Уншиж байна...

Уншиж байна...

Үндсэн хуулиа шинэчлэн баталж, үндэсний үзлээ сэргээсэн түүх
Нийгэм 

Үндсэн хуулиа шинэчлэн баталж, үндэсний үзлээ сэргээсэн түүх

Oyuk Oyuk
1 сарын 12, 2023

Үндсэн хуулийн өдөрт

Ч.АРИУН 

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш 30 жил өнгөрчээ. Ер нь бол Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960 онд үндсэндээ гурван Үндсэн хууль баталсан. Дөрөв дэх нь 1992 оны шинэ Үндсэн хууль юм. Энэ хуулиар монголчууд 30 жил замнаж өнөөг хүрсэн. Ингэхдээ 2000 онд өөрчлөлт оруулсан нь “Доголон долоо”, 2019 оны нэмэлт өөрчлөлт дутуудсан гэсэн хэл амтай явж ирлээ. Өмнөх гурав буюу 1924, 1940, 1960 оны хуулиудын хувьд БНМАУ-ын Үндсэн хууль байв. Үндсэн хуультай болох үйл явцын хувьд бол эртнээс улбаатай. 

Монголчууд хаант засгийг мөрөөдөж байв

1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж, Богд хаант Монгол Улсыг тунхагласны дараа тухайн үеийн  эрдэмтэн мэргэд, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг зохион байгуулж тэмцэж байсан удирдагчид  “Монгол Улс Швейцар улс лугаа Үндсэн хуультай болбол зохимжтой” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Үүнээс үзвэл монголчууд 1911 оноос  хаант засагтай болохыг мөрөөдөж байж. Харин 1924 онд анх Үндсэн хуультай болсон. Энэ хууль ЗХУ-ын 1818 оны Үндсэн хуультай бүлэг, зүйлээрээ бараг л таардаг. Тухайн үеийн монголчууд Коминтернийн хатуу хараа хяналтын дор, Коминтернийн төлөөлөгч нар ажиллаж, зөвлөж байсан тул тэдний заавар орсон нь тэр болов уу. Ийм баримт мэдээ гарсан нь ч бий. Ялангуяа 1990 оноос бүх зүйл нээлттэй болсны дараа түүх, архивын баримтууд ил болсон байдаг.

Хаант засгийг халж, улсаа БНМАУ гэж нэрлэв 

1924 оны Үндсэн хууль бол “Наймаачид, лам нар санал өгч болохгүй”  гэсэн ангиар ялгасан агуулгатай. “Жинхэнэ хар хүн, ардууд санал өгнө”  гэх мэт нэг талаар хүний эрхийг хязгаарласан зөрчилтэй заалтууд орсон тул монголчууд хүсч байсан зорилгодоо хараахан хүрч чадаагүй гэж үзэж болно. Үүнээс өмнө Д.Бодоо нарын үед 1922 онд Үндсэн хуулийн төсөл бэлдсэн байдаг. Гэвч тэднийг хэлмэгдүүлж, Үндсэн хуулийг батлуулах ажлыг коминтерн шуурхайлсан гашуун түүхтэй. 

1940 оных бол коммунизм, социализмын материал техникийн баазыг байгуулах зорилт тавьсан Үндсэн хууль байв.

1960 онд монголчууд Үндсэн хуулиа шинэчлэн баталж коммунизмыг төгс байгуулж “Хүн болгон хэрэгцээний хэрээр улсаас хангамж авдаг” болох зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байв. 1924 оны Үндсэн хууль нэгдүгээрт, Хаант засгийг халснаараа, хоёрдугаар эх орноо БНМАУ гэж нэрлэснээрээ түүхэн ач холбогдолтой. Дараа нь Ардын ардчилсан буюу социалист гэсэн орнуудын бүлэгт орсноор ийм улс орон ямар сүлдтэй байх вэ гэж ярилцаад, түүнийгээ  хийж, нэрийн хувьд БНМАУ гэж нэрлэх болсон. Энэ бол социалист системийн хүнд үе байсныг эдүгээгийн түүхчид судалж, үнэлж цэгнэсэн нь бий. 

