
Хотын стандартыг батлуулахтай холбоотой хэлэлцүүлэг боллоо
З.ОЮУН-ЭРДЭНЭ
Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, тус хуульд хот нэгдсэн стандарттай байхаар тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын нэгдсэн стандартын эхний хэсэг буюу есөн бүлэг, 38 стандартыг НИТХ-аар баталж, өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн.
Тэгвэл хотын хоёрдугаар ээлжийн 12 бүлгийн 31 стандартыг батлуулахтай холбоотойгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд, олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын холбогдох нэгж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл болох 300 орчим хүн оролцлоо.
Холбогдох стандартууд нь нийтэд хамааралтай учир холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад танилцуулах, мэргэжлийн бүх байгууллагын саналыг тусгах, оролцогч талуудын үндэслэл бүхий саналыг тусган цаг үеийн шаардлагад нийцүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, иргэд олон нийтийн санаа бодлыг солилцохоор зохион байгуулсан гэдгийг албаныхан онцолж байна.
Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, гудамж, зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн аюулгүй байдал, барилгын материал зэрэг 29 стандартын төслийг таван хэсэгт багцлан товч танилцуулсан юм.
Б.Ариунзаяа /Хотын стандарт хяналтын газрын ахлах мэргэжилтэн/: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлтэй орчныг бүрдүүлэх тал дээр анхаарал сулхан. Тэгэхээр төрийн албан хаагч мэргэжилтнүүдээс ур чадвар шаардах гээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинж төрхөөс хамаарч тус тусдаа чиглэгдсэн стандарттай байна. Магадгүй сонсголын бэрхшээлтэй хүмүүстэй хандахдаа ямархуу байх ёстой вэ гэх мэт. Энэ бүгдийг хотын стандартын, харилцаа, хөгжлийн стандартад тусгасан. Мөн холбогдох гарын авлага бий гэв.
С.Төмөрдулам /Хотын стандарт, хяналтын газрын дарга/: “Улаанбаатар хотын өнгө үзэмж, төлөвлөлтөөс эхлээд иргэдийн амьдрах орчин, зам, нийтийн тээвэр гээд бүхий л хүрээнд нөлөөлөх энэхүү стандартуудын төслийг хэлэлцүүлж байна. Энд хэлэлцэж буй төслүүдэд иргэд, олон нийт, байгууллагуудын санал, шүүмжлэл тусаж байж бүгдэд ээлтэй, хэрэгцээ шаардлагад нь нийцсэн, хэрэгжүүлэхэд хялбар баримт бичиг боловсруулна. Цаашлаад баталсан стандартуудыг хэрэгжүүлэх, хяналт тавихад ч иргэд, олон нийтийн оролцоо чухал юм” гэлээ.
Г.Амартүвшин /Байгаль орчны стандартын хэлтсийн ахлах мэргэжилтэн/: Манай газраас боловсруулан гаргаж байгаа хотын стандарт нь үерийн холбогдолтой баримт бичгүүд, барилга байгууламж хэрхэн төлөвлөх вэ? зураг төсөл хэрхэн яаж боловсруулах вэ? гэдгийг танилцуулж байна. Үерийн барилга байгууламж яагаад төлөвлөлтөөсөө эхлэн чухал байдаг вэ гэвэл байгалийн гамшиг болон давагдашгүй хүчин зүйлтэй холбоотой тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг. Өнөөдөр шинээр барилга байгууламж өсөн нэмэгдэж байна. Хотод барилга барьсан ч хашаа хатгасан ч та үерийн эрсдэлээ тооцож үүнийгээ зөв төлөвлөн байршуулахад чиглэгдэх юм. Өнөөдөр үерийн далан дээр дураараа бууж байгаа айл, дураараа барилга барьснаас болоод хэн нэгний эд хөрөнгө тав тухтай амьдрах орчин эрсдээд байгаа учир энэхүү стандартыг мөрдүүлснээр эрсдэлт нөхцлөөс зайлсхийх боломжийг бий болгоно гэж үзэж байна. Хотын стандартын онцлог нь үндэсний болоод олон улсын хэмжээнд хэрэгжиж байгаа стандартууд, томоохон хотуудын туршлагыг судалж үзээд мэргэжлийн баг хамт олон ажилласан. Стандартад зааж буй тоо хэмжээ байрлал байршлын талаар зураг тайлбар мэдээллийг ойлгомжтой байхаар хийсэн. Мөн түүнчлэн тухайн ажлыг хэрхэн хүлээж авах гэдэг шалгах хуудастай. Шалгах хуудас тухайн ажлыг үнэлэх боломжийг бүрдүүлж өгсөн шинэлэг талуудтай. Харин үерийн менежмент нь тохиолдох эрсдэлээс хэрхэн яаж зайлсхийх вэ, танд хэр хэмжээний эрсдэл тохиолдож болзошгүй вэ гэдгээс сэргийлэх ёстой гэв.
Дээрх стандартуудын төслийг боловсруулахдаа Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, гаднын улс орнуудын жишигт нийцүүлэн, хялбар, хүртээмжтэй байлгахад онцгой анхаарсан талаар хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа.

Уншиж байна...