
QR-тай, аудио хэлбэртэй, хос хэлтэй ном нээлтээ хийлээ
З.ОЮУ
Шинэхэн номын үнэр ханхалсан тийм ч том биш хирнээ тохитойхон танхимын зүүнтээд улаан сандлууд байрлуулжээ. Тэднийг заагласан юмуу гэмээр хоёр талд нь цaгаан өнгийн индэрт “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг олноор өрсөн байв. Номын урдуур зохиогчийн үе дамжин хэрэглэж, эдлэж байсан данх, богц тэргүүтэй зүйлсийг ч өрсөн харагдана.
Энэ бол Ган үзэгтэн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальт, сэтгүүлч Р.Оюунжаргалын бичсэн номын танилцуулга өдөрлөг болж буй танхим. 2018 онд анхлан хэвлүүлсэн тус номыг энэ удаад дахин хэвлүүлэхдээ англи хэл рүү орчуулан хоёр хэлээр гаргажээ. Номын редактороор түүний ээж Д.Ичинхорлоо, зураачаар Б.Хонгорзул, орчуулагчаар түүний охин Ц.Дөлгөөн нар ажилласан байна. Харин англи хэлний редактороор Дастин Роулинс ажиллав. Мөн номын хуудас дээр QR кодыг байршуулсан байна. Энэ нь буриад ахуй, соёлын тухайд танин мэдэхүйн, тайлбарлахад бэрх үйл, үгийг номын хуудас дахь QR кодыг уншуулснаар хялбархан мэдэх боломжтой аж.
Мөн үүдээр орохтой зэрэгцэн радиогийн бүтээл мэт аудио сонстов. Чих тавьбал “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын аудио хэлбэр ажээ. Сонирхон асуухад эхний хоёр бүлгийг аудио болгосон нь энэ хэмээв.
Р.Оюунжаргал нь анх 2015 онд нутгаа голсон, гадагшаа явах хүсэл тэмүүлэлд хөтлөгдсөн гэх залуусын яриаг сонсоод сэтгэл нь эмзэглэж тус номыг бичих сэдлийг олжээ. Тиймээс өөрийн хүүхэд насны гэгээн дурсамжийн хэлхээсээсээ улбаалж Монгол өв уламжлал, нүүдэлчин ахуйн байгальд ээлтэй амьдралын философи, хөдөлмөрөөр хүн хийх их ухаан гэх мэт маш олон өнцгөөс тайлбарлаж, энгийнээр хүүрнэж хүүхэд, хөгшид, залуучууд гээд бүх насныханд зориулан бичсэнээ илэрхийлэв.
Номыг өөрийн хүүхэд насандаа өвөө эмээгийн хамт амьдарч байсан үеийн ахуй ахуй амьдралаар төлөөлүүлэн “Хуучин байшинг” тодотгож өөрийн бага насны хоч болох “Цэнхэр нүдэт” нэрийг хамтатган “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” хэмээн нэрийджээ.
Тус ном Оюу, Ариу гэсэн хоёр гол дүртэйгээр номын үйл явдал өрнөх баримтат уран сайхны ном юм. Сар болгон, улирал бүр нүүдэлчдийн амьдралд цоо шинэ сорилтууд, үйл явдлууд, өнгө үзэмж, утга уянга авчирдаг. Үүнийг Оюу, Ариу хоёр өвөө эмээгийн хамтаар хэрхэн адал явдалтай өнгөрөөхийг тус номноос уншиж болох юм байна.
Танилцуулга өдрийн нэгэн чимэг хуучир хөгжмийн чавхдсаар илэрхийлэгдэх “Гайхмаараа” аяз яах аргагүй мөн байлаа. Мөн төгсгөлд нь түүний ээж болон хадам ээж нь сэтгэлийн үгээ хэлж, зохиогч охиноо, орчуулагч зээгээ магтан бахархаж, танхимд цугласан бүгдийг ерөөснөөр өндөрлөлөө.

Уншиж байна...