Социалист системийн задрал ба 1990 оны хувьсгал 

1989 оны үед ЗХУ-ын удирдагч М.С.Горбачев ил тод байдал, өөрчлөн байгуулалтыг зарлахдаа өөрийн цэргийг бусад оронд байршуулаагүй улс болно гэж зарласнаар Монголоос цэргээ гаргасан.Монголд ардчилал гарч ирнээс үүдэж Зөвлөлт цэргээ гаргаж, зээл тусламжаа зогсоож хоёр орны харилцаа муудсан мэт буруу ойлголт нийгэмд одоо ч бий. Хамгийн гол нь 1980 оны дундуур Зөвлөлтийн удирдагч Хятад улстай муу байсан харилцаагаа сайжруулах санал тавихад Хятад эхлээд “Монголоос цэргээ гарга” гэсэн шаардлагыг тавьсан учир оросууд цэргээ гаргасан түүхтэй. Энэ хүрээнд Берлиний хана нурахаас эхлэн олон үйл явдал өрнөсөн. Социалист систем задран унасны дараа монголчууд Үндсэн хуулийнхаа асуудлыг ярьж, бодож эхэлсэн. Энэ үйл явц 1988 оноос эхэлж, төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж байсан түүхтэй. Тухайлбал, 1988 онд Үндсэн хуулийг шинэч¬лэн найруулах талаар тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бич-гийн дарга Ж.Батмөнхийн албан даалгавар гарч  хуульч Б.Чимидээр  ахлуулсан Ажлын хэсэг томилогдон ажиллаж байв. Удалгүй 1990 он гарч социалист систем, социалист байгуулал ганхаж, нуран унасан. Тэр үед Ж.Батмөнхийн албан даалгаврын дагуу нэлээд ажлууд хийгдээд байж. Гэхдээ төр орвонгоороо эргэх нөхцөл байдал бий болж, Үндсэн хуулийг үзэл санааг нь өөрчлөхгүйгээр найруулга байдлаар хийх аргагүй байдалд хүрчээ. Улс төрийн товчоо ч удалгүй огцорсон байна. ийнхүү үйл явдлууд шил шилээ даран өрнөсөн. Тухайн үед МАХН эрх барьж, П.Очирбат намын дарга болж, Б.Даш-Ёндон, Л.Түдэв нарын удирдлагууд хамт сууж ярилцаад “Үндсэн хуулийн шинэчлэлийг түргэн түүхий хийж болохгүй. Гадаадын улс орнуудын байдлаас харахад энэ асуудалд маш нухацтай хандах ёстой юм байна” гэсэн улс төрийн дүгнэлтийг хийцгээжээ. Ингээд сонгууль явуулъя, дараа нь Улсын Бага хурлыг байгуулъя. Улсын Бага хурал Үндсэн хуулийн төслийг боловсруулаг. Тэр төслөө АИХ-д өргөн барьж хэлэлцүүлье гэсэн дүгнэлтэд хүрцгээсэн түүхтэй. 

Анхны ардчилсан сонгууль, анхны Ерөнхий сайд Д.Бямбасүрэн 

1980-аад оны дундуур ЗХУ-д Перестройка эрчимтэй өрнөж, Варшавын гэрээний болон СЕВ /Эдийн засгийн харилцан туслах зөвлөл/-ийн орнууд задарч, тусламж, зээл авдаг байсан бүх систем байхгүй болсноор Монгол Улс өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх зам дээр гарч ирсэн. ЗХУ задарч 14 улс болж, социалист системийн том задрал тэнд бий болсон. Нөгөө талаас 1986 онд Хятад улс Тянь Миний талбайд гарсан оюутны хөдөлгөөнийг цэргийн хүчээр дарсан мэдээ дэлхий нийтийн чихэнд хүрсэн цаг үе байв. Энэ мөчид Монгол Улс өөрөө өөрийгөө авч явах боломж гарч ирсэн. Хамгийн гол нь монголчууд энэ “Үүлэн чөлөөний нар” шиг түүхэн боломжийг өөртөө сайнаар ашиглах боломж бүрдэж, 1990 оны долдугаар сарын 29-нд анхны ардчилсан сонгуулийг явуулсан. Энэ нь түүхэнд анхны чөлөөт ардчилсан сонгууль гэж тэмдэглэгдсэн. АИХ, Улсын Бага хурал, УИХ-д ажиллаж байсан хүмүүс ч ингэж нэрлэж, дурсч, ярьж ирсэн. Өмнө нь Намын Төв хорооны Улс төрийн товчооны есөн гишүүний гаргасан шийдвэрийг Сайд нарын зөвлөл буюу засгийн газар нь хэрэгжүүлж ирсэн байдаг. Анхны энэ сонгуулиар нам төрийн үйл ажиллагааг салгаж БНМАУ-ын Засгийн газрыг байгуулж, Дашийн Бямбасүрэнг Ерөнхий сайдаар томилж байв. Мөн Улсын Бага хурлыг байгуулж, анх удаа БНМАУ-ын Ерөнхийлөгчөө сонгож, Дээд шүүхийн дарга, Улсын прокурорыг томилж, шүүх засаглалыг анх удаа бие даасан байдлаар байгуулсан нь шинэ алхам байлаа” хэмээн өгүүлж байна. Ингэж ардчилсан сонгууль хийж манай улс ардчиллын замд орсноор дэлхийн банк, олон улсын валютын сан, азийн хөгжлийн сан зэрэг банк санхүүгийн байгууллагын гишүүнээр элсэж, АНУ, Япон улсууд “Монголыг дэмжих” хөрөнгө мөнгө босгох олон улсын уулзалтуудыг зохион байгуулж тэднээс зээл тусламж авч өнөөгийн улс төрийн бие даасан бодлогын эхлэлийг тавьж чадсан билээ.

Ийнхүү анхны ардчилсан сонгуулиар сонгогдсон 430 депутат 1992 оны нэгдүгээр сарын 13-нд ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан түүхтэй.  

Үргэлжлэл бий.

QR-тай, аудио хэлбэртэй, хос хэлтэй ном нээлтээ хийлээ
Шинэ цэвэрлэх байгууламж ирэх наймдугаар сард ашиглалтад орно
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...