Уншиж байна...

Уншиж байна...

Д.Осгонбаяр: Дууны шуранхай авах үед нутаг минь нүдэнд харагддаг
Цаг үе 

Д.Осгонбаяр: Дууны шуранхай авах үед нутаг минь нүдэнд харагддаг

Oyuk Oyuk
2 сарын 13, 2023

Ч.Ариунганга 

 Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Осгонбаяр ардын дууны “Өөшгөө юу даа”, зохиолын дууны “Наран мандах нутаг” хос цомгийнхоо нээлтийг  өнөөдөр хийлээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-Нэг ярилцлагадаа “Ганга нуур минь шувуудаа тосохоор цөнгөө түрж байгаа даа. Хүүхэд байхад усны шувуудаа тосон гэгэлзэж, нуураа дүүрээд ирэхэд сэтгэл хүртэл халгиад ирдэг байлаа” хэмээсэн ярьсан чинь санаанд орж байна. Ирж байгаа энэ хаврыг, гарч буй туулай жилийг хос цомогтой угтаж байна. Баяр хүргэе, манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу? 

-Баярлалаа. Өдийд Ганга нуур минь шувуудаа тосохоор цөнгөө түрж байгаа, нутаг усныхан зон олон, монголчууд даяараа Цагаан сарын баяртаа бэлдэж хөл хөөр болж буй сайхан цагаар хос цомгийнхоо нээлтийг хийж байгаадаа үнэхээр баяртай байна. Ээж минь уртын сайхан дуугаа талаа дүүртэл дуулж, гөеө /эмээ/ маань ирж буй цагийг тэнгэр бурхандаа залбиран угтдаг ийм л дүр зураг сэтгэлд бууж байна даа. Театрынхаа хамт олонтой, үзэгч, сонсогчид, ойр дотныхон, хэвлэл, мэдээллийнхэн гээд олон сайхан хүмүүстэй энэ сайхан баяраа хуваалцаж байгаадаа маш их талархаж байна.  

-“Наран мандах нутаг” дуу бол  танай нутгийн сүлд дуу болсон сайхан бүтээл. Энэ цомогт өөрийн чинь дуулсан “Оюу Нанаа”, “Ээлтэй хорвоо”, “Ганга нуурын шувуу” гээд сайхан дуунууд багтсан нь ойлгомжтой. Харин “Өөшгөө юу даа” цомогт үзэмчин, дарьганга дуунууд багтсан гэж ойлголоо?  

-Цомог маань нэг нь 16, 17 орчим дуутай. “Наран мандах нутаг” цомогт маань дан зохиолын дуунууд багтсан. Манай Сүхбаатар нутаг дарьганга, үзэмчин ардын дуугаараа  баялаг сантай. Нутгийнхаа хүн ардын үеийн үед дуулж ирсэн, өнөө мартагдах шахсан дарьганга, үзэмчин ардын дууг багтааснаараа энэ цомог маань онцлог. Өөшгөө гэдэг нь найз гэсэн утгатай нутгийн аялгууны үг юм. Уртын дуу өөрөө их увдистай. Дуулж байхад сэтгэл зүрхээрээ алсын алсад алсраад нисчих шиг санагддаг. Дууны шуранхай авах үедээ тал сайхан нутаг нүдэнд харагдаад л ирдэг. Тийм болохоор дуулахгүй байхын аргагүй, манай нутгийнхан дуунд дуртай, сайхан  ч дуулдаг ард түмэн шүү. 

-Багадаа хурдан морь унаж хөдөө өссөн гэсэн. Урлагт хөл тавьсан түүхээ эргэн дурсвал?

-Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын V багийн нутагт айл. Би аав ээжээс дөрвүүлээ. Хоёр ах, нэг эгчтэй. Айлын отгон хүүхэд. Хөдөө өссөн болохоор хурдны морь унадаг байлаа. Наадмаар айл, саахалтынханд уригдаж морь унана. Ах дүүсийнхээ морийг унаж өгнө. Ах нартайгаа хамжаад даага сургана. Аав ээждээ тус дэм болж, морин тэргээр ус авна, хонио хариулна. Тэгж явахдаа дандаа дуулна. Морио унаад салхи татуулан давхингаа дуулж явах чинь бас л сайхан шүү дээ. Ер нь би багаасаа дуучин болохыг мөрөөдөж өссөн. Тэр хүсэл мөрөөдлөө биелүүлж яваадаа баярладаг. Тэр дотроо үндэсний урлаг бол бидний зайлшгүй хамгаалж, хайрлаж явах ёстой өв соёл гэж үздэг. Тиймээс монгол ардын дуу, уртын дуугаа түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх чин хүсэл эрмэлзэлтэй явдаг даа. Ардын дуучин, уртын дуучин гэсэн сайхан мэргэжлийг өвлөж, энэ чиглэлээр түлхүү ажиллаж, уран бүтээл хийдэг.

-Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ гуай бол яг өөр шиг чинь  хурдан  морь унаж, хонь хариулж явсан жаахан охин Бүх ард түмний урлагийн үзлэгт орж, тэндээсээ шалгарч дуучин болсон гэдэг.Та хоёрын замнал их төстэй санагдлаа?

-Хөдөө байхад ээж минь Ш.Чимэдцэеэ эгчийн сайхан дуунуудын бичлэгийг тавиад сонсдог байлаа. Тэр тусмаа уртын дуунуудыг нь бүр ч их сонсдог байсан. Тэр үед би хүүхэд байсан болохоор уртын дуу сонсохоор нойр хүрээд ч байх шиг. Нэг л залхах байдалтай. Хажуугаар нь гарахдаа унтраачихдаг ч юм уу, тиймэрхүү үйлдлүүдийг хийнэ. Гэхдээ л ээж минь байнга сонсдог учраас Ш.Чимэдцэеэ эгчийнхээ сайхан дуунуудыг хамт сонсож өссөн. Тэр нь хожим надад их нөлөөлсөн шиг байгаа юм. Манай ээж бас их сайхан дуулна. “Вандан хээр” гэж морины дууг сайхан дуулна. Мэргэжлийн хүн биш атал нарийхан цанинаж жингэнэсэн, дээд цээл хоолойгоор гайхалтай сайхан дуулна. Би бол ээжийнхээ хаана нь ч хүрэхгүй.

Урлагийн замд орсон тухайд би их урт түүхтэй. Хөдөө аав ээжтэйгээ мал маллаж байгаад аймгийн Хөгжимт жүжгийн “Жаахан шарга” театрт очиж шалгуулснаар дуучин болох гарааг эхэлсэн. Үүний өмнө сумын төвд дууны караоке уралдаан болно гэсэн зар тарж, ах маань намайг мотоциклиор хүргэж өгсөн юм. Тэр уралдаанд оролцож түрүүлсэн. Харин шагнал нь аймгийн театрт дуучнаар ажиллахаар шалгуулах эрх байсан. Ингэж дагалдан дуучин болсон юм. Ажиллаж байхдаа 2005 онд СУИС-д шалгалт өгч, эчнээ ангид элсэн орж, 2009 онд уртын дуучин мэргэжлийг эзэмшиж төгссөн.

-Үндэсний урлагийн их театрт хэдэн онд орсон бэ?

-Үндэсний Урлагийн их театрт 2017 онд орсон. Ер нь л Сүхбаатар аймгийнхаа театрт байхаас хот руу орьё. Уран бүтээлч хүн хөгжиж дэвших хэрэгтэй гэсэн бодол төрж байсан. Ингээд Улаанбаатарт ирсэн. Үндэсний урлагийн их театрын дуучин болоод 5-6 жил болж байна. Манай Үндэсний урлагийн их театр бол асар том айл. Энэ сайхан театрт орсноор Монголынхоо өв уламжлал болсон ардын дуу, уртын дууг түлхүү дуулж явахыг л хичээж байна. Бид монгол хүн болж төрснөөрөө бахархаж явах хэрэгтэй. Өнөөдөр дэлхий нийт “Монгол Улс ямар тайван орон бэ. Ямар өргөн уудам тал нутагтай юм бэ” гэж бахархаж байна шүү дээ. Бид Монголоороо бахархаж, өв соёлоо дээдэлж, тэр тусмаа Монголынхоо гол цөм болсон үндэсний урлаг гэдэг их соёлоор бахархаж явах хэрэгтэй гэж боддог

-Анхны уран бүтээл, олон таниулсан дуу гэвэл?

