
Хогонд дарагдан уйлж буй дэлхийгээр хүүхдүүд цөлжилтийг дүрсэлжээ
Б.БОЛОР
Жил бүрийн зүргаадугаар сарын 17-нд цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ жил цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг улс орнууд “Газрыг нөхөн сэргээе. Боломжуудыг нээе“ уриатай тэмдэглэж байна.
“Ногоон Ази сүлжээ” ТББ-аас энэ өдрийг тохиолдуулан байгаль орчны боловсролыг хүүхэд, өсвөр үеийнхэнд түгээн дэлгэрүүлэх, байгаль орчноо хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор орон нутаг дахь ойжуулалтын талбайн ажилчдын хүүхдүүдийн дунд байгаль орчны сургалт зохион байгуулж, “Цөлжилт, ган гачиг хүүхдийн нүдээр-2025” гар зургийн уралдаан зохиожээ. Мөн “Хог хаягдалгүй эх дэлхий” уриан дор хаягдал материалаар бүтээл урлах уралдааныг хамтатган зохион байгуулсан байна.
Байгаль орчны тулгамдсан асуудлыг хүүхдийн нүдээр харуулсан бүтээлүүдийг хүлээн авч, шилдэг оролцогчдыг шалгаруулан, шагнаж урамшууллаа. Уралдаанд Булган аймгийн Баяннуур, Төв аймгийн Баянцогт, Баянхангай, Эрдэнэ сумд дахь ойжуулалтын талбайн ажилчдын хүүхдүүд оролцсон юм.
Уралдааныг насны ангилалаар зохион байгуулсан бөгөөд Төв аймгийн Эрдэнэ сумын ойжуулалтын талбайн ажилтны охин Б.Намуундарь бага насны ангилалд тэргүүн байрыг эзэллээ. Тэрээр цөлжилт хүний буруугаас болдог учраас эх дэлхийгээ хайрлахгүй бол болохгүй гэдгийг эрвээхэйгээр төлөөлүүлэн зуржээ. Эрвээхэйн зүүн далавчийг цэгцэглэж, дэлгэрч, гол горхи нь урсаж буйгаар дүрсэлсэн бол баруун далавчийг дүрслэхдээ гол татарч цөлжсөн, модод саарал мөчир болон хатсан байдлаар харуулсан байна.
Харин ахлах насны ангилалд Булган аймгийн Баяннуур сум дахь ойжуулалтын талбайн ажилтны охин Х.Энх-Элбэрэл хоёрдугаар байрт шалгарлаа. Хүнээр төлөөлүүлэн цөлжилтийг илэрхийлсэн нь сонирхолтой байсан юм. Байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалж, хог хаягдлаа хамаагүй хаяхгүй байхад л өнгө сэргэж, ургаж цэцэглэдэг бол хайр гамгүй тасчиж, гэмтээхээс эхлээд хог хаягдлаа замбараагүй хаях нь цөлжилтөд хүргэдэг гэдгийг харуулахыг зорьсон гэдгээ шагнал гардуулах үеэр онцолж байлаа.
Уралдаанд шалгарсан хүүхдүүдийн шагналыг “Ногоон Ази сүлжээ” ТББ-ын дэргэдэх Монголын Ойн аж ахуйн сургалтын төв дээр гардуулсан юм.
Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад оруулж буй аав, ээжийнхээ хүчин зүтгэл, нөр их хөдөлмөрийг ойлгох, тэднээрээ бахархах, байгаль экологийн мэдлэг мэдээллээ дээшлүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чухал алхам болсон хэмээн зохион байгуулагчид хэллээ. Энэ үеэр уралдаанд шалгарсан хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Үзэсгэлэнд хүүхдүүдийн хог хаягдлаар хийсэн бүтээгдэхүүн тавигдсан байлаа. Ундааны савыг тайрч дэлхийг дүрсэлсэн тэр бүтээл сонин бас содон байсан. Дэлхий хогоо дийлэхгүй сагуулчихсан нулимс нь тогтохгүй урсаж буйгаар дүрсэлсэн нь хүмүүсийн буруугаас байгаль орчин өнгөө алдаж, цөлжилтөд нэрвэгдэх аюулд хог хаягдал жин дарах нөлөө үзүүлж байгааг илэрхийлсэн нь тэр ажээ.
Цөлжилт гэдэг хөрсний доройтол, ургамал ногооны хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нэг үр дагавар гэдгийг хүүхдүүд бүтээлдээ шингээхийг зорьжээ. Мэдээж үүнийг залруулах засахын тулд хэрхэх талаар тэд мөн бүтээлдээ оруулахыг хичээсэн гэдгээ ярьж байв. Хүүхдийн нүдээр, тэдний ойлголтоор цөлжилттэй тэмцэхийн тулд усаа хэмнэж, хөрсөө хамгаалж, эко хөдөө аж ахуйг хөгжүүлэх хэрэгтэй аж. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг ашиглах зэргээр хүн хийж бас бүтээж чадах бүхий л зүйлсийг өдгөөгөөс эргэн тойрондоо үлгэрлэж харуулахыг хичээнэ гэсээр шагнал авсан хүүхдүүд нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан явцгаалаа.
Дашрамд дурдахад, “Ногоон Ази сүлжээ” ТББ нь 2007 оноос Монгол оронд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сааруулах, цөлжилт, газрын доройтол, шар шороон шуурга, хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр орон нутгийн иргэдийн оролцоонд түшиглэн ойжуулалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн ашгийн төлөө бус байгууллага юм.
НҮБ “Ган цөлжилтөд ноцтой нэрвэгдэж буй орнууд цөлжилттэй тэмцэх тухай” конвенцыг 1994 онд баталж, 195 улс орон нэгдэн орсон байдаг. Монгол улс 1996 онд цөлжилттэй тэмцэх конвенцыг соёрхон баталсан эхний 50 улсын нэг болсон билээ.


Уншиж байна...