
Үндэсний хэмжээний шилдэг татвар төлөгчдийг тодрууллаа
Б.БОЛОР
Монголын татварын алба 26 дахь жилдээ “ЗӨВЛӨН ТУСЛАГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг энэ сарын 05-09-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулж байна.
Энэ хүрээнд татварын албанаас хүүхэд залууст татварын мэдлэг олгох сургалт, уралдаан, тэмцээн зохион байгуулах юм. Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, шинэчлэлтийг сурталчлан таниулахын зэрэгцээ шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулах зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй.
Монгол Улсын татвар төлсөн иргэн бүрд цахимаар талархал илэрхийлж олон нийтэд сурталчлан таниулах боломжтой юм. Тодруулбал, “Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үндсэн үүргээ ёсчлон биелүүлж 2024 онд улс, орон нутгийн төсөвт 500.000 төгрөгийн татвар төлсөн үнэ цэнэтэй, хариуцлагатай татвар төлөгч танд талархал илэрхийлье” хэмээжээ.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд өнгөрсөн онд Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан “Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч-10” болон том, дунд, жижиг, бичил сегмент тус бүрийн шилдэг татвар төлөгчөөр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагуудад шагнал гардууллаа. Энэ арга хэмжээнд Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн болон бүтэц нэгжийн дарга нар, нийслэл, дүүргийн татварын албаны дарга нар, шилдэг татвар төлөгчид, хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон юм. Энэ үеэр Татварын ерөнхий газрын дарга Доктор (Ph.D) Ч.Чимидсүрэн “Монголын татварын алба алсын хараагаа Олон Улсын жишиг татварын алба байхаар тодорхойлж, 2025 онд Зөвлөн туслагч татварын алба байх зорилт тавьж, энэхүү зорилтынхоо хүрээнд татвар төлөгчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж зөвлөн туслагч байх хуулийн, бүтэц зохион байгуулалтын, цахим системийн шинэчлэлүүдийг эхлүүлсэн. Мөн татварын алба татвар төлөгчдөд 24/7 цагаар үйлчилгээ үзүүлэх хиймэл оюун ухаанд суурилсан TATVAR-GPT нэвтрүүлснээ зарласан” гэлээ.
Орон даяар Татварын алба бүр эл өдрүүдэд “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд ТЕГ-ын Зохион байгуулалт, бүтцийн нэгжүүд холбогдох чиглэлийн сургалтуудыг өнөөдрөөс эхлүүлэн ТЕГ-ын наймдугаар давхрын “Татвар төлөгчдийн танхим”-д хуваарийн дагуу танхимаар болон цахимаар зохион байгуулах ажээ.

Уншиж байна...