Уншиж байна...

Уншиж байна...

Даатгал нэртэй шийтгэл
Эдийн засаг 

Даатгал нэртэй шийтгэл

Oyukhaa Oyukhaa
2 сарын 8, 2021

Д.ОЮУНЧИМЭГ

Нийгмийн даатгалын шимтгэл энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэгдэж 26 хувь болсон. Энэ нь 2018 онд Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хийсэн өөрчлөлтийн биелэлт хэмээн албаныхан тайлбарлана. Тухайн үед 2020 оны эхнээс мөрдөнө гэж байсан ч цар тахлын улмаас нэг жил хойшлуулсан аж. 

НДШ-ИЙН НЭМЭГДЭЛ ЦАЛИНД НӨЛӨӨЛӨХГҮЙ ГЭДЭГ...

Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэл хоёр хувь нэмэгдэж байгаа ч энэ нь яг одоо хувь хүний цалинд нөлөөлөхгүй гэдгийг албаныхан онцолж байна. Цар тахал дэлхий нийтийг хамарч тархсантай холбоотойгоор өнгөрсөн онд ажлын байрыг бууруулахгүй байх зорилгоор Засгийн газраас нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн журмыг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Гэхдээ энэ нь 2020 оны гуравдугаар сараас өмнө нийгмийн даатгал төлж байсан аж ахуйн нэгжүүдэд хамааралтай. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас шимтгэл төлж эхэлсэн байгууллагад хамааралгүй аж. Тиймээс хувь хүний цалинд хоёр хувийн нэмэгдэл ч хамаатай юм.

Хуулийн хэрэгжилтийн хугацааг нэг жилээр сунгасан учраас 2018 онд шинэчлэн баталсан хуулийг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. Гэвч цаг хугацааны хувьд оновчтой юу гэдэг асуулт урган гарна. Эдийн засагч С.Энхбаатар “Нийгмийн даатгал гэдэг нь хүмүүсийн амьдралд үр дүнгээ өгдөг байх учиртай. Зүй нь шат дараатайгаар буулгаж байх ёстой юм. Гэтэл манай улс энэ бодлогын эсрэг явдаг. Нийгмийн даатгалын сангийн мөнгөө төсөвт оруулснаас үүдэлтэй эх үүсвэрийн дутагдалд орсон. Хэдийгээр нэрийн данс бий болгосон гэдэг ч хоосон данс хэний ч амьдралд нэмэр болохгүй гэдгийг хүмүүс мэдэж байгаа” гэв. 

2000 онд улсын төсөвт мөнгөгүй байсан учраас Нийгмийн даатгалын сангийн мөнгийг төсөв рүүгээ хийсэн нь өнөөдрийн завхарлыг бий болгосон гэдгийг эх сурвалж ярьж байв. Өндөр хөгжилтэй оронд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх, тэтгэвэрт гарах хугацааг сунгахыг огт зөвшөөрдөггүй. Тэр ч бүү хэл Францад 10 жилийн өмнө дээрхтэй адил шийдвэр гаргаснаар залуучууд бослого гарган Засгийн газраа унагаж байсан гашуун түүх бий хэмээн судлаачид хэлж байна. 

ТӨЛСӨН ШИМТГЭЛЭЭ АШИГЛАЖ ЧАДДАГГҮЙ “ЯДУУС”

Эдийн засаг хямралтай цаг үед нийгмийн даатгалын шимтгэлийг нэмсэн нь хүмүүсийг бухимдахад хүргэж байна. Тэр ч бүү хэл ажиллах хугацаандаа хуримтлуулсан мөнгөтэйгээ тэнцэхүйц хэмээнд тэтгэвэр авч чадахгүй байгааг ахмадууд ярьж гомдоллодог. Манай улсын тэтгэврийн тогтолцоог эрс өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсныг хоёр жилийн өмнөөс ярьж бас шинэчлэл хийхийг шаардаж ирсэн. Тэтгэврийн реформын хөдөлгөөн ч үүсгэн байгуулагдан гарц гаргалгаа, шийдлийг зааж, зурж өгч байгаа. 

