын соёлын өдрүүдэд БНСУ-ын Хойд Гёнсан муж болон Жоннам мужаас нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл болох 25 компани хүрэлцэн ирсэн байна. Мөн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хоол хүнс, гоо сайхны үйлчилгээ эрхлэгч нийт 58 аж ахуй нэгж байгууллага оролцлоо. Соёлын өдрүүдийн хүрээнд Солонгосоос ирсэн “Юн Мён Хва” Солонгос үндэсний бүжгийн хамтлаг, "НУМҮРИ" амьд хөгжмийн хамтлаг уран бүтээлээ толилуулж, Солонгос ардын урлагийн тоглолт, Электрик үндэсний хөгжмийн тоглолт, Жинду бөмбөрт бүжиг, Таеквондогийн үзүүлбэр гэх мэт олон сонирхолтой тоглолт, үзүүлбэрүүд толилууллаа.
Соёлын өдрүүдийн хүрээнд зохион байгуулагдсан олон сонирхолтой үйл явдлын нэг нь KOREA FOOD festival юм.
Халуун ногоотой гоймон болон кимчиний хослол бүхий HOT ZONE, Солонгос алдарт Хану үхрийн мах, шинэхэн эрүүл жимсийг амтлах FRESH ZONE, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг амтлах боломжтой NUTRITIOUS ZONE, кимбаб, догбугги зэрэг жинхэнэ Солонгосын гудамжны хоолыг амтлах боломжтой STREET FOOD ZONE хэсгээс солонгос үндэстний хоолны соёлыг таниулж байлаа. Мөн Солонгос хоолны сэдэвтэй хоол хийх сургалт, K-Food тэмцээн, Meta-Game, Quiz зэрэг олон сонирхолтой тэмцээн, хөтөлбөрүүдийг өргөн барьсан юм. “Солонгосын соёлын өдрүүд”, KOREA FOOD festival олон түмний сонирхолыг татаж, өргөн дэлгэр боллоо.

Уншиж байна...