
Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
Ерөнхий сайд Г.Занданшатарт Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсонд баяр хүргэж, гадаад улс орнуудын Засгийн газрын тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлж байна.
“Эрхэмсэг ноён Таныг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд тань чин сэтгэлээсээ баяр хүргэе.
Монгол Улс нь Япон Улсын хувьд эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэдэг бүс нутгийн орлуулшгүй түнш юм. Ялангуяа, сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн дор бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна. Цаашид хоёр орны үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2031)-т тулгуурлан хоёр орны харилцааг улам бэхжүүлж, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө Эрхэмсэг ноён Тантай гар нийлэн бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсэж байна.
Түүнчлэн энэ оны долдугаар сарын эхээр Япон Улсын Цог Жавхлант Хаан, Эрхэм Дээд Хатан нарын Монгол Улсад хийх айлчлал төлөвлөгдсөн, энэхүү түүхэн айлчлалаар манай хоёр улсын найрсаг харилцаа улам өргөжин батжих болно гэдэгт найдаж байна” гэжээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь захидалдаа,
“Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон Танд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Вьетнам, Монголын уламжлалт найрсаг харилцаа сүүлийн 70 жилийн турш олон салбарт тасралтгүй өргөжин хөгжиж ирсэнд туйлын баяртай байдаг. Энэ нь Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-ын 2024 оны есдүгээр сард, манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Вьетнам-Монголын хооронд иж бүрэн түншлэл”-ийн харилцааг албан ёсоор тогтоосноор нотлогдож байгаа билээ.
Вьетнамын Засгийн газар төдийгүй миний бие хувиасаа хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, хамтын ашиг сонирхолд нийцсэн энэхүү иж бүрэн түншлэлийн харилцааг үр өгөөжтэй, бодит агуулгаар баяжуулан цаашид улам бүр бэхжүүлэн хөгжүүлж, бүс нутаг болон дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын төлөө Монгол Улсын Засгийн газар болон Тантай нягт хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.



Уншиж байна...