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл баримтлах үндсэн чиглэлд зааснаар “хуримтлалын тогтолцоонд шилжихтэй холбогдуулан цалин хөлсийг нэмэгдүүлсэн нөхцөлд түүнтэй уялдаатайгаар нийт даатгуулагчийн төлөх шимтгэлийг 7.5, ажил олгогч 11.5 хувиар тогтооно” гэж заасан байна. Түүнчлэн тэтгэврийн даатгалын сангийн нийт орлогын дөрвөн хувийг тусгай дансанд төвлөрүүлнэ гэжээ. 

Түүнээс гадна тэтгэврийн насыг нэмж байгаа нь ч шүүмжлэл дагуулсан сэдэв. Монголчуудын хувьд тэтгэвэрт гарах нь ядуугийн эгнээнд шилжих “виз” мэт санагддаг нь нууц биш. Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Балжир боловсролын салбарт 33 жил ажилласан нэгэн. Өдгөө 65 настай тэрээр 2011 онд тэтгэвэрт гарчээ. Анх 149 мянган төгрөг авч эхэлсэн бөгөөд бага багаар нэмэгдсээр одоо 428 мянган төгрөг авдаг болж. Мэдээж энэ бол түүний амьдралд хүрэлцэхгүй, хангалтгүй гэдгийг ярьж байна. 

Энэ мэтчилэн тасралтгүй 33 жил нийгмийн даатгал төлсөн ч ахмад насандаа амьдралын боломж бололцоо тааруухан амьдрах нь бүх насаараа хөдөлмөрлөсөн хүмүүсийн сэтгэл дундуур байхаас аргагүй биз. Тиймээс л нийгмийн даатгалын шимтгэлийн үр дүнг үзэх үү гэдэг асуулт эзэнгүй, хариултгүй байгаа хэрэг.

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ БА НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ

Коронагаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг давж чадахгүй төвшинд хүрч буй аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчид ч нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгааг эсэргүүцэж буй юм. Статистикчдийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд дундаж цалин 1.2 сая төгрөг. Тэгвэл энэ дүнгээс хоёр хувийн нэмэгдэлд хэдэн төгрөг төлөх вэ гэдгийг тооцъё. Хувь хүн 150 мянган төгрөг, аж ахуйн нэгж 162 мянган төгрөг суутгахаар байгаа юм. Тэгэхээр хэдэн хүн цалинжуулж байгаа вэ гэдгээс хамаарч сар бүр төлөх дүн харилцан адилгүй ногдоно. Мэдээж яг энэ цаг үед татварын хөнгөлтөд хамрагдана хэмээн тайвширч болох ч ирэх долоодугаар сарын 1-нээс төлж эхэлнэ. Нэлээдгүй хугацаанд “0” зогсолт хийсэн. Борлуулалт болоод үйл ажиллагаа эрхлэхэд тун хүнд байгаа үед энэ хэмжээний мөнгийг төлнө гэдэг хэцүү болж байгааг бизнес эрхлэгчид учирлаж байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Д.Оюунгэрэл гурван ажилтантайгаар үйлчилгээний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг ажээ. Тэрээр сар бүр нийгмийн даатгалд 375 мянган төгрөг төлдөг. Ажилтан тус бүр 500 мянган төгрөгийн цалин авдаг байна. Түүний нийгмийн даатгалд төлдөг шимтгэл энгийн салбараас нэг хувиар илүү. Учир нь аж ахуйн нэгжийн гэрчилгээн дээрээ үйлдвэрийн үйл ажиллагаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн аж. Гэсэн хэдий ч одоогоор ямар нэг үйлдвэрлэл эрхлээгүй. Гэхдээ нэгэнт баримт бичигт бичигдсэн учраас нэг хувийн татвар нэмж төлөхөөс аргагүй хэмээн нийгмийн даатгалын байцаагч хэлжээ.

