
Ирэх жилийн төсвийн хэлэлцүүлэг эхэллээ
Б.БОЛОР
Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын явцын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцуулжээ. 2026 оны төсвийн хэлэлцүүлэгүүд эхлэж буй энэ үед иргэд, татвар төлөгчдийн саналыг тусгахыг Монгол Улсын Ерөнхий сайд үүрэг болгосон. Төсвийн ерөнхийлөн захирагч нар 2026 оны төсвийн саналаа Төсвийн тухай хуульд заасны дагуу долоодугаар сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагад хүргүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо. Хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстойг тэрээр онцолсон юм.
Тиймээс иргэдийн дунд хийсэн хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай нийгмийн ач холбогдолтой шийдлүүдийг тусгах үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулдаг зарим зардлыг бууруулах, асуудалд онцгой анхаарахыг Ерөнхий сайд Г.Занданшатар сануулсан байна. Энэ үеэр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Даваадалай "Төсвийн үр ашиггүй зардлыг бууруулах, хэмнэж болох зардал мөн эдийн засгийн нийгмийн үр ашигтай төслүүдийг эрэмбэлж, улс оронд ашигтай тэргүүлэх ач холбогдлоор нь ангилах шаардлага бий. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийг шахсан бяслаг шиг тал бүрээс нь харахын зэрэгцээ олон нийтийн шүүмж, саналыг сайтар сонсож, маш сайн багцалж шахаж оруулах үүрэг өгсөн" гэсэн юм.
Төсвийн хэлэлцүүлгийг цахим буюу танхимаар зохион байгуулна. Энэ хүрээнд салбарын яамд нарийвчилсан хуваарь, хөтөлбөрүүдээ гаргаж буй аж. Ирэх сарын нэгэн буюу маргаашаас emongolia аппликейшн дээрээс линк татаад яам тус бүрийн цахим хуудаст санал авах тусгайлсан бэлтгэсэн цахим форматууд дээр саналаа өгөх юм байна. Түүнээс гадна яамдуудын саналыг анхан шатын боловсруулалт хийгээд олон нийтэд мэдээлнэ гэдгээ Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрээр "7-10 хоногийн хугацаанд санал авах нээлттэй горимд ажиллана. Төсвийн хуулийн 28 дугаар зүйл дээр 2024 онд орсон өөрчлөлтөөр Засгийн газар төсвийг боловсруулах шатанд олон нийтийн оролцоог хангана гэж заасан. Тиймээс иргэдийн санал, шүүмжийг авч хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд гарах саналуудыг төсөвт тусгах юм. Мэдээж эдийн засгийн үр ашигтай болон зардал бууруулах саналыг илүүтэй анхаарч авч үзнэ. Мөн төсөл хөтөлбөрүүдийг тусгах үүрэг нь Засгийн газарт ирсэн байгаа. Энэ бол хуулиар хүлээсэн үүрэг" хэмээн ярьсан юм.

Уншиж байна...