
"Ковид"-ын сургамж
Д.ОЮУНЧИМЭГ
Дэлхий нийтийг хамарсан цар тахалыг гарз, хохирол багатай даван туулах нь монголчуудын “мөрөөдөл”, төр засгийнхны “толгойн өвчин”. Корона вирус дэгдэхтэй зэрэгцэн бизнесийнхэнд тун чиг хүнд сорилт тулж ирсэн. Гэсэн хэдий ч бүхий л боломжоороо ажиллаж орон тооны цомхотголоос холуур байхыг хүсч байгаагаа үйлдвэрлэгчид болоод бизнес эрхлэгчид ярьж байна.
“Цар тахалыг даван туулах нь тодорхой хугацааны асуудал. Харин ажлын байраа хадгалж үлдэх нь хамгийн том бэрхшээл. Учир нь борлуулалт, хөрөнгийн эргэлт “нам зогссон” гэхэд хилсдэхгүй байдал үүссэн. Тиймээс төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгаагаа удаа дараа уламжилж ирсэн байдаг.
АМЬЖИРГАА БА КОВИД
Хатуу хөл хорионы дэглэм нь хүмүүсийн амьжиргааны төвшин хийгээд амин зуулгад ч нөлөөлж эхлэв. Анх халдвар дэлхий нийтэд тархах үеэс Монгол Улсын Засгийн газар хүүхдийн мөнгийг нэмэх замаар бага боловч дэмжлэг болохыг зорьж ажилласнаа мэдээлж байв. Цаг хугацаа өнгөрөх тусам хүүхдэд олгож буй 100 мянган төгрөгөөр амьдрах боломжгүй болж байгаагаа ч хүмүүс ярьж байсан юм.
Ингээд хатуу хөл хорионы дэглэм баримталснаас нэг сарын дараа хүмүүс орлогогүйн улмаас хоногийн хоолоо залгуулах ч бэрх болж байгааг төрийнхөнд дуулгаж байлаа. Өвлийн хүйтэнтэй зэрэгцэн гэр хорооллын айлуудын шахмал түлшний үнийг 50 хувь бууруулж гэр хорооллынхны амьжиргаанд нэмэр болно гэж үзсэн бол өнгөрсөн сарын 13-нд улс даяар цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрөөс бүрэн чөлөөлөх шийдвэр гаргасан нь олон нийтийн талархлын хүлээж У.Хүрэлсүхийн Засгийн газар “браво” хэмээн алга ташиж байлаа.
Засгийн газраас гаргасан энэ шийдвэрт зарим аж ахуйн нэгж хамаарахгүй. Түүнчлэн хэрэглээний төлбөрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулан зөрүү мөнгийг иргэн болоод аж ахуйн нэгж өөрөө төлөх учиртай.
“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР" 60 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР ШИЛЖҮҮЛЖЭЭ
Засгийн газраас 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долоодугаар сарын 1 хүртэлх хугацаанд улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 100 хувь чөлөөлөх шийдвэр гаргав. Энэхүү “0”-лэсэн хугацааны төлбөрт зарцуулах нийт 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” компани төлнө. "Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр тэд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой" хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх мэдэгдэж байлаа.
Цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс даах шийдвэр гараад даруй 44 хоног өнгөрчээ. Энэ хугацаанд төлбөр их, бага гарсан. “0”-лэсэн гэчихээд мөнгө авч байна гэх зэрэг нэлээдгүй хэл ам гарч, салбарын сайдууд болоод албаныхан газар дээр нь ажиллав.
Хүмүүсийн “гомдоллож” байгаа төлбөр нь өмнөх сарын тодорхой өдрүүдийн төлбөр багтсан байсныг тайлбарласан мэдэгдлүүд гарч эхлэв. Ямартай ч ард түмний болоод бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачааг хөнгөвчилсөн эл шийдвэрээр дамжуулан уул уурхайн баялгийнхаа ашгийг бэлэн бусаар хүртэх бас нэгэн боломж гэж харж болох юм. Нөгөөтэйгүүр хүмүүсийн ухамсар аль төвшинд явж байгааг харах бас нэг боломж байлаа. Хэдийгээр Засгийн газар шийдвэр гаргасан ч хэрэгжих шатандаа “завхрал” гарах вий гэх болгоомжлол ч бас байв.