-Миний хамгийн анхны уран бүтээл “Наран мандах нутаг” дуу юм. Тийм болохоор ч тэр үү, түүнээс хойш надад санал тавьсан, ирсэн, таалагдсан бүхий л уран бүтээл ер нь нутгийн сэдэвтэй болоод явчихсан. Гэхдээ би заавал нутгийн тухай дуу дуулна, ийм сэдэвтэй дуу дуулна гэж сонгодоггүй л дээ. Цаанаасаа заяачихсан юм шиг л ирээд байдаг. Хамгийн анх “Наран мандах нутаг” гэдэг сайхан дууг дуулж олон түмэнд танигдсан болохоор ч тэр үү, нутгийн сэдэвтэй дуу миний урын санд олон бий. Дээр нь хөдөө өссөн хүүхэд болохоор, тэр сайхан тал хээр нутгаа харж өссөн учир нутгийнхаа тухай дууг дуулахад уул ус, хад чулуу нь хүртэл нүдэнд харагдаад илүү амьтай, илүү дотогшоо нэг л гоё мэдрэмж төрдөг.

-Одоо бол урын сандаа олон дуутай болсон байх?

-“Наран мандах нутаг” гэдэг дууг дуулсандаа өөрөөрөө бахархаж, уран бүтээлдээ улам бүр хайртай болж, аль болох сэтгэлээ шингээж дуулахыг эрмэлзэж байдаг даа. Ер нь өөрийн дуулсан бүх дуунд  хайртай. Энэ хүртэл ардын богино дуу болон зохиолын дуу олныг дуулж, үзэгч сонсогчдод хүргэжээ. Монгол ардын уртын дуунаас “Урьхан хонгор салхи”, “Уяхан замбуутивийн наран”, “Жаахан шарга”, “Торой банди”, “Магнай түргэн”, “Сүмбэр Алтан овоо”, “Ар хөвчийн унага”, “Олом нь үгүй далай”, “Эрхэм төр”, “Энх мэндийн баяр”, “Зээр¬гэнтийн тал” зэрэг дууг дуулж, урын сангаа баяжуулаар ирлээ.

-Олон тоглолт хийв үү?

-“Наран мандах нутаг” дуугаараа нэрлэсэн бие даасан тоглолтыг Сүхбаатар аймгийнхаа бүх сумыг тойрч, Дорноговь, Говьсүмбэр аймаг, нийслэлийн Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорнод, Дархан-Уул, Хэнтий аймаг болон Эрдэнэтийн үзэгчдэд хүргэж байлаа, 2016-2018 онд. Улаанбаатарт ирээд Үндэсний урлагийн их театрын тайзнаа тавигдсан Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой”, “Үлэмжийн чанар”, “Нарны домог” дуулалт жүжиг, “Нүүдэлчдийн аялгуу”, “Наран мандах талын Монгол” тоглолт, “Уул усны шивнээ” концертын уран бүтээл, Ардын хувьсгалын ойн баярын, Ерөнхийлөгчийн нэрэмжит “1000 ээжийн” баярын, Д.Сүхбаатарын талбай дахь наадмын, ”АСЕМ”-ийн цуврал, “Дэлхийд гайхагдсан монгол урлаг” зэрэг тоглолтод дуулсан.

-Энэ мөчид үзэгч, сонсогчдодоо хэлэхийг хүсэж байна вэ? 

-Бар жил “Яруу эгшиглэнт” тоглолтоо үзэгч түмэндээ хүргэж, өнөөдөр хос цомгийнхоо нээлтийг хийж байна. Уран бүтээлийн олзтой сайхан жил байлаа. Туулай жилд ч шинэ сайхан бүтээлүүд гаргах их урам зоригийг цуглуулж  авлаа. Дуунд дуртай үзэгч, сонсогчид минь сайхан шинэлээрэй, сайхан бүхнийг ерөөе.

Аврах багийнхан эрдэнэт хүний амийг аварч эхэллээ
Шинэ багшийг ажилд нь гаршуулах менторшип хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов
Spectr author
Oyuk
Хөгжүүлэгч
Веб сайтын хөгжүүлэлтийн ажилтан, ЦАСТ СОЛЮШН ХХК
Уншиж байна...

Уншиж байна...