
Ш.Найдансүрэн: Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, татвараа төлөөгүй бол хасна
З.ОЮУН-ЭРДЭНЭ
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-д зааснаар сүүлийн таван жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 162 мянган авто тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Найдансүрэнгээс тодрууллаа.
-Өнөөдрийн байдлаар хэчнээн автомашин бүртгэлтэй байна вэ?
-Одоогоор нийт 1.246.000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Үүнээс өнгөрсөн онд 797 мянган тээврийн хэрэгсэл үзлэг оношлогоонд хамрагдсан. Энэ нь идэвхтэй тээврийн хэрэгсэл гэсэн үг. Үзлэгт хамрагдаагүй 440 мянга орчим тээврийн хэрэгсэл байна. Үүнээс сүүлийн таван жил дарааллан техник хяналтын үзлэг оношилгоонд хамрагдаагүй нийт 162 мянган тээврийн хэрэгсэл байгаа. Үүнийг бид программын түвшинд автоматаар хасна. Хасагдах тээврийн хэрэгслээ www.transdep.mn цахим хаягаар ороод иргэн өөрийн регистрийн дугаараар, аж ахуйн нэгж улсын бүртгэлийн регистрийн дугаараараа шалгах боломжтой юм.
-Хасалт хийж буй бүх машин замын хөдөлгөөнд оролцдоггүй гэсэн үг үү?
-Таван жил огт оношилгоонд ороогүй байна гэдэг нь тухайн тээврийн хэрэгсэл устаж алга болсон эсвэл хадгалдаг байх магадлалтай. Гэхдээ тухайн хүмүүс үүнийгээ цааш нь үргэлжлүүлэн хадгална гэвэл техник хяналтын үзлэг оношилгоондоо хамруулах хэрэгтэй. Ингэснээрээ програм дээр автоматаар идэвхтэй тээврийн хэрэгсэл гээд тоологдоод явах юм. Тоон мэдээллийг цэгцтэй болгох үүднээс 162 мянган тээврийн хэрэгслийг эхний ээлжинд гаргасан. Тоон мэдээлэл нэр төрөл дээр нэмэгдээд явдаг учраас хасна гэсэн үг. Бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, татвараа төлөөгүй тохиолдолд ч хасагдаад явна. Цаашид замын хөдөлгөөнд ч оролцох боломжгүй. Татвараа төлөөд оношилгоонд орсон тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулах бүрэн боломжтой болно
-Өмнө нь хүнд худалдаалсан нэр шилжүүлээгүй авто машины татвар төлөгдөөгүй гээд байгаа нөхцөлд яах вэ?
-Энэ нөхцөлд мөн адил таван жил тээврийн хяналтад ороогүй бол шууд хасагдана. Мөн өмнөх төлөөгүй татвар яг хасагдах үе дээр эзэмшиж байсан эзэмшигчийн регистр болон улсын бүртгэлийн газар бүргэлтэй байгаа аж ахуйн нэгж хуулийн этгээдийн регистр дээр татварын өр хэвээр үлдэнэ. Энэ нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулиараа тухайн эзэмшигч тээврийн хэрэгслийг ашигласнаас үл хамааран тухайн тээврийн хэрэгслийн албан татварыг заавал төлөх үүрэгтэй юм. Үүн дээр нэмж хэлэхэд тухайн тээврийн хэрэгслийг буцаагаад сэргээх боломжтой. Мэдээж сэргээхдээ техникийн хяналтын үзлэгт хамрагдана. Мөн татвар, торгуулиа төлнө.
-Татварын газар, цагдаагийн газар гэх мэт байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Энэ удаагийн ажил дээр татварын байгууллагатайгаа хамтарч ажиллаж байна. Эдгээр тээврийн хэрэгслүүдийг хассанаар татвар зогсоно. Энэ нь ахиад цаашид тухайн тээврийн хэрэгсэл дээр он оны ногдол үүсэхгүй гэсэн үг юм. Үүнээс хойш бид жил болгон мэдээлэлд хяналт хийж сүүлийн таван жилийн хугацаанд хяналтанд ороогүй бол албан журмаар шууд хасаад явах юм. Гэхдээ мэдээж оноогдсон торгуулийг төлж байрагдуулах ёстой гэлээ. Хэрэв жагсаалтаас хассан авто тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулвал Зөрчлийн тухай хуулиар торгоно.

Уншиж байна...