Эрдэнэт үйлдвэр” компани Сангийн яамнаас гаргасан хуваарийн дагуу “0”-лэсэн төлбөрийг цаг тухайд нь шилжүүлнэ хэмээн тус компанийн захирал Х.Бадамсүрэн хэлэв. Ингээд эхний ээлжний 60 тэрбум төгрөгийг шилжүүлсэн сайн мэдээг албаны эх сурвалж хэллээ.
Түүнчлэн УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Засгийн газар энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй. Үүний тулд холбогдох яамдыг үүрэгжүүлж, хийсэн тооцоо судалгаан дээр нь нарийвчилсан дүн шинжилгээ хийсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн 3-4 жилд тогтвортой, ашигтай ажиллаж байгаа” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэн шууд бусаар хүртэж ирснийг албаныхан хэлж байна. Харин энэ удаад гаргасан шийдвэр нь хүмүүсийн нүдэнд ил харагдаж байгааг албаныхан онцолж байна.
ХӨЛ ХОРИОНЫ ХАТУУ ДЭГЛЭМ БУЮУ БИЗНЕСИЙНХЭН
Өнгөрсөн арваннэгдүгээр сард бизнес эрхлэгчдийн нөхцөл байдлын талаар МҮХАҮТ-аас судалгаа хийсэн байна. Дотоодод корона вирусын халдварыг алдахтай зэрэгцэн хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн нь бизнесийнхэнд хэрхэн тусч байгааг уг судалгаанаас харж болно. Тус судалгаанд 3530 аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчийг хамруулжээ. Дэглэм тогтоосноор судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжийн 82 хувь нь бүрэн зогссон гэж хариулсан байна. Энэ нь ажлын байраа хадгалж үлдэх. Хүмүүсийн цалин тавих зэрэг асуудалд сөргөөр нөлөөлж буйг хэлжээ.
Түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, худалдаа наймаа эрхлэгчдэд маш хүнд байгааг энэ судалгаанаас харж болох юм. Тодруулбал, хувиараа бизнес эрхлэгчид хөл хориотой үед бүрэн зогсолт хийсний улмаас борлуулалтын орлого нь эрс буурах, ямар нэг орлогогүй болсноос үүдэн түрээсийн төлбөр, цалин хөлс тавих ямар ч боломжгүй болсноо хэлжээ. Тэр ч бүү хэл ажлын байраа цомхотгохоос аргагүйд хүрснээ учирласан байна.
Судалгаанд оролцогсдын 90 хувь нь гурван сараас илүү хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх боломжгүй гэж хариулжээ. Мөн санхүүгийн хувьд өөрийн хөрөнгө болон хуримтлалаар бизнесийн хэвийн ажиллагааг авч үлдэхэд хүндрэл учирна гэсэн байна. Тиймээс хөл хорионы үед бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиараар үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн байгаа юм.
Гэвч ковидын халдвар тархаж бүх нийтийг хамрахаас сэргийлэх нь нэн тэргүүний ажил хэмээн Засгийн газар, УОК-оос мэдээлж байлаа. Нөгөөтэйгүүр зөвхөн бизнесийхэнд хүндрэл үүсгэж буй асуудал биш. Ажил хийж орлого олдог хүмүүст хамаарч байгаа учраас гарц гаргалгаа, шийдэл зайлшгүй шаардлагатай байгааг бизнес эрхлэгчид тайлбарласаар байв.
ХАРИУЦЛАГА...
Корона монголчуудыг олон сайн дадалд сургасан. Алхам, алхамаар худалдаа, үйлчилгээг нээж эхлэхтэй зэрэгцэн “Ковид” гайхал эрчээ авч байна. Тиймээс хувь хүний үүрэг, хариуцлага, сонор, сэрэмж тун чухал гэдгийг ЭМЯ-ны өдөр бүр хийх мэдээлэлд байнга дурддаг болов. Эрүүл мэндээ сахин хамгаалах нь хувь хүний ухамсараас ихээхэн хамаарна гэдгийг хаа, хаанаа ойлгох цаг иржээ. Бүхий л зүйлийг төр засаг дааж, хариуцах нь оновчтой шийдэл биш гэдгийг сүүлийн гурван сарын хугацаанд хангалттай харсан. Тиймээс иргэн бүр, аж ахуйн нэгжүүд дор бүрнээ хариуцлагаа ухамсарлан халдвар хамгааллын дэглэмээ ягштал биелүүлэх нь эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг гэхээс илүү эрүүл мэнд, эдийн засгийн чадамжаа хадгалж үлдэх асуудал болсныг энэ дашрамд сануулъя.

Уншиж байна...