
EST-2025: "Судалгааны үр дүнг бодлогодоо тусгаж нэвтрүүлэхэд хамтын ажиллагаа чухал"
Б.БОЛОР
Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгээс хоёр жил тутамд зохион байгуулдаг “Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
Энэхүү хурал нь 2017 оноос хойш болж буй бөгөөд энэ удаа ОХУ, БНХАУ, АНУ, Герман, Япон, Норвеги, Швейцар, Тайвань, Турк улс болон олон улсын донор байгууллагаас 130 гаруй эрдэмтэн, судлаач, төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож байна. Мөн дотоодын 80 гаруй эрдэмтэн, судлаач, зочин, төлөөлөгч оролцож байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх хуралд 80 аман илтгэл, 57 постер илтгэл хэлэлцэх бөгөөд дотоод, гадаадын 140 орчим эрдэмтэн, судлаач эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЭЗХЯ, БОУАӨЯ, ШУА, Ойн газар, Усны газар, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (UNESCO), ГХЯ-ны дэргэдэх СОР17 бэлтгэл ажлыг хангах албанаас дэмжлэг үзүүлэн, хамтран зохион байгуулж буй аж.
ШУА-ийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл: “СОР17”-г зохион байгуулах нь Монгол Улсад олон боломжийг нээнэ
-Энэ удаагийн хурал нь НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал /СОР17/-ын өмнө болж буйгаараа онцлог. Монгол Улс 2026 онд тус хурлыг эх орондоо зохион байгуулснаар дэлхийн улс орнуудтай ногоон эрчим хүч, усны аюулгүй байдал, ногоон хөгжлийн зохистой менежментийн чиглэлээр илүү идэвхтэй хамтран ажиллах боломж нэмэгдэх, Олон улсын анхаарлыг монголын цөлжилт, усны асуудал руу татаж унаган байгалиа онгон дагшнаар нь хадгалж үлдэх, шийдвэр гаргагчид, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж, ногоон хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа: Байгалийн хуулийг дагах нь хамгийн үр дүнтэй, зардал багатай хувилбар
-Энэ удаагийн хуралд эрдэмтэн, судлаачид болон төрийн байгууллага, бодлого тодорхойлогчдын төлөөлөл оролцож байна. Тэгэхээр шинжлэх ухааны ололт, судалгааны үр дүнгүүдийг цаашид бодлогодоо тусгах, нэвтрүүлэх гэдэг гол зүйл харагдаж байна. Энэ талын хамтын ажиллагаа чухал.
Байгальд суурилсан шийдэл буюу байгалийн хуулийг дагах тухай хэлэлцдэг болсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, аливаа нэг газарт мод тарихын тулд тухайн эргэн тойронд байгаа унаган зүйлийг судалгааны үндсэн дээр таньж, мэдэж, харгалзах учиртай. Үүний ард шинжлэх ухааны олон ажил судалгаа байдаг. Өнөөдрийн хуралд БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид оролцож байгаа. Тэдний хувьд ч хамгийн чухал зүйл бол байгалийн хуулийг дагах нь зөв гэдэгт санал нэгдээд явж байгаа. Модны олон сортуудыг гаргаж тарьж үзсэн боловч эцсийн дүндээ унаган зүйлийг олох буюу байгалийн хуулийг дагах нь үр дүнтэй, зардал багатай хувилбар гэж тодорхойлсон байдаг.
Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ү Тунхуа: Цөлжилттэй тэмцэхэд хоёр улс харилцан туршлага солилцож, бие биенээсээ суралцах боломжтой
-Эрдэм шинжилгээний томоохон хуралд орчны шинжлэх ухааны олон мэргэжилтнүүд оролцож, туршлага солилцож байна. Өнөөдөр бид монгол орны мөнх цэвдгийн өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын асуудал, ялангуяа байгаль орчны өөрчлөлт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийн талаар ярилцлаа.
Хятад улсын хувьд баруун хойд нутагт цөлжилттэй тэмцэх талаар багагүй туршлагатай. Хоёр улс байгаль орчны хувьд адилхан асуудалтай тулгарч буй бөгөөд зарим сайн туршлагыг бие биетэйгээ хуваалцан, эрдэм шинжилгээний туршлага солилцож, судалгааны түвшнийг ахиулах боломжтой гэж бодож байна.
Цөлжилттэй тэмцэж Хятад улс мод, зүлэг тарьж, ургамлыг нөхөн сэргээж, цөлжилтийг сааруулахын тулд зарим зохиомол арга ашиглаж буй нь үр дүнтэй туршлага болсоор байна. Хоёр улс харилцан туршлага солилцож, бие биеэсээ суралцах боломжтой гэж үзэж байна
Эрдэм шинжилгээний хуралд Хятадын Шинжлэх Ухааны Академийн Эко орчин ба нөөцийн баруун хойд хүрээлэнгийн доктор Ү Тунхуа “Сибирь-Монгол-Түвдийн мөнх цэвдгийн ажиглалтын хөндлөн огтлолыг байгуулах нь: ахиц дэвшил ба хэтийн төлөв” сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн юм.
“Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлаас гарсан эрдэмтэн судлаачдын зөвлөмжийг “СОР17” хурлын ажлын хэсэгт хүлээлгэн өгнө. Хурлаар монгол орны хүрээлэн буй орчин, экологи эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, шинжлэх ухааны үндэслэл, технологийн асуудлыг дэвшүүлж олон улсын түвшинд хэлэлцэх, олон улсын түвшинд шийдвэрлэх гаргалгааг эрэлхийлж байна. Хуралд ОХУ, БНХАУ-аас олон эрдэмтэн судлаач ирсэн нь онцлогтой. Учир нь Төв азийн цээжинд байрладаг манай улсын хувьд хүрээлэн орчны чиглэлээр хоёр хөршийн эрдэмтэдтэй хамтарч олон судалгаа хийж ирсэн. Судалгааны чиглэл объект адилхан, гарч байгаа үр дүн төстэй байдаг учраас бүс нутагтаа чухал судалгаа болдог байна.

Уншиж байна...