Тэрээр “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа жигдрүүлэн ажиллаж эхэлсэн. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлтөд хамрагдаагүй. Нэгэнт эхлүүлсэн болохоор ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг зайлшгүй төлөх шаардлагатай. Бас орлого олох хэрэгтэй. Гэтэл цар тахалтай холбоотойгоор төлөвлөсөн ажлууд зогсонги байдалд орсон нь компанийн орлогод сөргөөр нөлөөлж байгаа юм. Байдалд хүнд байна. Одоогоор манайх нийгмийн даатгалд өр үүсчихсэн яваа. Болж өгвөл нэг их дарамт болгочихгүй төлчих юмсан л гэж хичээж байна. Үнэхээр орлогогүй байгаа учраас хэцүү байна” гэсэн юм. Энэ зөвхөн ганцхан бизнес эрхлэгчид тулгарч буй асуудал. Үүний цаан ийм учир шалтгаантай мянга, мянган ажил олгогч бий. 

Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Тэтгэврийн даатгалын үр өгөөжийг сайжруулаагүй байж шимтгэл төлдөг хэсгээ ачаагаар дараад байж болохгүй” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрээр энэ нь өнөөдөр үүссэн асуудал биш 2017 онд Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа долоон төрлийн татвар болоод нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүрэг авч гэрээ байгуулсан. Гэвч үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэн хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт тусган УИХ-д санал хүргүүлсэн тухай ярьсан байна. Харамсалтай нь одоог хүртэл энэ асуудлыг шийдэж өгөөгүй гэдгийг тэрээр хэлжээ. 

Элгээр нь хэвтсэн эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдээ элдэв даатгал, шимтгэл нэртэй “шийтгэл”-ээр дарамтлах нь хэр зөв шийдэл бол...

ХОЁР ХУВИАР НЭМЭГДСЭН ШИМТГЭЛ ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДУУЛИАНААР НАМЖИХ УУ? 

Эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед хоёр хувийн нэмэгдэл ирээдүйд ямар ашигтай вэ гэдэг асуулт эзнээ хүлээж буй. Ялангуяа орлогын хомсдол үүссэн өрхүүд, ажилгүй болсон хүмүүсийн хувьд тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх эсэх нь яг одоогоор чухал биш. Тэд хатуу хөл хорио, цар тахалын дэгдэлт саарч, ажил амьдралын хэвийн горимд шилжих цаг хугацааг л хүлээж байгаа. 

Өчигдөр харамсалтай хэрэг гарч эрдэнэт хүн амиа алдсан. Энэ нь цалин хөлсний асуудал аль эсвэл өдрийн орлогын тухай асуудлаас ч илүүтэй амьжиргаа хийгээд өр төлбөрийн дарамт илүүтэй нөлөөлсөн тухай цахим орчинд шуугиад эхэлж. Магадгүй яг энэ тохиолдолд нийгмийн даатгалын хоёр хувийн нэмэгдэл дарагдаад өнгөрөх байх. Санаатай, санаагүй давхцаж буй олон үйл явдлын дуулианаар чимээгүйхэн дарагдаад өнгөрөх тийшээ хандсан нийгмийн даатгалын хоёр хувийн нэмэгдэл цаашилбал нийгмийн даатгалын шимтгэлийн үр өгөөжийн тухай асуулт эзэнгүй, хариултгүй үлдчихвийн гэх болгоомжлол бий.

Бухимдсан иргэдэд өнөөдрийн асуудлыг хэрхэн шийдэх нь чухал. Харин ирээдүйд нийгмийн даатгалын санд хуримтлагдсан хөрөнгийг зүй зохистой зарцуулах эсэх нь төдийлөн анхаарал татах сэдэв биш болоод хувирчихлаа. Тиймээс л эрх мэдэлтнүүд сангийн хөрөнгийг эрх ашгийнхаа төлөө зувчуулж, ял завшин тансаглаж суугаа юм. Өгөөжийг нь хүртэж чаддаггүй даатгал нэртэй шийтгэлийг дан ганц төрийн мэдэлд бус олон нийтийн хараа хяналт дор зарцуулдаг бас өсгөж аривжуулдаг байхсан.

Дампуурсан тогтолцоонд шинэчлэл хэрэгтэй
"Эрдэнэс тавантолгой" ХК 32 мянган тонн коксжих нүүрс арилжлаа
Spectr author
Oyukhaa
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...